Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Лондоны Колизей театрт тавихаар болсон билээ. Жүжгийг найруулагч Б.Баатарын найруулгаар “Монгол хаан” нэртэйгээр энэ сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2 хүртэл тоглох юм.
"Монгол хаан" жүжгийг Лондоны үзэгчдэд хүргэхээр Монгол, Британийн продюсерууд, маркетингийн баг, уран бүтээлчид нийлсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэл ханган ажиллаж байна.
Үндэсний хувцсаа өмсч, морь унасан жүжгийн уран бүтээлчид өчигдөр XIII зуунаас хойш Лондонд зохион байгуулсаар ирсэн Lord Mayor's Show баярын жагсаалд оролцсон нь олны анхаарлыг татсан, онцлог үйл явдал болжээ.