Балба улсын нийслэл Катманду болон бусад томоохон хотуудад өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд бослого болон өргөжиж, улс төрийн хямрал гүнзгийрч байна.
Засгийн газраас авлигын эсрэг хяналтын нэрийдлээр Facebook, YouTube, WhatsApp, Instagram зэрэг сошиал сүлжээний үйлчилгээг хааснаар залуусын бухимдал оргилдоо хүрч, тайван жагсаал хүч хэрэглэсэн мөргөлдөөнд шилжив. Цагдаа нар буу, ус шүршигч, нулимс асгаруулагч хий ашигласны улмаас дор хаяж 19 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдсан бөгөөд олон арван иргэн баривчлагдсан талаар эх сурвалжууд мэдээлэв.
Жагсаалын гол цөмийг “Z үеийн хувьсгал” нэртэй залуусын хөдөлгөөн бүрдүүлж байгаа бөгөөд тэд авлига, ажилгүйдэл, төрийн хариуцлагагүй байдлыг эсэргүүцэж, төрийн эсрэг уриа хашхирчээ. Зарим газарт галдан шатаах, хорлон сүйтгэх үйлдлүүд гарсан байна.
Энэхүү нөхцөл байдал дунд Ерөнхий сайд К.П. Шарма Оли огцорсон тухай түүний туслах Пракаш Силвал мэдээлсэн байна. “India Today”-ийн мэдээлснээр, цэргийн командлагч генерал Ашок Ражу Сигдел Ерөнхий сайдад “зөвхөн огцорсны дараа л цэргийн хүчээр нөхцөл байдлыг тогтворжуулах боломжтой” хэмээн зөвлөжээ.
Засгийн газар есдүгээр сарын 4-нд сошиал сүлжээнүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон ч есдүгээр сарын 9-нд уг шийдвэрээ цуцалсан байна. Гэсэн ч нөхцөл байдал тогтворжоогүй хэвээр байгаа тул Катмандугийн төв хэсэгт хөл хорио тогтоож, цэргийн хүч байршуулжээ.
Шинжээчид үүссэн нөхцөл байдлыг “залуусын удирдсан бослого” гэж тодорхойлон, Балбад улс төрийн тогтворгүй байдал даамжрах эрсдэлтэй байгааг онцолж байна.