x

Сонгуулийн сурталчилгаа vs Хэвлэлийн эрх чөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн кампанит ажил зугуухан эхэлж байна. Нэр дэвших хүсэлтэй эрхмүүдийн нэрс эхнээсээ тодорхой. МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Х.Баттулга, Ц.Оюунгэрэл, харин МАХН-аас Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёулаа, гэхдээ намын дарга нь Их хурлын гишүүнээ чадахын тулд МАН-тэй эвсэх юмуу нэгдэх сурагтай. ХҮН-ээс хэн нэгэн нэмэгдэнэ. Эцсийн шийдвэрийг УИХ-д суудалтай эдгээр намууд их хурлаараа гаргана.      

Харин сонгуульд "оролцох" хэвлэл мэдээллийн асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар аль хэдийнэ шийдчихсэн. Хэвлэл мэдээллийн сурталчилгаанд хамаарах заалтууд нь "41 дүгээр зүйл. Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах" гэж багцлагджээ. Ашиглах шүү! Үүний дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам” ба “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам” гэсэн хоёр төслийг цахим хуудсандаа байршуулж санал аваад дуусчээ. Хувь хүмүүс хэр санал өгснийг мэдэхгүй, харин хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд энэ сэдвээр яриа хэлэлцүүлэг огт өрнөөгүй. Яагаад гэвэл хэвлэл мэдээлэл өөрөө дуртайяа ингэж журамлуулдаг. Ялангуяа томчууд нь. Дөрвөн жил тутам тухалдаг найрын ширээ засагджээ.  

Гэхдээ нэг асуулт байна. Маш чухал асуулт. Хэвлэл мэдээллийн үндсэн хэрэгслүүд болсон радио, телевиз болон цахим сайт, хуудсууд сонгуулийн сурталчилгааны үеэр намууд болон нэр дэвшигчдийн талаар чөлөөтэй нийтэлж нэвтрүүлж болох уу? Өөрөөр хэлбэл, сонгуулийн штабаас ирүүлсэн болон захиалсныг гаргахгүйгээр, эсвэл гэрээний дагуу гаргаад, бусад зай талбай, цаг хугацаандаа редакци өөрсдөө мэдээд, нэр дэвшигчдийн талаар чухал гэж үзсэн мэдээ, сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж цацаад явж яагаад болохгүй гэж? Энэ бол сонгуулийн сурталчилгаанд "ашиглагдахгүй" явах тухай юм.  

Одоо хүчин төгөлдөр болсон хуулиар бол зөвхөн ХХЗХ-нд бүртгүүлсэн радио, телевиз, сайтууд сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй, харин бүртгүүлээгүй бол хориотой. Олон нийтийн радио телевиз баталж зөвхөн баталж өгсөн хуваарь, цагийн хэмжээгээр зөвхөн төлбөргүйгээр нэвтрүүлэх бол бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлэхээр заажээ. Цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд мөн төстэй зарчмаар ашиглана. Хэрвээ хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл шийтгэлтэй.

Сонгуулийн сурталчилгаа гэж юу вэ? Сонгуульд оролцож байгаа намууд, нэр дэвшигчдийн зүгээс гарсан буюу захиалсан нэвтрүүлэг, нийтлэлийг хэлнэ. Бусад нь сэтгүүл зүй! Хэн нэгэн нам, нэр дэвшигчийн талаар эерэг, сөргөөр нийтэлж нэвтрүүлсэн болгон сурталчилгаа болж хувирдаг гэх байх. Тэгэж үзэх нь сэтгүүлч хүн өөрийн итгэл үнэмшлээр баримт нотолгоотойгоор бичиж нийтлэх эрхтэй зөрчилдөнө. Хэрвээ нэр дэвшигчийн талаар ноцтой баримт гаргасан бол буруутан нь сэтгүүлч биш, харин тэр баримтын эх үүсвэр болсон тэр эрхэм өөрөө. Хэрвээ тэр баримтыг сонгуулийн үеэр цацсан бол сэтгүүлч хүн цаг үеийн чухал сэдвээр дуугарсан хэрэг. Өөр юу ч биш.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд "41.13. Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална" гэжээ. Зөв зүйтэй өгүүлбэрүүд хэрнээ цаанаа зөрчилтэй. "Нэг талыг барихгүй" гэж юуг заав? Сэтгүүлч хүн аль нэг нэр дэвшигчийн маапааны баримтыг мэдэж авсан ч өрсөлдөгчийнх нь талаар тийм баримт олж чадаагүй бол тэнцвэр алдагдах учраас мэдээлж болохгүй юу?  

Ерөөсөө сонгуулийн сурталчилгаа эхлэхээр хэвлэлийн эрх чөлөөгөө цагдуулах ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Аль 1998 онд Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно, олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй гэж хуулиар тунхагласнаас биш сонгуулийн сурталчилгааны хугацаанд тогтооно гэж хаана ч бичээгүй.

Багш нарыгаа харцгаая. АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулийн кампанийн үеэр америкийн том том телевизүүд үндсэндээ хоёр хуваагдаад үзэлцлээ. Ихэнх нь Ардчилсан Намын талд. 11-р сарын 6-нд санал хураалт дууссаны дараа ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй сонгуулийг будлиантай болсон гэж мэдэгдсэн Дональд Трампын яриаг MSNBC, CNBC, CBS, NBC, ABC телевизүүд шууд таслах нь тэр. Хамгийн шуурхай нь MSNBC байж Трампыг үгээ эхэлснээс хойш 35 секундын дараа хөтлөгч гарч ирээд "Ерөнхийлөгч худлаа яриад байгаа учраас" гээд амыг нь таглажээ. CNN, Fox News хоёр бүтэн үзүүлсэн хэрнээ араас нь "Ерөнхийлөгч буруу юм ярьж байна" гэсэн утгатай тайлбар зүүсэн бол USA Today сонин Трампын ярианы бичлэгийг сайтдаа оруулсан даруйдаа устгасан байх жишээтэй.  Тэд тун муухай аашилсан байна, гэхдээ нөгөө алдартай Холбооны харилцаа холбооны комисс (FCC - Federal Communications Commission)-оороо заалгаагүй нь сайхан.  

Манайд бол ХХЗХ-нд очиж бүртгүүлнэ, нэгийг нь магтаж муулсан бол нөгөөг нь "тэнцвэртэй" магтаж муулах үүрэг хүлээнэ, хэдэн цаг, минут, бүр хэдэн төгрөгөөр гэрээ байгуулахаа хүртэл заалгана, хэрвээ зөрчвөл хязгаарлуулах, бүр тусгай зөвшөөрлөө цуцлуулах шийтгэлтэй, ингээд зонхилох хэвлэл мэдээлэл намуудын, яг үнэндээ хоёр том намын мэдэлд очиж байна. Бүр дуртайяа очдог. Редакциуд 14, 21 хоногийн хугацаагаар сонгуулийн горимд шилжин, сайн сэтгүүлчид нь захиалга хүлээн авах юмуу бүр ажилд сэмхэн орж "нутгийн юм", "арай дэндүү шударга", "удам сайтай", "Харвард төгссөн", "нуль туршлага", "энэ нөхөр төрд дутаад байхийн" мэтээр донгодож гарна, эсвэл есөн шидээр харааж ерөөсөн нэвтрүүлгийн "2016 он", "2020 он" (төгсгөлд нь байдаг хаяг) хэмээх зохиогчоор ажиллана.  Мундагчууд нь бүр кино, ном зохиол бүтээж өгнө. Тэр бүгдийн цаана мөнгө биш, харин их мөнгө. Хэрвээ их мөнгө биш бол ивээн тэтгэмж, шагналын албан тушаал гээд явж өгнө. Тэр нь цаанаа дахиад л их мөнгө... Манай хэвлэл мэдээллийн санхүүжилтийн загвар аль хэдийнэ ийм болсон. Үр дагаварыг нь (өнөөгийн цайрчихсан улс төрчид, цайрчихсан их өр, цайрчихсан авлига ...) харахлаар намууд ба хэвлэл мэдээлэл нийлсэн энэ том найрыг тараадаггүй юм аа гэхэд цэгцлэх цаг болсон мэт.

Эхний алхам болгож 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр телевиз радио, цахим сайт, хуудсууд хуулиар заасан “сонгуулийн сурталчилгаа” явуулахын зэрэгцээ ямар нэгэн хаалт саадгүйгээр сэтгүүл зүйгээ эрхлэх эрхтэйг нотлохыг оролдоцгоох уу?!

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 18 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 23 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 28 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 45 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 52 мин Түүх бол сургамж-багш 55 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 1 цаг 0 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 1 цаг 5 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 1 цаг 8 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 2 цаг 32 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 2 цаг 38 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 2 цаг 46 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 2 цаг 48 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2 цаг 58 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 3 цаг 0 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 3 цаг 4 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 3 цаг 7 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 18 цаг 50 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 18 цаг 53 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 18 цаг 56 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top