Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс "урт цагааны гудаминд алт, мөнгөний ченж нар их хэмжээний мөнгөн аяга, түүний хуулсан металыг тодорхойгүй хүмүүсээс худалдаж авдаг" гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулжээ.
Урт цагаан орчимд зөвшөөрөлгүй алт, мөнгөн эдлэлийн худалдаа эрхэлж буй этгээдүүдээс гарал үүсэл нь тодорхойгүй 30 орчим мөнгөн аягыг хураан авч хохирогчдыг эрэн сурвалжилж байна.
Дээрх Урт цагаан орчимд эд зүйл авдаг иргэд нь ямар нэгэн зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, хувь хүнээс зарж буй эд зүйлийн гарал үүсдийг тодруулахгүйгээр шууд худалдан авдаг байжээ.
Хураан авсан эд зүйл дээр "Хилийн 0225 ангийн цэргийн ангийн хамт олноос дурсгав", "113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав", "Хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс" гэсэн дурсгалын бичиглэлтэй байжээ.
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас хохирогчдыг эрэн сурвалжилж байгаа юм байна. Иймд мөнгөн аягаа хулгайд алдсан иргэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв



