Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын Уран Зохиолч Пунцагийн Бадарчид өнөөдөр Монгол Улсын Төрийн шагнал хүртээхээр болжээ.
Шагнал гардуулах ёслол Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө гэрт 11:00 цагаас болно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Яруу найрагч П.Бадарч 1960 оноос уран бүтээлээ эхэлж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн”, “Би энэ байна”, “Намрын хонгор салхи” зэрэг яруу найргийн 10 гаруй ном хэвлүүлжээ.
Тэрээр 1981 онд “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол тус тус хүртсэн юм.
П.Бадарч найрагч 1987 онд “Тэмээ” шүлгээрээ “Болор цом”-ын эзэн болж байжээ.



