Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Алтанбулагийн АЗШНОУ-ын боомт /авто замын шалган нэвтрүүлэх олон улсын/ боомт болон Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм.
2025 оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-аас нийт 136.9 мянган тонн ачаа импортолсноос Алтанбулаг боомтоор 110.7 мянган тонн ачаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.5 дахин өсжээ.
Мөн энэ хугацаанд тус боомтоор 30,721 гадаад зорчигч нэвтэрсний 10 хувь нь чөлөөт бүсээр зочилсон байна.
Шадар сайд Х.Ганхуяг чөлөөт бүс нь зөвхөн татваргүй бараа худалдаалдаг газар бус гэдгийг онцлоод, Монгол Улсын бүтээгдэхүүнийг Алтанбулаг боомтоор дамжуулан ОХУ болон Евро-Ази руу экспортлох боломжийг бодитоор бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэлээ.
Мөн тэрээр холбогдох удирдлагуудад хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, тэдний шаардлагад нийцсэн газар олголт, дэд бүтцийн шийдлийг боловсруулах, аймгийн удирдлагуудтай нягт хамтран цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлохыг үүрэг чиглэлийг өгөв.
Монгол Улсын хил гаалиар нэвтрүүлж буй бараа, материалд заавал шалгах ёстой 468 үзүүлэлтийг 100 хувь бүрэн тодорхойлох чадавхыг бүрдүүлж ажиллах, хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний асуудлыг үндэсний аюулгүй байдал, хил, хорио цээрийн тогтолцоотой уялдуулан цогцоор нь шинэчлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг байгааг энэ үеэр Шадар сайд онцлон анхаарууллаа.



