x

АН-ын тэмцэл, Э.Бат-Үүлийн мэдэгдэл, МАН-ын цэвэрлэгээ, зургаан жилийн сунгалт...

АН-ЫНХАН: Д.БАТЛУТЫГ ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ Н.УЧРАЛТАЙ ХАРИУЦЛАГА ЯРИНА…

УИХ-д байгаа АН-ын бүлэг 1 дэх өдөр ээлжит хуралдаанаа хийсэн. Хурлаар Дээд шүүгчийн ерөнхий шүүгчийг улираан томилох хуулийн зохицуулалтыг Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсныг хэлэлцэж. Тэрнээс гадна Баянхонгор аймагт цэргийн албан хаагч амь насаа алдсантай холбогдуулан мэдээлэл сонсож. Тэр тухайгаа АН-ын дарга, УИХ-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ард нийтэд тайлагнан мэдээлж. Тэрээр: Энэ сарын 26-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зургаан жилээр нэг удаа томилдог байсныг дахин зургаан жилээр томилж болох асуудлаар Цэцийн их суудлын хуралдаан болох гэж байна. Энийг улс төрийн захиалгын үйл явдал гэж АН-ын бүлэг үзэж байна. Хуульд байхгүй заалтыг тайлбарлаж, давуу байдал олгож байна гэж үзэж байна. Тэр тусмаа Цэц өөрөө улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж болзошгүй олон олон шийдвэр гарсан. Тэр тусмаа Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн нь чөлөөлөгдсөн байна. Хугацаа нь дууссан Цэцийн даргыг чөлөөлөх, хоёр гишүүний асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлнэ. Хуулийн хүрээнд маргаангүй Цэцийн даргатай болох хүртэл Цэц дээр гаргаж байгаа шийдвэрүүдийг зогсоох шаардлагатай. Мөнхүү: Хугацаат цэргийн алба хаагчид амь насаараа хохирох нь Монгол Улсад жирийн үйл явдал мэт болсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд 144 цэргийн алба хаагч эрүүл мэндээрээ ноцтой хохирч, 46 алба хаагч амь эрсэдсэн байна. Гэтэл энэ хугацаанд нэг ч Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээж байгаагүй. Тиймээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулж, улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой. Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ гэв. Гэсэн нь: Ерөнхий сайд Н.Учрал энэ дээр хөдлөх шинжгүй. Тэр бүү хэл: Тэд сэтгэл гаргаж ажиллаж байгаа гээд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчнийхнийг өмөөрөн суусан. Өөрөөр: Д.Батлутыг огцруулахгүй. Тиймийн учраас энийг анзаарсан АН-ынхан Д.Батлутыг огцруулах тэмцлийн дараагийн шат руу алхахаар зөвлөлдөж эхэлж. Тэр нь Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах акц байх шинжтэй. АН-ынхан 2 сарын өмнө Н.Учралыг: УИХ-ын дарга нам бус байх ёстой гээд Ерөнхий сайд дээр буулгаж байсан. Ийнхүү Батлан хамгаалахын сайд Д.Батлутын албан тушаал Ерөнхий сайд Н.Учрал, цаашаагаа Засгийн газартайгаа дүйцэх үнэд хүрэхээр болж байх шиг…

ТЭМЦЭЭД ҮХЬЕ...

Эдүгээ: Монголын ардчилагчид хийгээд Ардчиллын хувьд цөвүүн цаг. 90 онд Ардчиллал яаж ирсэн, ардчилагчид хэрхэн тэмцэж энэ нийгмийг босгосныг мартсан, санахыг хүсэхгүй үе. Гэлээ гэхдээ ясны ардчилагчдын дуу хоолой тасраагүй л байна. Тийм хүмүүнүүдийн нэг нь Э.Бат-Үүл. Тэрээр даваа гарагт намынхаа бүлгийн хурлын дараах мэдэгдэлтэй холбоотой үгээ хэлж. Анхаарууштай. Ноцтой. Э.Бат-Үүл: Манай намын дарга О.Цогтгэрэл, хугацаанаас хэтэрсэн Цэцийн дарга ба гишүүнтэй Үндсэн хуулийн Цэцийн хууль ёсны байдалд эргэлзэж байна гэдэг бол тун ноцтой мэдэгдэл. Өөрөө Үндсэн хууль зөрчсөн Цэц шийдвэр гаргавал, манаач нь хамгаалах ёстой зүйлээ шатаасан шиг ноцтой гэмт хэрэг. Нэн ялангуяа нийгмийн бухимдал тэнгэрт тулсан, оч үсэрвэл бослого гарахад бэлэн энэ үед, эцсийн найдвар болсон Үндсэн хуулийн засаглалыг устгавал улс орон анархи руу явна. Хугацаа хэтэрсэн Г.Баясгалан үүний хариуцлагыг хүлээх үү, наяд наядын хулгайгаа хамгаалах гэж захиалга өгч байгаа МАН хүлээх үү?

АН-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг МАН-ын захиалгаар нэр дэвшүүлэх гэж ийм бузар булай зүйл хийхийг манай намын олон зуун мянган гишүүд яагаад ч зөвшөөрөхгүй. Нэр дэвшүүлэх эрхээ МАН-д алдаж байхаар тэмцээд үхээд дуусна. Нэр дэвшүүлэх эрхээ хураалгасан нам бол зүгээр л хог, өөр юу ч биш.

Манай нам ийм нүдний булай болохыг бид нэг үзсэн, ард түмний нүүр рүү харах аргагүй шившиг болохыг бид нэг үзсэн. АН-ынхаа гишүүдэд, бослогод бэлдэхийг би энэ намын анхны дарга нарын нэг болохын хувьд уриалах болно. Намаа үхдэл болохыг амьддаа л харахгүй. Партизануудаа бослогод бэлдээрэй. МАН-ыг ахиж давраахгүй гэж...

МАН-ЫНХАН 24 ОНЫ ЯЛАЛТ АВЧИРСАН БАГАА БҮРЭН ЦЭВЭРЛЭЖ ДУУСЛАА...

Сүүл үест: Бид нар ер нь сонгууль хийгээд хэрэг байна уу, сонгуулийн дүн хоёр жил болоход тэс өөр болж хувирлаа гэдэг юм ард нийт, улс төрийнхөн дунд их яригдах болж. Үнэхээрийн: Бодитоор тэгээд байгаа. 24 оны сонгуульд МАН Л.Оюун-Эрдэнэ гэдэг даргатай, Д.Амарбаясгалан гэдэг генсектэй, Х.Нямбаатар гэдэг Хотын намын хорооны даргатай байсан. Аль ч намын гол гурван албан тушаал нь энэ. Энэ баг МАН-ын үргэлжилсэн хоёр ялалтыг гурав болгосон. Гэсэн нь: Сонгуулиас 10 сарын дараа намын даргыг нь Ерөнхий сайдаас унагаад, удаахгүй намын даргынх нь ажлыг ч авсан. Нэг жил дөрвөн сарын дараа генсек асныг УИХ-ын даргаас авч хаясан. нэг жил 11 сарын дараа Хотын намын хорооны даргыг Хотын даргаас нь зайлуулав. Удаахгүй Хотын намын хорооны даргын ажлыг нь авна, цаг хугацааны асуудал болж үлдсэн.

Уул нь: МАН-ынхан улсаа бодож асан бол нэг жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийг унагааж, Хамтарсан засгийг тараах хэрэггүй л байсан юм. Наахнуураа нүүрэвчилсэн бэрийн цүнхнээс тусдаа цаахнуураа улс төрийн 6 шалтаг байсан.

Нэгдүгээрт: Тэр үед Ухаа худагийн номыг гишүүдэд тараасан. Ухаа худагийг авах тогтоолыг засгаар шийдээд УИХ-д өргөн бариад байсан.

Хоёрдугаарт: 14 том төсөл хөдөлж, Эрдэнэбүрэн, Орано явж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг нээсэн өдөр энэхүү төслөөс хувийн компанийг гаргаад хаяж. Гэрээ нь дундын компанигүйгээр хоёр улсын Засгийн газар хооронд хийгдсэн.

Гуравдугаарт: Үндсэн хуулиар сунгая, ард нийтийн санал асуулга явуулъя гэх саналыг Хамтарсан засгийн Ерөнхий сайд нь хүлээж аваагүй гэдэг. Энэ нотлогдсоор байгаа.

Дөрөвдүгээрт: Баялгийн сангийн хуулиар “Ачит Ихт” зэрэг компаниудын хувийг энэхүү санд авч эхэлсэн.

Тавдугаарт: С.Зоригийн хэрэг дээр ДНК ашиглаж мөрдөн байцаалтыг өргөн хүрээнд явуулж. Тэгсэн нь: Чимгээ, Содномдаржаа нарын ДНК таараагүйг Цагдаагийн байгууллагын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулж.

Зургадугаарт: Хамтарсан засаг Оюутолгойн сөрөг нэхэмжлэлийг чангалсан.

Энэ хэд шалтаг мэт боловч жинхэнэдээ шалтгаан. Тэр нь одоо улам тод томруун ил болж байгаа. Ерөөс: Энэхүү шалтгууд ажил болоод явсан бол улсад хэрэгтэй байж. Эдүгээ шиг хоосон нойтон, хог дээр дэвхрэхгүй байв. Мөнхүү: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас унагааж, МАН-ын дарга болгохгүй гэж Бор тээгийг авсан гэсэн нь худлаа болж Бор тээг нь “Эрдэнэс Тавантолгой”-доо байсан. Удаад нь: Хотын дарга Х.Нямбаатарыг нөөцийн мах идсэн гээд зайлуулсан. Гэтэл нь: Нөөцийн махны талаарх мэдээлэл дээр Цагдаагийн байгууллага тооны орон алдаж Ерөнхий сайдад мэдээлэл өгсөн болоод явчихаж. Өөрөөр: МАН-д 24 оны ялалтыг авчирсан баг энүүгээр бүрэн цэвэрлэгдэж дууслаа. Гэлээ гэхдээ: МАН-д энүүгээр эрх мэдлийн эзэд өөрчлөгдлөө. Сонгогдоогүй удирдлагууд томилогдож буй. Гэтэл нь: Монголд юу өөрчлөгдөв?

ЗУРГААН ЖИЛИЙН СУНГАЛТ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ЦЭЦИЙН ДАРГА, ТЭГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ...

Энэ өдөр Цэц хуралдана, их суудлаараа. Тэд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно гэсэн хуулийн заалтыг хүчингүй болгож, ерөнхий шүүгчийг улираан томилох боломжийг нээнэ. Энэ баттай. Д.Ганзориг дахин зургаан жил, нийт 12 жил Дээд шүүхийг ерөнхийлөн даргална. Ард нь Цэцийн дарга байгаа. Г.Баясгалангийн Цэцэд байх хугацаа дууссан. Нэг гишүүн нь УИХ-ын Тамгын газрын дарга болсон, ор нь хоосон буй. Энэ нөхцөлд Цэц: Бүрэн бүрэлдэхүүнээрээ гэж ярих хэцүү болсон. Гэлээ гэхдээ: Дээд шүүхийн ерөнхий шүүгч зургаан жилээр сунгагдаж, ард нь Цэцийн дарга ч зургаан жилээр сунгагдах тохироо явсныг улс төрийнхөн шуугьсаар байгаа. Зургаан жилийн сунгалт энэ хоёроор зогсохгүй. Эдүгээгийн Ерөнхийлөгчид ч дахиад дэвших боломж гарч магадгүй. Тэрүүгээр галт тэрэг хөдөлсөн. Ерөнхий шүүгч, Цэцийн дарга, тэгээд Ерөнхийлөгч гээд энэ 26 онд зургаан жилийн сунгалтууд үргэлжлэх нээ. Уул нь: 19 ондҮндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 6 жил, тэгэхдээ нэг удаа гэсэн нь улс төрийн тогтвортой байдал, сонгуулийн давхардлыг арилгах зорилгоор хийсэн байж. Санаачлагчид: Дөрвөн жилээр хоёр удаа сонгогдохоор Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд улс төржөх, Засгийн газрын ажилд хэт нөлөөлөх хандлагатай байдаг. Хугацааг уртасгаж, дахин нэр дэвших эрхгүй болговол Ерөнхийлөгч намчирхалгүйгээр үндэсний эв нэгдлийг илэрхийлэхэд анхаарах боломж бүрдэнэ гэж байж. Мөнхүү: УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиуд ойрхон болж, улс төр болон эдийн засагт хүндрэл үүсгэдэг. Сонгуулийн мөчлөгийг салгаж, хоорондын хугацааг уртасгавал тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ гээд өөрчилж байж…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Арменид айлчиллаа 28 мин Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан үндэсний хөтөлбөрийг хэлэлцлээ 29 мин Болгарын Гадаад хэргийн дэд сайд ЕХ-ны Ерөнхий хэргийн зөвлөлийн хуралдаанд оролцов 29 мин Оросын оюутан тамирчдыг олон улсын тэмцээнд нейтрал статустайгаар оролцохыг зөвшөөрлөө 30 мин Цагаан ордны гадаа болох "UFC Freedom 250" тулааны дэвжээг барьж эхэллээ 31 мин Румын улс Монголын 10 иргэнд тэтгэлэг олгоно 32 мин НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа 32 мин Банкны салбарын олгосон ногоон зээл 2.54 их наяд төгрөгт хүрчээ 33 мин “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэд хамтран ажиллана 33 мин Франц улс цагаачлалыг гурван жилээр зогсоох санал гаргалаа 34 мин АН-ын тэмцэл, Э.Бат-Үүлийн мэдэгдэл, МАН-ын цэвэрлэгээ, зургаан жилийн сунгалт... 1 цаг 8 мин Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх 1 цаг 18 мин Улаанбаатарт болсон таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө 3 цаг 5 мин "Улаанбаатар травэл экспо-2026" аялал жуулчлалын үзэсгэлэн болно 3 цаг 5 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчтэй уулзлаа 3 цаг 6 мин Хоккейн ДАШТ-ий шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо 3 цаг 7 мин Хот байгуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 7 мин УИХ-ын байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүнтэй уулзлаа 3 цаг 8 мин Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна 3 цаг 9 мин Лондонд тавдугаар сард +35 хэм хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 3 цаг 9 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ
Top