Сүүлийн үед олны анхаарал татаж, олон нийтийн сүлжээгээр хэлэлцүүлэг өрнүүлээд буй, хүний амь нас хохирсон хэргүүдийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас албан ёсоор мэдээлэл хийлээ.
Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэргийг шалгаж дууссан бөгөөд талийгаачийн өмгөөлөгч өчигдрөөс хавтаст хэргийн материалтай нь танилцаж эхэлсэн байна.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал: "Хэрэг гарснаас хойших гурван сарын хугацаанд мөрдөн байцаагчид талийгаачийн хувийн харилцаа, хань хамсаатнуудын талаар нэлээд өргөн хүрээтэй шалгах ажиллагаа явуулсан" гэв.
"Гадуур яригдаж буй тодорхой сэжиг, таамгуудыг мөн шалгасан бөгөөд хохирогчийн ээжийг хүлээн авч уулзсан байна. Цагдаа нар хэргийг бүрэн шалгахгүй байгаа, өндөр албан тушаалтны хүүхэд холбогдсон зэрэг олон нийтийн сүлжээгээр яваад байгаачлан цагдаагийн байгууллага бусдын нөлөөнд автаж, нотлох баримтыг нууж хаасан зүйл огт байхгүй.
Сэжиглэгдэж байгаа бүх хүнийг шалгасан бөгөөд эрүүгийн хэргийн оролцогчдыг нэр дурдах боломжгүй байдаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын нууц гэж бий. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй учраас" хэмээн тайлбарлалаа.
Мөн Францад байгаа Гэрэлхүү гэдэг иргэн дөрвөн хүн виски бариад орсон тухай мэдээлэл өгсөн. Ерөнхий сайд энэ чиглэлээр анхаарч, шалгах үүрэг өгсөн. Тиймээс цагдаагийн байгууллага энэ мэдээллийн дагуу хэргийг үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ.




Сэтгэгдэл (1)