Төв аймгийнхан тавдугаар сарын 20-нд номын баяраа өргөн хүрээнд тэмдэглэж, тус арга хэмжээний үеэр “Интерном”, “Аз хур” зэрэг номын дэлгүүрүүд шинэ бүтээлүүдээ танилцуулан худалдааллаа. Энэ удаагийн номын баярт хүүхдийн ном эрэлт хамгийн өндөртэй байсныг худалдааны зөвлөхүүд онцолж байна.
Тухайлбал, зохиолч У.Бямбанямын бичсэн “365 үдэш” нэртэй танин мэдэхүйн ном хамгийн их сонирхол татсан бүтээлүүдийн нэг байлаа. Энэхүү ном нь дөрвөн улирлын онцлогт тулгуурлан хүүхдэд өдөр бүр нэг шинэ мэдлэг олгохоор бүтээгдсэн бөгөөд цас мөсний баяраас эхлээд бууз хийх, сансрын нислэг, говийн ургамал, элсэн манхан, одод, бороотой өдөр хэрхэн аюулгүй байх зэрэг амьдралд хэрэгтэй олон сэдвийг ойлгомжтой хэл, өнгөт зурагтайгаар хүргэжээ.
Мөн Наурызын баяр болон Ж.Гүррагчаагийн сансрын аяллын түүх гэх мэт түүхэн, соёлын мэдээллийг ч багтаасан байна. Зуны улиралд тохирсон сэдвүүдийн дунд наадам, цагаан идээ, зугаалга, хадлан зэргийг хөгжилтэй хэлбэрээр өгүүлсэн нь хүүхдүүдэд ойлгомжтой төдийгүй сонирхолтой болж чаджээ.
Худалдааны зөвлөхийн хэлснээр, хүүхдүүд ном сонгохдоо зөвхөн зураг, өнгө төдийгүй өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн сонголт хийж, эцэг эхдээ тайлбарлаж, бие даан худалдан авалт хийх нь эрчимтэй нэмэгдэж буй нь анзаарагдсан байна. Физикийн туршилттай ном, хүүхдийн комик үлгэрүүд ч мөн адил эрэлттэй байжээ.
Эх сурвалж: Төв аймгийн Номын баярын зохион байгуулагчид