Засгийн газрын ээлжит хуралдаанаар Арабын Бүгд Найрамдах Сири Улсад олон хүний амь эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирч байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Тусламжинд хөнжил, гудас, хичээлийн хэрэглэл, анхны тусламжийн иж бүрдэл зэрэг байх ба худалдан авах, хүргэхэд шаардагдах хөрөнгийг Монгол улсын засгийн газар гаргах юм байна.
Монголын улаан загалмайн нийгэмлэг “Хайрцаг дүүрэн хайр” аян өрнүүлж 1000 хүүхдэд тусламж үзүүлэхээр бэлдэж байгаа аж. Сири улсын 13 сая хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байгаа бөгөөд зургаан сая нь хүүхэд юм.
Засгийн газрийн товч мэдээ:
- “Төрийн жинхэнэ албаны тусгай болон ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ын төслийг зарчмын хувьд дэмжив. Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурт харилцааны болон ёс зүйтэй холбоотой шаардлагыг нэмж тусгах, ач холбогдолгүй, шаардлагагүй материал бүрдүүлэх зэргээр иргэдэд хүндрэл үүсгэхгүй байх, шалгалт авах байр, бусад нөхцөлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хэлбэрээр бүрдүүлэх зэргийг нэмж тусган Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр болов.
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
- БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Зола Брос” хамтлагийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно. Хамтлагийн уран бүтээлчид Т.Будын найруулсан “Хувьсал” үзүүлбэрээрээ алтан медаль хүртсэн байна.



