Баянгол дүүргээс 2016 онд Их хуралд нэр дэвшин, сонгогдсон Ж.Ганбаатар гишүүн нэгдүгээр сарын 26-ны өдөр тойргийнхоо ахмадуудтай уулзаж, гарын бэлэг тараасан байна. Гишүүний тараасан бэлгэнд хоёр кг гурил, цагаан будаа, тавгийн чихэр тус бүр нэг нэг кг байсан аж.
Уг уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүний тараасан бэлгийг авах гэж шахцалдаж, үймсэн олон хүний хөлд 83 настай эмэгтэй унаж дарагдсан байна. Зохион байгуулагчид нь түргэн тусламж дуудсан боловч өндөр настан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Талийгаач уг уулзалтад 54 настай хүүгийнхээ хамт очсон байна.
Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс хэргийн талаар тодруулахад “Ийм хэрэг гарсан, шалгаж байгаа” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслахтай утсаар холбогдож, хэргийн талаар тодруулахад “Тийм зүйл болсныг мэдэхгүй байна” гэсэн хариулт өгчээ.
Яаралтай түргэн тусламжийн төвөөс болсон явдлын талаар лавлахад “Улаанбаатар паласт өндөр настай хүний бие муудлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очсон ч эмнэлгийн тусламж үзүүлэхээс өмнө амьсгал хураасан байсан. Болсон явдлын талаарх нарийн мэдээллийг бид цагдаагийн байгууллагад өгсөн. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариулт хэлсэн юм.
Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, иргэдтэй уулзах талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өмнөх өдөр нь зар тарааж байв.
Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхий сайд арга хэмжээнд оролцож, ахмадуудын дунд зохион байгуулсан хонжворт сугалааны азтануудад шагналыг нь гардуулсан байна.
Гэвч золгүй явдал болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, зарим сайтаар мэдээлэл нь цацагдаж эхэлмэгц Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Ерөнхий сайд уг арга хэмжээнд оролцоно гэсэн зараа устгасан байна.



