x

Нэр дэвшигчийг заавал "хазаж, имэрч" байж таньдаг юм биш

Нэгэнт ирэх сонгууль болон сонгуулийн тогтолцооны асуудал хөндсөн дээрээ нэг зүйлийг гүйцээгээд хэлчихмээр санагдав. Өчигдөр буюу пүрэв гаригийн чуулганаар СЕХ-ны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал хэлэлцэх үед ч гэсэн зарим нэг гишүүдийн зүгээс “нам сонгох нь аюултай” гэсэн мессеж өгөхийг оролдож байгаа харагдсан учраас энэ асуудлыг бүр ч хөндөх ёстой байх.

Өнгөрөгч зургаадугаар сард УИХ-аар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнийг дагаж өөрчлөгдсөн УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан. УИХ-ын 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар сонгоно. “Хувь тэнцүүлсэн систем” гээд байгаа нь үндсэндээ намын жагсаалтаар сонгох арга юм. Энгийнээр хэлбэл тухайн намын жагсаалтад бичигдсэн 48 хүнийг улс орон даяар нэг тойрог болж сонгоно. Энэ жагсаалт нь нийт сонгогчийн хэдэн хувийн саналыг авна, нөгөө 48 нэр дэвшигчийн мөн төдий хувь нь УИХ-д сонгогдож, барианд орно гэсэн үг. Үлдсэн 78 нь тойргуудаас сонгогдоно. Ийм л энгийн юм.

Өмнө нь 2012 оны сонгуулиар бид нэг удаа туршаад үзсэн. УИХ-ын 76 гишүүний 28-ыг (37 орчим хувь) нь намын жагсаалтаар сонгож байсан бол энэ удаа 126-гийн 48-ыг (38 хувь) нь намын жагсаалтаар сонгох болж байна. Ердөө нэгхэн хувийн зөрүү. Энд ямар нэг аюул, эрсдэл байна уу?

Харин ч 2012 оны сонгууль ерөнхийдөө сонгогчдын өгсөн саналыг харьцангуй “гайгүй” тусгасан сонгууль болсон юм шүү. Үүнээс өмнө болон хойно жижиг 76 тойрог дээр сонгууль явуулахад нийт сонгогчийн 40 гаруйхан хувийн саналыг авсан нам 80-90 хувийн суудал авдаг гаж тогтолцоо байлаа. Хамгийн олон санал авсан нэг дэвшигч барианд орж, үлдсэн 60 хувь сонгогчийн санал гээгддэг, гудамжинд хаягддаг систем. Жижиг мажоритари тойрог дээр сонгууль явуулахын гол дутагдал нь энэ. Уг нь бол нэгмөсөн нийтээр нь хувь тэнцүүлсэн системээр сонгочихвол нэг ч сонгогчийн санал гээгдэхгүй. Гэвч одоохондоо хууль баталж байгаа нөхөд нь ч, сонгууль өгч байгаа сонгогчид нь ч үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна л даа. Нэр дэвшигчидтэй заавал нэг гар барьж, нүд рүү нь харж, болж өгвөл “хазаж” үзэж байж сонголтоо хийхийг хүсдэг.

Хоёрдугаарт, намын жагсаалтаар сонгогдсон гишүүд нь тойрогтой зууралдахгүй, улс орны хэмжээнд бодлого явуулах, намын бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжиж ажиллах, эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалт, мега төслүүдээ хөдөлгөх  тал дээр тойргоос сонгогдсон гишүүдээс хувь илүү ажилладаг. Сумын соёлын төв, хөшөө, фонтанаас давж хардаг гэсэн үг. (Уг нь энэ чинь тухайн сум, суурингийн засаг захиргаа өөрсдөө хийчих ажил байгаа юм л даа) Үүний тулд намын жагсаалт гэдэг юм байдаг. Улс төрийн намууд улс орны хэмжээнд бодлого гаргаж ажиллахын тулд тэр түвшинд бэлтгэгдсэн лидерүүд, мэргэшсэн боловсон хүчнээ гаргаж ирэх ёстой биз дээ. 

Гуравдугаарт, хамгийн гол зүйл. УИХ-ын гишүүнийг сонгохын тулд заавал тэр нөхрийн гар хөлийг барьж, хазаж, имэрч байж таньдаг, мэддэг юм биш. Тухайн нэр дэвшигчдийн туулсан зам, намтар түүх нь өөрөө хэн нь хэн болох, төр түшилцэх хэмжээний боловсрол мэдлэгтэй, ёс суртахуунтай хүн мөн үү, биш үү гэдгийг бэлээхэн хэлээд өгнө. Ялангуяа тойргуудыг томсгоод, бүсчилсэн сонгууль явуулахаар болсон чинь нэр дэвшихээр горилогчдын зүгээс “Сонгуулийн сурталчилгаа 14-хөн хоног байхад яаж ийм олон хүнтэй уулзаж, ийм олон судмаар явж амжих юм бэ” гэж урвалзаж, цорволзож байгаа харагдана лээ. Оны босгон дээр улс төрийн намуудын төлөөл оролцсон хэлэлцүүлгийг 25-р суваг, NTV телевизээр дамжуулсан. Өчигдрийн чуулган дээр ч мөн гишүүдийн зарим нь ярьж байна лээ. Сонгогчдын зүгээс ч тийм зүйл хэлэх байх. Гэвч нэгэнт хууль батлагдсаны дараа ийм сул дэл үг ямар ч ач холбогдолгүй. Ач холбогдолтой байлаа гээд хуульд өөрчлөлт оруулах хугацаа үлдээгүй.

Тэгээд ч өнөөдөр хүмүүс зөвхөн нүүр нүүрээрээ тулж, гар гараа барилцаж байж мэдээлэл солилцдог, бие биенээ таньж мэддэг цаг улирсан. Харилцаа холбооны технологи гэдэг юм хөгжөөд, телевиз, радио, интернэт, твиттер, фэйсбүүк, инстаграм гээд дуртай сүлжээгээрээ бие биетэйгээ холбогдох боломж, мэдээлэл дамжуулах өчнөөн олон суваг байна. Дээр нь цаасан хэвлэл гэж юм бий. Эрхбиш монголчуудаа нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан улс. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр нэр дэвшигчдийн танилцуулга, намтар түүх сонгогчдын гар дээр очсон байхад сонгогч сонголтоо хийх бүхэл бүтэн 14 хоног ард нь үлдэж байна гэсэн үг. Намын жагсаалт ч гэсэн сонгогчийн гар дээр очино.

Гэх мэтчилэн мэдээлэл дамжуулах өчнөөн олон суваг байхад заавал нэг нөхрийн хөлстэй гарыг барих гэж уралдах, зөрөлдөх ямар шаардлага байна? Ямар өнгөрсөн зуунд байгаа биш дээ. Хөгжил дэвшил гэж юм юуны төлөө байдаг юм бэ? Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх, холыг ойртуулж, хоёрыг уулзуулахад чиглэдэг биш билүү. Тэгвэл тэрнийхээ үр дүнг үзэх, хэрэглэж хэвших хэрэгтэй биз дээ.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 2 цаг 56 мин Мэдээж “Ар нь түүз!” 3 цаг 7 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 3 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 3 цаг 32 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 3 цаг 36 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 3 цаг 41 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 3 цаг 46 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 3 цаг 51 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 18 цаг 50 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 18 цаг 54 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 22 цаг 39 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 22 цаг 53 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 23 цаг 5 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу...
Top