Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Тэгвэл Т.Даваадалай болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн тухай АТГ-аас мэдээлжээ.
Тодруулбал, эхнэр Б.А-ийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хууль бус гүйлгээ хийсэн, үүнийхээ хариуд 2025 оны 4 сарын 9-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, мөнгө угаасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан байна.
Сануулахад, Т.Даваадалай нь Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн менежер, захирал Т.Мөнхдалай, “Тойрог авто зам” төслийн менежер, захирал А.Ербол болон нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нар нь бүлэглэн гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлыг гүйцэтгэх явцад цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчилсөн гэмт хэрэгт буруутгагдаад байгаа юм.



