Энэ сарын 14-ний өдөр Шарын голоос Дархан-Ууд аймгийн төв рүү галт тэргээр зорчиж явсан ээж галт тэргэнд хүүгээ төрүүлсэн юм. Н.Мөнхцэцэг даргатай зургаадугаар цувааны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар хүүг эх барьж авцгаасан. Хүүг Ганзам гэж нэрлэжээ.
Иймд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн тушаалаар Г.Энхтуулыг “Төмөр замчны алдар”, Ц.Гансүхийг “Тэргүүний төмөр замчин” одонгоор тус тус шагнасан байна.
“Төмөр замчны алдар” одонгийн шагнал 500 мянган төгрөг бөгөөд гэр бүлийн хамт жилд нэг удаа орон нутгийн галт тэргээр (купе) үнэ төлбөргүй зорчих эрхтэй. “Тэргүүний төмөр замчин” одонг 300 мянган төгрөг дагалдах бөгөөд жилд нэг удаа гэр бүлийн хамт хагас зөөлөн галт тэргээр орон нутгийн чиглэлд зорчих эрхтэй.
Шагналыг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гардуулжээ. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс ажилтнуудаа байнга хөдөлмөр хамгааллын сургалтад хамруулан, зорчигчдод хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх талаар заадаг байна.




