x

С.Амарсайхан: Нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, богино хугацаанд олон ажлыг зэрэг амжуулахыг хичээдэг

Зуны налгар цаг шувтарч, ажил хичээл бужигнах намрын улирал хаяанд ирсэн байна. Их хотын иргэд ид хөдөлгөөнд орж буй энэ цаг мөчид бид нийслэлчүүдийг аятай таатай амьдрах нөхцөл боломжоор хангах, цаашлаад сайжруулан хөгжүүлэх үүрэгтэй хотын даргыг урьж ярилцлаа. Тэр эрхэм бол хотын даргын албыг таван сарын өмнө хүлээн авсан С.Амарсайхан юм. АНУ-д дээд боловсрол эзэмшиж, дипломат албанд ажиллаж байсан тэрээр Монголын томоохон компаниудын нэг "Оюуны Ундраа Групп"-ийг олон жил удирдаж, бизнесийн хөгжлийг дэмжих зорилготой "СЕО клуб"-ийг нэгэн үе толгойлж байв. С.Амарсайхан дарга 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, НИТХ-ын даргаар ажиллаж байгаад одоогийн албаа авсан билээ. Ингээд олон жилийн түүхт нийслэл хотын маань 33 дахь даргаар ажиллаж буй түүний ажлын арга барилтай танилцацгаая. 

 

Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Сайнбуянгийн Амарсайхан (Twitter), Сайнбуянгийн Амарсайхан (Facebook), Amarsaikhan Sainbuyan (Instagram)

-Та ажлаа ямар арга барилаар хийдэг вэ? Ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Хотын ажил гэдэг нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд боловсрол, дэд бүтэц, байгаль орчин гээд хамрахгүй салбар гэж байдаггүй маш өргөн цар хүрээтэй ажил. Тэр хэрээр бодлого шийдвэрийг гаргахдаа нарийн судалгаа тооцоо,төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байдгийн зэрэгцээ цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэр гаргах асуудлууд ч үргэлж ундарч байдаг.

Би өөрийн ажлыг богино хугацаанд шийдвэрлэх, дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх асуудлууд гэсэн гурван хэсэгт хуваан гүйцэтгэдэг. Төрийн байгууллага, дипломат алба, бизнесийн салбарт ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан цаг үеийн нөхцөл байдалд уян хатан буюу нийгмийн хэрэгцээ шаардлагыг аль болох мэдэрч, богино хугацаанд олон ажлыг зэрэг амжуулахыг хичээж ажилладаг.

 
 

-Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, программ, аппликэшнээсээ нэрлэнэ үү?

-Мэдээж Нийслэлийн Мэдээлэл, Технологийн Газраас гаргаж байгаа шинэ aпп-уудыг татан авч албан ажилдаа хэрэглэдэг. Нэг талаас хэрэглэгчийн хувьд, нөгөө талаас даргын хувьд санал бодлоо хэлэхийн тулд ашиглаж байна. Дижитал эрин зуунд нийслэл хот ч гэсэн үзүүлж буй бүх үйлчилгээгээ цахимжуулах шаардлагатай. Саяхан л гэхэд төрийн үйлчилгээний цахим шилжилт төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем болох “UB ERP” хэрэглээнд нэвтэрсэн. Үүгээр нийслэлийн удирдах ажилтнуудтай холбогдож, мөн өөрт ирсэн санал хүсэлтүүдийг уншдаг.

Бусад үед гар утасныхаа Note, Dropbox зэрэг апп-ийг өдөр тутам ашиглана. Харин сошиал медиад тийм ч идэвхтэй биш. Тэнд өдөрт хэдэн зуугаараа цацагдаж буй мэдээ мэдээлэлд шууд автаж, ач холбогдол өгөхийг боддоггүй. Гэхдээ хотын зүгээс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрт олон нийтийн санаа бодлыг тусгах, байр суурийг нь сонсохын тулд шаардлагатай үедээ мэдээлэл авалгүй яахав.

-Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

-Ажлыг нь ач холбогдол, цаг хугацаагаар нь зөв эрэмбэлэн төлөвлөж, хуваарилах нь цаг хэмнэх хамгийн сайн арга болов уу. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд технологийн дэвшлийг ашиглаж, гүйцэтгэл дээр нь хяналт тавих, үнэлэлт өгөхөөс гадна технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед мэдээллийг хурдтай солилцож, цаг алдалгүй шийдвэр гаргах нь чухал.

-Хийх ажлын жагсаалтаа та юун дээр яаж хөтөлдөг вэ?

- Ихэвчлэн гар утас болон iPad дээрээ л хөтөлдөг дөө. Хувийн тэмдэглэл хийхдээ гар утасны Note апп, зарим үед тэмдэглэлийн дэвтэр ашигладаг. Албан бичиг засах, гарын үсэг зурах зэргээр үзэг, цаастай нөхөрлөх явдал бишгүй л гардаг. Албан бичгийн редакцын засварыг гайгүй сайн хийчихнэ. Мэдээж бас туслахууд маань албаны төлөвлөгөөт ажлууд, уулзалт, хурлын хуваарийг гаргаж өгнө.

-Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ? 

-Энэ асуултыг надаас биш намайг таньж мэддэг бусад хүмүүсээс асуувал илүү оновчтой байх болов уу. “Гаргууд” гэдэг үг бол харьцангуй ойлголт. Бусдыгаа манлайлж чаддаг бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийг бүх талаас нь дэмжих, хамтран ажиллах, удирдан зохион байгуулах тал дээр өөрийгөө хичээл зүтгэл сайтай гэж боддог. Ийм хүмүүсийг ямар нэг цензур, болзолгүйгээр, өөрт байгаа бүхий л боломжоороо дэмжихэд үргэлж бэлэн байдаг. Санаачилгатай, бүтээлч хүмүүсийг дэмжих энэ зарчим маань иргэдийн ахуй амьдралд шууд нөлөөлөх шийдвэрүүдийг гаргадаг одоогийн ажилд маань ч их тус дөхөм үзүүлдэг гэж боддог. 

Ажлаас өөр зүйл гэвэл хоол хийхдээ сайн шүү. Хоол гэдэг сэтгэж хийдэг зүйл учраас ямар ч материалуудыг ашиглан түүртэхгүйгээр, хэлээрээ цааш түлхчихээргүй аятайхан хоол хийж чадна.

-Хийж байгаа ажлын онцлог тань юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

-Улаанбаатар хот бол Монгол Улсын хөгжлийн толь юм. Хотын ажлыг хэр зөв бодлого, шийдвэртэйгээр урагшлуулна, тэр хэрээр Монгол Улсын хөгжлийн жишиг тогтоно. Шийдвэр бүхэндээ асар олон хүчин зүйлийг тооцож, оролцогч талуудын эрх ашгийг бодолцож, иргэдийг эрүүл орчинд амар тайван, ажиллаж амьдрах боломж нөхцөлөөр хангахыг нэн тэргүүнд тавьдаг учраас хотын даргын ажил гэдэг амар биш.

Гэхдээ бид хариуцсан ажилдаа эзэн нь байж, зөв санаачилга, бүтээлч хандлагатайгаар, бодлого шийдлээ нэгтгэн ажиллаж чадвал манай хот богино хугацаанд асар хурдтай хөгжинө гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Бидэнд хүндрэл бэрхшээлүүд байгаа нь үнэн. Энэ бүхний гарц гаргалгааг зөв гаргаж нийтийн эрх ашгийг дээдэлсэн иргэндээ ээлтэй хот болгох нь миний ажлын зорилго юм.

 

-Та одоо юун дээр төвлөрч ажиллаж байгаа бол?

-Миний бие хотын даргын ажлыг хүлээж аваад таван сар болжээ. Бүх түвшинд ажлын хариуцлага, гүйцэтгэл, хяналтыг бий болгож ажиллавал бусад асуудлыг шийдэж болно гэж үзэж байгаа. Миний хувьд НИТХ-аар 2016 онд баталсан Улаанбаатар хотод 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудын зөв зүйтэйг нь үргэлжлүүлж, улам хөгжүүлэн сайжруулж, алдаатай явж ирсэн бодлого, үйл ажиллагаануудыг засаж залруулан ажиллаж байна. Энэ хүрээнд хариуцлага, гүйцэтгэл, хяналтыг нэмэгдүүлэхэд анхаарахын зэрэгцээ үндсэн гурван, дөрвөн асуудалд төвлөрөн ажиллаж байна. 

Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн тээврийг цогц шийдлийг хэрэгжүүлэх, нийтийн тээвэрт олон жил хийгдээгүй явж ирсэн парк шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, авто замын ачааллыг бууруулах. Мөн өвөл, зуны ямар ч цагт орхигдуулж болохгүй сэдэв бол агаар, орчны бохирдлыг бууруулах тухай асуудал юм. Үүний зэрэгцээ иргэдийн эрүүл мэнд, боловсролын хүртээмж, үйлчилгээг сайжруулах, хүүхэд залуучууд, хүний хөгжилд анхаарах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлт, байгуулалттай холбоотой алдаа, гажуудлыг засах зэрэг шийдэх хэрэгтэй олон асуудал байна.

-Та хэр их уншдаг вэ? Одоо ямар ном/нийтлэл уншиж байна?

-Сүүлийн үед ном барьж аваад тухтай унших зав зай, боломж хомс байна. Гэхдээ хотын бодлого, шийдвэр, тооцоо судалгаатай холбоотой мэдээллийг байнга уншиж судалдаг. Хамгийн сүүлд ухаалаг хотуудын шийдэл, дэлхийн томоохон хотуудад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар уншиж, ухаалаг хотуудын хөгжил, өнөөгийн тренд, цаашдын чиг хандлагын тухай өгүүлсэн цахим номыг уншсан. Өнөөдөр дэлхийн 180 гаруй хот “ухаалаг хот” гэсэн статустай хөгжиж явж буй юм. Мөн саяхан дэлхийн хотуудын мээрүүдийн намтар, түүхийн тухай номыг сонирхож уншсан юм байна.

-Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжим сонсох дуртай вэ?

-Ихэвчлэн Элвис Пресли, Луйс Армстронг зэрэг гадаад, дотоодын 1960-1980 оны хит дуунуудыг сонсох дуртай. Гэхдээ тухайн орчин, цаг үе, хэнтэй, хаана байгаагаасаа шалтгаалан ямар ч төрлийг хөгжмийг сонсчихно оо.

-Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

-Өглөө 8 цагт ажил эхэлдэг учраас өглөө голдуу 6.30 цагт босдог. Ажлын ачаалал их болохоор гэртээ 22 цагийн үед, түүнээс хойш ч харих өдрүүд олон.

-Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

-Утаснаас, Улаанбаатараас гэж товчхон хариулж болох юм (инээв). 

Урьд нь чөлөөт цагаараа спорт хөөх дуртай байв. Би багаасаа бие хамгаалах урлагаар хичээллэсэн юм. Мөн автомашин, мотоцикль сонирхдог ч одоо аль алинд нь зав зай гаргах боломж хомс болсон байна. Одоо бол ажлаа тараад аль болох гэр лүүгээ яарч, гэр бүл, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийг эрмэлздэг дээ.

-Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

-Ямар ч цаг үед намайг ойлгож, дэмждэг, орон зай үл харгалзан үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байдаг гэр бүл, найз нөхдөөсөө байнга эрч хүч авдаг. Мөн ямар ч ажлын ард гарах гэж зүтгэдэг, аливаад бүтээлч, хурдтай, мэдрэмжтэй, соргог ханддаг, ажлаас хойш суух биш урд нь гарч манлайлж явдаг баг, хамт олноосоо ихээхэн урам зориг авдаг даа.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

-Бага насандаа эцэг, эхээсээ сонссон үгс л сэтгэлд хамгийн тод хоногшиж үлддэг юм шиг санагддаг. Намайг бага байхад аав минь ямар ч үед өөрийгөө гээхгүй, аливаа зүйлд итгэл үнэмшилтэй байж, өөрийн үнэт зүйлээс хэзээ ч битгий няцаж бай, зорилготой бол амжилттай явж чадна гэж хэлдэг байсан. Энэ үг намайг зөв чиглүүлж, амьдралд маань нөлөөлсөн гэж боддог юм.

 

-Залуу мэргэжилтнүүдэд хандан юу хэлж зөвлөхийг хүсдэг вэ?

-Хүн сурах ёстой үедээ өөрийн эрч хүч, цаг зав, сэтгэл зүрхийг бүрэн зориулж, сурсан шиг сурах хэрэгтэй. Боловсролтой, чадвартай болсон цагт хаана ч ажилласан өрсөлдөх чадвартай байж байр сууриа олж чадна. Мэдээж дээр нь зөв хандлага, төлөвшил чухал. Энэ бүхэн байхад та зөвхөн өөрийн бус бусдын сайн сайхны төлөө аливааг бүтээх чадвартай болно. Залуучууд юуны түрүүнд, хаана ч ажиллаж байлаа гэсэн, хийж байгаа ажлаа өөрт чинь ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт, боломж болж байгаа гэж ойлгож, зүтгэж байгаарай гэж хэлэх байна. Зөвхөн тухайн үед авч буй цалин, ачааллаараа ажлыг үнэлж, няцаж ухарч болохгүйг залуустаа сануулъя.

-Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

-Монгол Улсад ганц байдаг протезийн үйлдвэрийг удирдан ажиллуулдаг Оюунцэцэг гэх мундаг эмэгтэйг санал болгоё. Багадаа хоёр хөлөө алдсан энэ эмэгтэй улсаас зээл авч, Монгол Улсад байдаггүй үйлдвэр байгуулан, олон хүнийг ажлын байраар хангадаг.

АНУ-ын олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр үйлдвэртээ хамгийн сүүлийн үеийн протезийн технологийг нэвтрүүлэн, өдийг хүртэл маш их хөдөлмөр зарцуулан амжилттай ажиллаж байгаа юм билээ. Олон хүн энэ эмэгтэйгээр бахархаж, илүү сайн ажиллах урам зориг, эрч хүч авна гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: unread.today

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 11 цаг 17 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 14 цаг 27 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 14 цаг 32 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 14 цаг 36 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 15 цаг 28 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 16 цаг 25 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 16 цаг 40 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 16 цаг 57 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 17 цаг 11 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 17 цаг 17 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 17 цаг 31 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 17 цаг 39 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 17 цаг 43 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ 17 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 17 цаг 53 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Уржигдар 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Уржигдар 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Уржигдар 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Уржигдар 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Хэлбэр ялж, агуулга ялагдав Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс...
Top