x

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд “ХӨГЖИХ” боломж нээгдлээ

БНХАУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг байгууллаа. Энэ төвийн түлхүүрийг БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт гардууллаа. Манай улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн цогц үйлчилгээний төв нээгдэж байгаагаараа онцлог юм.

Сонсголонгийн гүүрний зүүн хойд талд баригдсан тус төвийг Монголын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, түүний өмнөх сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Ундраа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар болон тус төсөлд гар бие оролцсон хоёр орны төлөөлөгчид оролцлоо.

Энэ төсөл 80 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөөр бий болсон

Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2017 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 103.630 иргэд байгаа гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл манай улсын нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна гэсэн үг. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 11 хувь буюу 11.453-ийг нь 0-17 насны хүүхэд эзэлдэг. Эдгээр хүүхдүүдийн 1281 нь харааны, 856 нь хэл ярианы, 848 нь сонсголын, 2571 нь хөдөлгөөний, 2000 нь сэтгэцийн, 1188 нь хавсарсан, 2709 нь бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, 594 нь тэргэнцэртэй, 5648 нь байнгын асаргаанд байдаг аж. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цогц төвтэй болох асуудлыг анх 2014 онд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачилсан байна. Тэрээр энэ тухайгаа “2014-2015 он хүртэл хугацаанд Хятадын Засгийн газарт тус улсын хөрөнгө оруулалтаар энэ ажлыг эхлүүлэх санал тавьсан. Энэ төсөл 2016 оны дөрөвдүгээр сард Хятадын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэрээ барилгын шав тавьснаар албан ёсоор эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас 2015 оны улсын төсвөөс 2.6 тэрбум төгрөг суулгаж инженерийн шугам сүлжээг нь татсан. Бусад бүх зардал, хөрөнгө Хятад улсын талаас гарсан. Энэхүү төв нь нэг ээлжиндээ 250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай, иж бүрэн үйл ажиллагааны гурван корпустай, нийт гурван га газар талбайг эзэлж байгаа том хэмжээний обьект юм. Нийт бүтээн байгуулалтын зардал 30 орчим сая ам.доллар буюу 80 орчим тэрбум төгрөгөөр зөвхөн барилгын ажил гүйцэтгээд зогсохгүй ажиллах боловсон хүчин бэлтгэх, эмчилгээний тоног төхөөрөмж зэргийг бүх зардлыг шийдсэн” гэв.

Монгол, Хятад хоёр хөрш “Найрамдлын барилга”-тай боллоо

ХНХ-ийн сайд С.Чинзориг тус төвийн түлхүүрийг гардан авах үеэр “Монгол, Хятад хоёр хөрш орны “Найрамдлын барилга” болсон энэхүү төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг эмчилгээ хийх амбулатори, нөхөн сэргээх эмчилгээний хэсэг, сургалтын болон хэвтэн эмчлүүлэх хэсгээс бүрдэж буй бөгөөд хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан цогцолбор гэдгээрээ онцлог юм. Хөгжлийн бэрхшээлтэй 250 хүүхдэд өдрөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна 250 хүүхдийг хэвтүүлж эмчлэх хүчин чадалтай нөхөн сэргээх энэхүү төв ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цаг алдалгүй эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхийн хамт төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нарийн үзлэг, шинжилгээ хийдэг болох юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдэд зориулсан сургалт явуулах, асаргаа сувилгааны мэдлэг олгох боломж бүрдэж байна. Тус төвийн үйл ажиллагааны зардал, орон тоо, санхүүжилтийг Засгийн газраар шийдүүлж 2019 оны улсын төсөвт тусгуулсан. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын хүрээнд тус төвд нэн шаардлагатай байгаа дагалдах бүтээн байгуулалтын нэмэлт гэрээг эцэслэн төвийн орц гарц, дулааны шугамын дээгүүр төмөр бетон гүүр барих, ногоон байгууламж, хүүхдийн спорт талбай байгуулах, гэрэлтүүлэг хийхээс гадна 155 нэр төрлийн эмнэлэг, сувилгааны тоног төхөөрөмжийг нэмж авах шаардлагатай байсныг шийдвэрлүүллээ. Тус төвд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 350 хүнийг БНХАУ-д сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулахаар болсон. Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж 20,4 сая ам.долларын хөрөнгөөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор”-ыг барих ажил энэ онд эхэлнэ. Энэхүү цогцолборт тив, дэлхийн хэмжээний тэмцээн явуулах боломжтой заал, талбайтайгаас гадна фитнесс, жүдо бөх, хүндийн өргөлт, таэквондо, сагсан бөмбөг, суугаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, байт харваа, хонхот бөмбөг, буудлага зэрэг пара спортын 10 төрлөөр зэрэг хичээллэх боломжтой олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий танхимуудтай байх юм” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 14-21 хоног хэвтэн эмчлүүлэх боломжтой

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг “Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах үйлчилгээ цогц хэлбэрээр байгаагүй. Өөр өөрсдийн дүүрэг хороон дээрээ юм уу эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн санаачилсан жижиг сэргээн засалтын төвүүдэээр хүүхдүүд үйлчлүүлж байсан бол энэ төвийг байгуулснаараа Монгол Улсын хэмжээнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх цогц төв бий болсноороо онцлог юм. Тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн нарийн мэргэжлийн шинжилгээ, оношилгоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээг авах болон өөрсдийн хэрэгцээ шаардлагад тохирох энгийн туслах хэрэгсэл (протез, ортопед)-үүдийг хийлгэх боломж бүрдлээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нь өдрийн үйлчилгээ, түр байршуулан сэргээн засах үйлчилгээ, явуулын үйлчилгээ гэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна. Мөн тус төв нь хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, хөгжлийг дэмжих хөтөлбөр, техник, технологийг эмчилгээ, оношилгоонд өргөн нэвтрүүлэх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засалтыг цогцоор нь үзүүлэх, нотолгоонд суурилсан сэргээн засах тусламжийн онолтыг хэрэгжүүлэн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх гэсэн стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг баримтлан ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар энэ төвийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, цаашид ажиллах боловсон хүчнийг мэргэшүүлэх, сургах, сонгоход зохих ёсоор хамтарч ажиллана. Энэ жилйн улсын төсөвт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв”-ийн нийт орон тооны 50 хувь, үйл ажиллагааны зардлын 50 хувь тусгасан учраас энэ төв үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүрэн боломж бүрдсэн. Цаашлаад энэ төвтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдэдээ тулгардаг хүндрэл бэрхшээл, асуудлаа мэддэг, тэдний хэл, хөдөлгөөн хөдөлмөр заслыг хийж чаддаг онцлогтой учраас хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мөрдөгддөг стандартын дагуу бол 350 орчим хүн ажиллах ажлын байртай. Гэхдээ энэ жилийн хувьд нийт 189 хүний орон тоо батлагдсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулаад зориод ирэх газартай боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны тэргүүн Д.Тунгалаг “Хөгжлийн бэрхшээл гэдэг өвчин биш. Энэ бол хүний олон янз байдлын нэг. Тэгтэл үүнийг ойлгодог мэргэжлийн тусламж үйлчилгээ, боловсролын тусламж үйлчилгээ манай улсад туйлын харанхуй хөгжиж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ эмчлэхийн тулд лам, бөө, эмнэлгээр эдгээчих найдлага тавиад явж байх хооронд хүүхдийн хөгжил нь хоцорч, сургуульд орох нас нь өнгөрч нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох боломжгүй болдог. Ингээд насан туршдаа халамж авсан иргэн болж хувирдаг. Тэгэхээр энэ төв байгуулагдсан ач холбогдол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулаад зориод ирэх газартай боллоо. Өөрөөр хэлбэл миний хүүхдэд ямар төрлийн хөгжлийн бэрхшээл үүсээд байна. Үүнд ямар төрлийн сэргээн засах үйлчилгээ авах талаар мэргэжлийн туслалцааг цаг алдахгүй авах газартай болж байгаа юм. Өмнө нь гурван шатны эмнэлгээр яваад цаг зав, хөрөнгө санхүү, сэтгэл санаагаараа хохирдог байсан. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд маань хотод ирж эмнэлэгт үзүүлээд, буцаад нутаг яваад дахиж эргэж ирэх нь туйлын хүндрэлтэй байдаг. Харин одоо шууд энэ төвдөө ирж эмчлүүлэх, оношлуулах, илрүүлэх, улмаар хэл засал, хөдөлгөөн засал авч тухайн хүүхдийн биеийн ерөнхий хөгжил бүрдэх боломж нээгдэж байна. Эдгээр сэргээн заслын үйлчилгээг авснаараа боловсролын үйлчилгээнд хамрагдахад нь хялбар болдог. Тэд бие даан өөрийгөө авч явах, гар хөлийнх нь хөдөлгөөн зүгшрэх, нийгмийн сэтгэлзүйн харилцаанд орох чадвар нь хөгждөг. Ингээд боловсролын бүх шатны тогтолцоонд хамрагдаад улмаар ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд бие даан оролцож, өөрийнхөө хувь нэмрийг улс орныхоо хөгжилд оруулсан иргэн болж төлөвших чухал боломж хүүхдүүдэд маань нээгдлээ гэж бодож байна.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бол манай улсын хамгийн эмзэг бүлэг. Боловсролоос хамгийн их завсарддаг. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40 хувь нь л бага боловсрол эзэмшиж чадсан байна” гэв

Бүтээн байгуулалтын ажлыг дагаад хөгжил ирнэ

Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа “Энэ байгуулламжийг анх баригдаж эхлэх үеэс нь миний бие оролцож байсан. Өмнө нь намайг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед тухайн үеийн ХАХНХ-ын сайд байсан С.Эрдэнэ гишүүний санаачилгаар энэ байгууламж баригдах эхлэл тавигдаж байлаа. Уг төсөл дэмжигдсэний дараа Монголын талыг дэд бүтцийн асуудлыг хариуцах ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд олон ажил хийж өмнөх параламентаар шийдвэрлүүлжээ. Энэ бол Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлаж байна. Энэ байгууламжийн газар анх хувийн эзэмшилд байсан. Ингээд эзэдтэй нь тохироод бүрэн чөлөөлсөн. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг биш. Нөхөн сэргээх цогц төв. Энэ бүтээн байгуулалтыг дагаад энэ хавийн орчин тойрон давхар хөгжинө. Хөдөө орон нутгаас хүмүүс ирнэ. Ингэхээр эцэг эхчүүдэд зориулсан дэлгүүр, зоогийн газар, зочид буудлууд гэх мэт үйлчилгээ газрууд хөгжинө. Ингэснээр манай дүүргийн иргэд амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэж байна.

Цаашид Хятад, Монгол хоёр орны харилцаа шинэ түвшинд гарна

БНХАУ-ын Элчин сайд Шин Хай Мин “Энэ төсөл бол хоёр улсын хоорондын эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон томоохон төсөл байлаа. Цаашид Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сайн сайхан амьдралын төлөө зүтгэх боломж олгосондоо баяртай байна. Мөн цаашид манай улсын газрын буцалтгүй тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборыг барих гэх мэт олон ажлуудыг эхлүүлээд байна.Монгол Улс бол манай улсын сайн хөрш юм. Бид сайн хөрш орныхоо хүсэл зорилгыг дэмжихдээ итгэл дүүрэн байна. Энэ жил манай улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа. Манай улс байгуулагдаад удаагүй байхдаа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон. Цаашид бид олон ажлыг хамтран хийж хоёр орны нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаа улам үргэлжилнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Хоёр орны харилцаа цаашид шинэ түвшинд гарна гэж бодож байна

Хятадын барилгын салбарын хүчин чадлыг харуулсан томоохон ажил боллоо

Төслийг гүйцэтгэсэн БНХАУ-ын “Зун Юань интернэшнл инжененринг” компанийн гүйцэтгэх захирал И Жун хэлсэн үгэндээ “ Энэхүү Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд Хятад улсаас Монгол Улсад үзүүлсэн төслүүдээс хамгийн том тусламжийн ажил юм. Энэ төв нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн хөгжилд ашиг тусаа өгч, тухайн бүс нутгийн иргэдэд хүртээмжтэй, хэрэгцээтэй байж хоёр орны найрамдалт харилцааг бататгасан нөхөрлөлийн төсөл юм. Хоёр орны Засгийн газраас уг төсөлд өндөр ач холбогдол өгч ажилласан. Энэ барилгын ажилд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашигласан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бүхий л тав тухтай орчинг бүрдүүлснээрээ онцлог юм. Энэ байгууламжийн зураг төсөл нь барилгын чанарыг бүрэн харуулснаар ажил маань амжилттай дууслаа. Барилгын ажилчид болон удирдлагын хичээл зүтгэл энэ ажилд бүрэн шингэж аюулгүй байдал, чанарын баталгааны зарчмыг өндөр түвшинд хангаж, барилгын норм, норматив, техникийн үзүүлэлтийг хатуу мөрдөн ажилласан. Тиймээс уг барилга манай улсын барилгын салбарын хүчин чадлыг харуулсан томоохон ажил боллоо. Мөн төсөл дууссаны дараа ч барилгын бүхий л хэсгийн үр ашиг, чанарыг бид баталж ажиллана.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • aaa (202.21.106.113)
    MAH-iinhan yu ch hihgui tegehd muulaad baidag erdenee Odnoo 2 buhel buten tuv barichih yumaa
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 11 цаг 19 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 11 цаг 23 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 11 цаг 23 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 11 цаг 26 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 11 цаг 29 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 11 цаг 34 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 11 цаг 36 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 11 цаг 38 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 11 цаг 40 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 11 цаг 43 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 12 цаг 25 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 12 цаг 30 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 12 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 12 цаг 35 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 14 цаг 4 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 14 цаг 12 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 14 цаг 15 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 14 цаг 16 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 14 цаг 18 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 14 цаг 20 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top