Нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэрэг гарах үед өмссөн байсан цамцыг нь сольсон гэх мэдээлэлд няцаалт хийлээ.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас хэрэгт авагдсан нотлох баримт, анх хэргийн газарт үзлэг хийгдсэнээс хойш одоог хүртэл ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн, алдагдсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаанд прокурорын байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Хохирогч Ч-ийн өмсөж явсан хувцас хэрэглэл, эд зүйл алга болсон зүйл байхгүй.
Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор хяналт тавьдаг. Үүнд хэн нэгэн ТББ мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх байхгүй.
Цагдаагийн байгууллагаас хэрэг шалгагдаж дууссаны дараа хэргийг прокурорт шилжүүлнэ. Энэ хүртэл тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэргийг удаашруулсан, замхруулах гэсэн зүйл байхгүй.
Хэргийг шалгах үйл явц дуусаагүй байхад хэрэгт хөндлөнгөөс саад учруулах гэсэн буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх, элдэв таамаг, худал мэдээлэл гаргахгүй байхыг анхааруулж байна.
Мөн хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байвал Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст мэдээллээ хүргүүлээд шалгуулах боломжтой.
Хохирогчдын зүгээс тавьж байгаа бүхий л санал хүсэлтүүдийг цагдаагийн байгууллагаас хүлээж авч, шалгалтуудыг явуулж байгаа. Сүүлд нэмэлт шинжилгээ томилсон, удахгүй дүгнэлт нь гарна” гэлээ
Уг хэргийг шалгаж дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл прокурорын зөвшөөрсөн хэмжээнд олон нийтэд мэдээлэх аж.




