Монгол модель загварын агентлагийн модель, "Mongolian next top model" 2018 уралдааны оролцогч 22 настай Ч.Чамин-Эрдэнэ өнгөрсөн оны аравдугаар сард зуурдаар нас барсан билээ. Уг хэргийг гаднын нөлөөтэй байж магадгүй гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллага гурван сар шахам хугацаанд мөрдөн шалгасан юм. Энэ хэргийн шалгалтын ажиллагаа дуусч хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ прокурорын байгууллагад хүргэжээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр мэдээлэл хийлээ. Мөрдөн шалгах явцад талийгаачийн үхлийг гаднын нөлөөгүй гэж тогтоосон байна.
Мөн сүүлийн үед талийгаачийн нагац ах болох иргэн Г нь ор үндэслэлгүй худал мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тарааж байгаа тул түүний нэр дээр "хүний амь нас хөнөөсөн ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн" гэдэг үндэслэлээр иргэний гомдол ирсэн учир хэрэг бүртгэл нээн ажиллаж шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэв.



