x

“Хивсэн бөмбөгдөлт”

Дайны үеэр хоёр янзаар бөмбөгддөг байжээ. Нэг нь тодорхой объект, байрлалыг яг онилж устгах, нөгөө нь үй олон бөмбөгийг завсар зай үлдээлгүй дүүртэл хаяж үнсэн товрог болгох. Үүнийг хивсээр шалыг битүү хучихтай зүйрлэж “хивсэн бөмбөгдөлт” гэдэг. Бүр Carpet bombing гэсэн нэр томъёо Википедиад бий.

2024 оны гарсаар манай хэвлэл мэдээлэлд ийм бөмбөгдөлт гурван удаа тохиов. Эхнийх нь Ерөнхий сайд Төрийн ордноосоо ярьсан “Улаанбаатараас ярьж байна”, дараачийнх нь Б.Булганыг баахан атамандуулсан “Зориг”, тэгээд гуравдахь нь Ардчилсан намыг Элбэгдоржтой юутай нь заналтайгаар балбасан “Зоригийн хэрэг”. Уг нь ганц Олон нийтийн телевизээр үзүүлээд нийгмийн сүлжээнд байршуулахад хангалттай байсан ч хэнд ч энэ бөмбөгдөлтөөс зугтах газар үгүйг тэр "дээр" шийджээ. Ингээд МҮОНТ болон өргөн нэвтрүүлгийн 15-16 телевиз номхон зогсож ирцээ бүртгүүлээд хөтөлбөрөө яаралтай эвдэн үйлчилж өглөө.

Уг нь эдгээр нэвтрүүлэгт гарцаагүй баримт, санал нийлэхээс өөр аргагүй нотолгоо, дүгнэлт зөндөө байна. Үлдсэн зайг илт худал, гүтгэлэг, доромжлолоор пиг чигжжээ. Энэ бүгдийг холиод зуурчихсан аймшигтай бөмбөг. Эвгүй нь таарвал ойж мэдэхээр. Бөмбөгдүүлсэн тал буцаагаад шидчих магадлалтай...

Дайн байлдааны эхэн, нууц ажиллагаа, хорлон сүйтгэлийн үеэр таних тэмдэггүй онгоцууд нисч ирээд бөмбөгдсөн түүх байдаг. Харин манай тохиолдолд бүгд МҮОНТ, Монгол ТВ, MN25 ... гэхчлэн нэр усаараа дурайж байгаа, гэхдээ тэд бөмбөгний эзэд биш. “Манайд хамаагүй, хүмүүсийн оргил цагийг тааруулаад хаячихаарай гэсэн”. Хэн тэгсэн? Хариулах байтугай хариулах эрх байхгүй. Нөгөө цуутай “хаалтын гэрээ” гэгчийн сонгодог жишээ бол энэ. “Зар сурталчилгааны хариуцлагыг зарлуулсан байгууллага хариуцна” яасан?

Ингээд редакциуд өмнөөс нь нүүрээ улайлгаад сууж байна. Зарим нь үүнийгээ, хэн захиалсан нь хамаагүй ээ, энэ бол олон ургальч үзэл гэж тайлбарладаг сурагтай. Мөнгө өгсний хэрээр “олон ургальч” байх юм байна. Хэрвээ өгөхгүй бол?  

Ажиглаад байхад хэвлэл мэдээлэлд, ялангуяа өргөн нэвтрүүлэгт сэтгүүл зүйн орон зай хумигдсаар байна. Бүгд мэдэх, шууд ойлгогдох реклам сурталчилгаанаас гадна мэдээллийн хөтөлбөр, тоймуудыг эзэгнэсэн төр засгийн ажил алба, бизнес мэдээ, гадаад, дотоодын байгууллага, төсөл,  хөтөлбөрүүдийн төлбөртэй нэвтрүүлэг, олон өдөр, цагаар үргэлжилсан хурал, чуулган форумын дамжуулалт, яг одоо илт сонгуулийн агуулгатай ярилцлагууд, тэдгээрийн эцэс төгсгөлгүй давталт, үржүүлэлтэд сэтгүүл зүй харагдана уу? “Хамтран ажиллах”, “ажил гүйцэтгэх” нэртэй хаалтын гэрээнд чивчийтэл хүлүүлсэн учраас үе үе нүүрэндээ баг зүүсэн пиарчид хэрхэн дайрч ороод ийш тийш галлаж дураараа дургиад ул мөргүй арилж өгдөгийг бид харж байна. Урьд нь худлаа ч гэсэн студийн нэр тавьдагсан. Ингээд юуны өмнө манай өргөн нэвтрүүлэг юуг ч хамаагүй оруулаад гаргадаг хөндий суваг хоолойнууд болж харагдаад байна.

Өнгөрсөн долоо хоногт манайд ер бусын өргөн тэмдэглэсэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хамгийн том сенсаац бол Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 180 улсаас 109-д жагсаж өмнөх оныхоос 21 байраар ухарсан явдал байлаа. Монголд хэвлэлийн эрх чөлөө алга гэвэл алдас болох ч Төрийн ордонд мөнхрөх санаатай улс төрчид сэтгүүлчдийг цагдаа, тагнуул, шүүхээр, бүр хууль баталж байгаад намнаснаараа Монгол Улсыг тэр жагсаалтын доод руу руу тийрсэн хэрэг. Тэрхүү дуулиантай судалгааг Парист төвтэй “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага (rsf.org) гаргажээ. Мэдээллийн орон зайгаа бүрэн “цэвэрлэсэн” Украин 61-т орж, бас Газын зурваст 100 гаруй сэтгүүлчийн амийг хөнөөгөөд байгаа, бас дөнгөж сая Аль Жазира-г нутаг дэвсгэртээ хаасан Израил манай урд гишгэж 101-т заларсныг дайн байлдаанаар зөвтгөж тайлбарлах байх. Харин бид Хуримтлалын санг нь дууриахаас эхлээд хөгжлийг нь хөөж гүйцэхийг мөрөөддөг Сингапур манай араас 126-д гэлдэрч яваа нь зугаатай ч юм шиг.

Тэгтэл урьд жилүүдэд манайхыг дандаа “хагас эрх чөлөөтэй”-гээр цоллож олон жил “зовоосон” АНУ-ын Freedom House (freedomhouse.org)-ийн Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өөр нэгэн судалгаа “ашгүй” зогсож, оронд нь Дэлхий нийтийн эрх чөлөөний байдлыг (хэвлэл мэдээлэл дотор нь багтсан) оноогоор дүгнэдэг болсон ба 2024 оны байдлаар манайх Ази тивдээ “эрх чөлөөтэй” дөрөвхөн орны нэг болж “Уудам Азийн цээжинд ардчиллын од болж гялалзсан” (Ц.Гайтав) байх юм. Тэгэхдээ бүр Өмнөд Солонгосын урд орсон гээч. Нөгөө хоёр нь Япон, бас тусдаа улс гэж тооцогдсон Тайван. Үнэн ганц биш олон байдаг гэж үнэн шүү.  

Манай сэтгүүлчдэд буруу зөрүү их бий. Гэхдээ бүр болохоо байчихсан юм алга. Дэлхий даяар, улс орон ардчилсан байх тусам сэтгүүлчид нь төр засаг, эрх мэдэлтнүүдтэй үзэж тардаг, муу муухайг нь ухаж төнхдөг, хөөцөлдөж зовоодог, элдвээр хэлдэг, “гүтгэдэг”. Тэр тусмаа манай томчууд хэвлэл мэдээлэлтэй харьцаж чаддаггүй, дандаа "найрах"-ыг боддог, үргэлж найрдаг, араар нь хамаг юмаа нуудаг, япон, солонгосчуудын адил бөхийж тонголзохгүй байсан ч хамаагүй буруугаа хүлээдэггүй, огцорч сураагүй ширэн нүүрлэдэг, ер нь харсаар байтал илт худалч, хулгайч, авлигач учраас өөр аргагүй юм.  

Төр засаг улам олон асуудал, сэдвийг нууцалдаг болжээ. Сэтгүүл зүй бол мэдээлэл олж авах, үүний тулд асуулт тавих, нэхэх, өгөхгүй бол эрэн сурвалжлах, түүнийгээ нийтэд хүргэх ажил юм. Гэтэл тэгэж оролдохыг хүртэл хориглоод зогсохгүй шийтгэдэг болжээ. “Зариг”-ийн Н.Өнөрцэцэг бол үүний жишээ.

С.Зоригийн аллагын хэргийг 26 жилийн турш тасралтгүй мөрдөж гурван шатаар оруулж эцэслэн тогтоосон, нотлох бичлэгийг бүр хэдэн жилийн өмнө телевизээр задалсан (Амгаланбаатар: “Орж ирэнгүүт нь Содномдаржаа бид хоёр талаас нь ... Чимгээд минийхээс арай жижиг хутга байсан, тэгээд хоёр удаа билүү, гурван удаа билүү ...), өөрөөр хэлбэл илэрчихсэн хэргийн материалыг нууцалсаар байна. Дээрх гурван нэвтрүүлгийн хоёрынх нэр “Зориг”-той байгааг анзаарвал энэ удаад түүгээр том бооцоо тавьжээ. Тэгэхээр зөвхөн “эрүүдэн шүүсэн” тэр хэсгийг сүр бадруулан дэлгэж халхавч болгоод цаад том, жинхэнийг нь ил болгохгүй юм байна. Хэзээ нэгэн цагт монголын Сноуден, Ассанж гарч ирээд, магадгүй хилийн чанадад суугаад задалж болох. Энэ бол төрийн нууц биш, гэмт хэргийн нууц.

Америкийн сэтгүүлч Сеймур Херш Орос, Германы хоорондын “Умардын урсгал” хийн хоолойн дэлбэрэлтийг АНУ зохион байгуулсан гэж зарлахдаа ямар нэгэн нотлох баримт үзүүлээгүй хэрнээ дахин дахин давтсаар байгаа. Харин Цагаан ордон түүнийг шүүхэд өгсөн гэж сонсогдоогүй. Зангараг гэж үүнийг хэлнэ.

Төгсгөлд нь нэг зүйл. Монголын хэвлэл мэдээлэлд үе солигджээ. Өмнөх нийгмээс угшилтай, 1990-ээд оны хойш шар хэвлэл, өдөр тутмын сонин, сэтгүүл, FM радио, телевизүүдийг залж энд авчирсан хүмүүсийн бүхэл бүтэн үе жам ёсоор жагсаалаас гарч магнат, “загалмайлсан эцэг” нэртэй сайн муу эрчүүд үзэгдэхээ больсон байна. Харин өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйг бусдаас илүү харуулж байгаа цахим орон зай, тэр дундаа сайтуудыг (уг нь сонин хэвлэл дажгүй, гэхдээ урьдынх шиг биш, өргөн нэвтрүүлэг тэр их боломжоо ашиглахаа больсон ба хоёулаа цахимгүйгээр юу ч биш) сэтгүүлчдийн цоо шинэ үе, тэгэхдээ ихэнхдээ эмэгтэйчүүд, тэр дундаа залуу, ид насны дайчин хүүхнүүд алдаж оноод ч гэсэн зогсолтгүй авч явна. Харин тэдэнд гомдож, хэрүүл хийж, бяр бядаа гаргаж, зарга үүсгэн цагдаад ховлож шүүхэд өгч шоронд суулгаж байгаа хүмүүс нь төрийг эзэгнэсэн том, бүдүүн эрэгтэйчүүд!

Д.Цэрэнжав /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 12 цаг 44 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top