Засгийн газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор хуулиндаа тусгаж өгсөн билээ.
Өнгөрсөн жилээс Цагаан сар болон Үндэсний их баяр наадмаар ахмадуудад “Насны хишиг” олгодог болсон. Энэ жилийн Цагаан сарын “Насны хишиг”-ийг өнөөдрөөс буюу 2019-01-20-ноос эхлэн олгоно.
Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
“Насны хишиг” авах ахмадуудын насыг ангилж, ангилал дагуу хишгийг нь тогтоосон байдаг. Үүнд:
-65-69 настай ахмад настан 50 мянга,
-70-79 настай ахмад настан 80 мянга,
-80-89 настай ахмад настан 150 мянга,
-90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөг олгодог.
“Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.
Хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын хувьд мөнгө нь дансанд байршина. Эдгээр ахмадууд “Насны хишиг”-ээ авахыг хүссэн тохиолдолд гэр бүлийнхээ гишүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой аж.



