Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Бордооны хэсэгт Гахайн африкийн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Дээрх хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэд НМХГ болон дүүрэг МХХ-ийн удирдлага, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Монгол улсад Булган, Төв, Орхон аймгийн зарим суманд гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон хорио цээрийн дэглэм тогтоосон. Одоогоор БНХАУ, ОХУ, ХБНГУ, Бүгд Найрамдах Польш зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хориглох шийдвэр гаргаа байгаа билээ.
Гахайн мялзан өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гэхдээ хүнд халдварладаггүй, хүн халдварыг тээгч болдог байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гахайн мах, өөх, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хэрэглэх тохиолдолд сайтар болгож хэрэглэхийг зөвлөж байна.




