АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд олгодог цагаачлалын бус визийн журмыг чангатгасан байна. Одоо эдгээр визийг авах хүсэлтийг зөвхөн өөрийн харьяалагддаг эсвэл байнга оршин суудаг улсаас гаргах боломжтой гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.
Үүний зэрэгцээ ийм төрлийн визийн олголтыг түр зогсоосон 17 орны иргэдэд визийн өргөдлөө гаргах Элчин сайдын яамд, Консулын газруудыг тогтоож өгсөн байна. Тухайлбал, Оросын иргэд зөвхөн Казахстаны Астана, Польшийн Варшав дахь АНУ-ын Элчин сайдын яаманд, Беларусийн иргэд Варшав, Вильнюс дахь Элчин сайдын яаманд, Украины иргэд Варшав болон Краков хот дахь Элчин сайдын яаманд хүсэлт гаргах боломжтой.
Өмнө нь аль ч улсад ярилцлага өгч, энэ төрлийн виз мэдүүлэх боломжтой байсан юм. Одоогоор урьдчилан товлосон ярилцлагууд хүчинтэй хэвээр байгаа аж.
Харин шинэ журам нь A, G, C-2, C-3 ангиллын виз,НАТО-гийн виз, мөн дипломат болон албаны виз, НҮБ-ын төв байранд нэвтрэхтэй холбоотой визүүдэд хамаарахгүй. Төрийн департаментийн мэдэгдэлд дурдсанаар, хүмүүнлэг, хүний эрх, эрүүл мэнд болон гадаад харилцааны шалтгаантай цөөн тохиолдолд уг журам үйлчлэхгүй ажээ.