"Бид уучлахгүй" цахим жагсаалд нэгдсэн залуусын төлөөлөл албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, "Бид уучлахгүй хөдөлгөөн" ТББ хэлбэрээр үүсгэн байгуулагдсан талаараа мэдээлэл хийлээ.
Уг байгууллагын гол зорилго нь авлигын эсрэг залуучууд тэмцэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд олон улсын арга туршлагыг ашиглан Монголд нүүрлээд буй авлигатай тэмцэнэ гэдгээ тэд илэрхийллээ.
Транспаренси интернэшнл олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн 49% нь авлигыг үгүй болгоно гэдэг итгэлгүй болжээ. Тэд "Авлигын эсрэг тэмцвэл үр дүн гарахгүй" хэмээн үзсэн байна. Түүнчлэн авлигын талаар хэн ч АТГ-т мэдээлэл өгөх эрх нээлттэй байдаг ч мэдээлэл өгсөн хүний ажил албан тушаал, гэрийн хаяг зэрэг бүхий л хувийн мэдээллийг шаарддаг тул иргэдийн 39% нь энэ талаар мэдээлэл өгөхөөс айдаг байна.
Тиймээс авлигатай тэмцэх ажлыг үр дүнд хүргэж, иргэдийг идэвхжүүлэх үүднээс "Бид уучлахгүй хөдөлгөөн"-ий залуус хоёрдугаар сарын сүүлчээр вэбсайтаа нээж, гар утасны аппликэйшнээ танилцуулахаар төлөвлөжээ. Үүнд иргэдийн хандив хэрэгтэй гэдгийг энэ үеэр хэллээ.
Тэд энэхүү загваруудаа ашиглан иргэдээс авлигын талаар мэдээлэл авахаас гадна цахим гарын үсэг цуглуулдаг болох аж. Тухайлбал, аливаа нийгмийн асуудлаар 10,000 хүн цахим гарын үсэг зурвал Засгийн газар, 100,000 хүн гарын үсэг зурвал УИХ-аар уг асуудлыг хэлэлцдэг олон улсын жишгийг нэвтрүүлэх тухай тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхцэлмэг хэллээ.
Мөн төрийн сангийн зээл, тэтгэлэг, бүхий л хөтөлбөр, төсөл арга хэмжээ зэрэг төрийн байгууллагуудын мэдээллийг ил тод болгох шаардлагыг тавин ажиллах аж.
Үүний тулд таван хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн хувьд боломжтой болохыг мөн судалсан байна.



