Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC)-ийн захирал бөгөөд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хатагтай Пукканут Макчоую-тай Бангкок хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоёр улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй юм.
Санамж бичигт тусгаснаар Монгол Улсад агаарын навигацийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дараах төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах боломж нээгдэж байна. Үүнд:
-
“Улаанбаатар бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төв”
-
“Сайншанд бүсийн нислэгийн удирдлагын хоёр дахь төв”
-
“Нислэгийн хөдөлгөөний алсын удирдлагын төв”
-
“Чөлөөт агаарын зай – FRA” зэрэг хөтөлбөр багтжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд:
-
Нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч
-
Аэродром, агаарын навигаци, нисэхийн аюулгүйн хамгаалалт хариуцсан мэргэжилтэн бэлтгэх
-
Одоо ажиллаж буй мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх богино, дунд, урт хугацааны сургалт
-
Сургалтыг Тайландын CATC төвд болон Монгол Улсад зохион байгуулах боломж бүрдэж байна.
Энэхүү санамж бичиг нь Монголын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах, олон улсын стандарт шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд чухал алхам болж байна.
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар