Дорноговь аймгийн Айраг сумын нутагт ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ.
Тодруулбал, Айраг өртөөний 04-р километрийн гарам дээр ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол хоёрдугаар сарын 1-ний 01:00 цагт гарсан байна.
Ачааны 3651 дугаартай галт тэрэг том оврын VOLVO маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас нэг хүн нас барж, хоёр хүн гэмтжээ. Ачааны машин Бор-Өндөр сумаас Айраг сумын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар төмөр замын ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн байна.
Осол гарах үед төмөр замын гарамын улаан гэрэл анивчиж байсан ч ачааны машин зогсолгүй аажмаар урагшилсаар галт тэргэнд мөргүүлсэн байна.
Машинд жолоочоос гадна гурван зорчигч явсан бөгөөд гал тэрэгний төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг урьд шөнө буюу хоёрдугаар сарын 01-ний 02:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 6 км зам туулан очиж, 47 минут ажиллаж, иргэн П /36 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гаргаж, Айраг сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Мөн автомашины жолооч Б нас барсан байсныг цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Албаны хүний хэлж буйгаар галт тэрэг хурдаа хасч, бүрэн зогсох хүртэл ойролцоогоор нэг км зам туулдаг аж.



