“Лос-Анжелес 2028” зуны Олимпын наадмын тасалбарууд боломжийн үнэтэй байх болно гэдгийг зохион байгуулагчид амлажээ.
2026 оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн хөгжөөн дэмжигчид тасалбар авахаар бүртгүүлж болно гэж зохион байгуулах хорооноос даваа гарагт мэдэгдсэн бөгөөд “Reuters” агентлагийн мэдээлснээр, хамгийн цөөндөө нэг сая ширхэг тасалбарыг 28 ам.доллароор борлуулах ажээ.
“Бүх тэмцээний тасалбарын үнэ 28 ам.доллароос эхлэх бөгөөд энэ нь булан дахь хэдхэн тасалбарын үнэ биш, харин олон тасалбарын үнэ юм” гэж тус хорооны тоглолтын орлого хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Эллисон Кац-Мэйфилд “Reuters” агентлагт мэдээлжээ.
“Бид хамгийн цөөндөө гэхэд, нэг сая тасалбарыг 28 ам.доллароор худалдаалахыг зорьж байгаа бөгөөд нийт тасалбарын гуравны нэг нь 100 ам.доллароос доош үнэтэй байх болно” гэж тэрбээр хэллээ. Хөгжөөн дэмжигчид нэгдүгээр сарын 14-нд бүртгүүлснийхээ дараа тасалбарын сугалаанд оролцож, 2026 оны сүүлчээр тасалбар худалдаж авах эрхтэй болно.
Ирэх онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбарын үнэ огцом өссөн гэх шүүмжлэл өрнөөд буй үед дээрх мэдэгдлийг хийсэн байна. ФИФА өнгөрсөн долоо хоногт тус тэмцээний тасалбарын борлуулалтын гурав дахь үе шатыг эхлүүлсэн бөгөөд хөгжөөн дэмжигчид финалын тоглолтын хамгийн хямд суудал нь 4000 гаруй ам.долларын үнэтэй байна гэдгийг олж мэджээ.
Ийм шүүмжлэл гараад үед гурав дахь үе шатыг эхлүүлсэн эхний 24 цагийн дотор таван сая тасалбарын хүсэлт ирснийг ФИФА дурдаад, олсон орлогыг “хөл бөмбөгийн хөгжлийг дэмжих” зорилгоор дахин хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч ФИФА ч мөн адил хөгжөөн дэмжигчдийн хувьд боломжийн үнэтэй ДАШТ зохион байгуулна хэмээн амлаж байсан тул Олимп сонирхогчид баярлаж хөөрөхөөсөө өмнө тасалбарын үнийн жагсаалтыг харахаар азнаж магадгүй юм. “CNN Sports” тасалбарын үнийн жагсаалт хэзээ гарах талаар зохион байгуулах хороотой холбогдож тодруулахыг хүссэн боловч одоогоор хариу өгөөгүй байна.
Өмнө нь Лос-Анжелес хот 1932, 1984 онуудад Олимпын наадмыг хоёр удаа зохион байгуулж байсан юм. Дараагийн зуны Олимп 2028 оны долоодугаар сарын 14-нд нээгдэж, долоодугаар сарын 30-нд өндөрлөнө. Харин Паралимпын наадам 2028 оны наймдугаар сарын 15-27-нд болно.
Эх сурвалж: CNN



