x

Монголын эзэнт гүрний задрал ба Хайду

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЗАДРАЛ БА ХАЙДУ

Хубилай үхэн үхтлээ Хятадыг эзэлсэн Монголын хаан гэж л өөрийгөө бодож байсан. Гэвч түүхийн урт удаан хугацааны дараах өндөрлөгөөс харах ахул тэрээр Хятадын түүхэнд нэг бус удаа тохиолдож байсан Хятадын хятад биш хаан байжээ. Тэрээр Хятадын уламжлалт төрийн системийг өөрийн шинэ эзэнт улсад бэлнээр хүлээж авсан ба түүнээ улам хөгжүүлэн боловсронгуйжуулсан байна. Харин түүний байгуулсан Юань династид нь төрөлх нутаг Монгол нь бүхлээрээ харьяалагдаж байсан гэхэд хэцүү. 

Монголчуудын уугуул нутаг нь Юань династид "албан ёсоор" хамаарч байсан ч гэсэн энэ нь ёс төдий хэрэг байлаа. Юанийн эсрэг байнгын үймээн самуун гарах энэхүү Их говийн чанад дахь нутаг нь Хубилайн үед ч мөнөөх л умрын ху нарын эзэмшилд байсан юм. Юун түрүүн Хубилайн дүү Аригбух ахдаа захирагдахыг үл хүсэх тул ойрдуудтай хүч хавсран байнга үймүүлж байлаа. Аригбухын эхнэрүүдийн нэг нь Ойрдын удирдагч Хутугбухын хүү Торэлэчийн охин Журантай аж. Өөрөөр хэлбэл Аригбух өөрөө ойрдын хүргэн. Аригбухын хүү Минлигтөмөрийн охин нь Торэлэчийн зээтэй суусан. Минлигтөмөрийн дөрвөн хүүхэд нь ойрдын Барлусахын охиноос төрсөн.[i] Ийм нягт ураг төрлийн холбоотой учир Аригбухын үндсэн ар тал нь үнэндээ ойрдууд байлаа. 1261 онд болсон Шимтийн тулалдаанд Аригбухынх гэлтгүй Ойрдын цэрэг оролцсон гэж Юанийн судар-т тэмдэглэсэн байна.[ii]

1264 онд Аригбух ахдаа бүрэн бууж өгч хоёр жилийн дараа нас барсан боловч үүгээр Юаньд учруулах умардын аюул төгсгөл болоогүй юм. Илхаант улсын байгуулсан Хүлүгү нь ах нарынхаа зөрчлөөс болоод эх нутагтаа эргэж ирэлгүй Амударья мөрний урдуур өөрийн эзэмшлийг тусгаарлажээ. Цагаадайн удмын Алху нь Хубилайг эсэргүүцэж тусгаар болохыг оролдов. Тэрээр Юаниас Туркестаныг салгаж авсан. 

Өгөдэй хааны хүү, Чингисийн ач Хайду (1235-1301) бол тухайн үеийнхээ оюун санааны удирдагч гэхээсээ бодит байдлыг зөв үнэлж чаддаг, шилдэг цэрэг, чадварлаг улс төрч байсан юм. Түүний үйл ажиллагаа, тэмцлийг анхаарч үзэх юм бол энэ нь бүрэн батлагдана. Тэрээр Монголын эзэнт гүрэн ид задарч байх үед амьдарч байв. 1251 онд Мөнх хаан болон мандснаар гүрний эзэн хаан ширээ Өгөдэйн удмынхнөөс Тулуйн удам руу шилжсэн. Мөнх хааныг үхсний дараа Хубилай, Аригбух хоёрын хаан ширээний төлөөх тэмцэл (1260-64) Хайдуг энэ үйлд хөндлөнгөөс оролцохоос өөр аргаггүй болгожээ. Хубилай ялалт байгуулсан ч, энэ нь Их Монголын Эзэнт гүрний задарлын эхлэл болов.

Хайдугийн үед Монголын их гүрэнд өөр өөрийн тусдаа эзэмшилтэй, маш их нөлөө бүхий Чингисийн удмын хүч тэнцүү цэргийн жанжид зэрэгцэн оршиж байлаа. Алтан Ордны хаан Бэрх, Иран болон Баруун Азийг Хубилайн ах Хүлэгү захирч байв. Мөн Төв Азийг Цагаадайн ордын Алху [iii] хүлээн авсан. Энэ бий болсон бодит байдал нь Хайдуг тэмцэлд босгох үндсэн гурван үр дагавар бий болгожээ. Нэгдүгээрт, энэ бол эзэнт гүрний эзэмшлээс Өгэдэйн удмынханд юу ч хуваарилаагүй, Алху өөртөө шингээсэн. Хоёрдугаарт, Хубилай, Аригбух хоёрын өрсөлдөөнийг Алху далимдуулан дээд зэргээр ашиглаж газар нутгийг хүчээр булаан аваад, дараа нь тэрийгээ өөрийн засаглалы хууль ёсны эзэмшил болгосон. Эдгээр үйлдлүүдийн үр дүнд Алху Чингисийн удмын бусад толгойлогчтой ижил түвшинд хүрч, Мөнх хааны үед доройтсон Цагадайн ордыг эргэж хүчирхэг болгон сэргээв. Гурав дахь үр дагавар нь Эзэнт гүрний нийслэл Хархорумыг Хубилай Хятад руу нүүлгэснээр Төв Азийн ач холбогдлыг үгүй хийв.

Энэ бүх нөхцөл байдал Хайдуг арга хэмжээ авахад хүргэжээ. Түүний эхний дайсан бол цагадайчууд. Тэрээр Алтан Ордны ивээл дор Алху руу, дараа нь түүний залгамжлагч Бораг [iv] руу довтлов. 1269 оны хурилдайд Хайду зориуд оролцоогүй нь монголчуудын хооронд байгуулсан олон энхийн гэрээг үл хүндэтгэсэн хэрэг, харин энэ хугацаанд Алтан Орд тэргүүлэх ноёрхлоо хадгалж үлдсэн. Ингээд 1270 онд монгол хаад хоорондоо Хэратын [v] тулалдаанд байлдаж Илхаант улсын Абага [vi] хаан Борагийг ялахад Хайду ихээхэн хувь нэмэр оруулсан. Хайду үүссэн будлианыг далимдуулан Борагийг үхсний дараа цагаадайнхныг өөрийн мэдэлд захируулж,1271 онд өөрийн улсыг байгуулжээ. 

Хайду энэ ордын эзэн болсон болохоос нийт Их Монгол гүрний их эзэн хаан болоогүй юм. Түүний хүсэл эрмэлзэл нь гол төлөв орон нутгийн шинжтэй, гол нь Өгөдэйн удмынхны алдагдсан эрх мэдлийг эргүүлж авах байлаа. Тарж бутарч эхэлсэн Их Монгол гүрний Эзэн хааны ач холбогдол хэдийнээ чухалд тооцогдохгүй болсон, Монголын ертөнцөд хязгаарлагдмал ач холбогдолтой байсан тул Хайду үүнийг сонирхсонгүй. Хайду ид хүчирхэгжиж байхдаа Алтан Ордтой дотно харилцаа үүсгэж, Хүлүгүгийн хүү Ил хаан Абагатай найрсаг харилцаа тогтоов.[vii] 

Төрөө хүчирхэгжүүлсний дараа ч түүний Эзэн хаан Хубилайтай хийсэн сөргөлдөөн нь гол төлөв хилийн тулалдаан байлаа. Юаньтай сөргөлдөөн нь үүнээс өмнөх Цагадайн улсад хандаж байснаас шал өөр, тэдэнд эрх мэдлээ тулгах хүсэлгүй байв. Хятадын нутаг дэвсгэрт Юань улс ноёрхож буйг огт эсэргүүцээгүй. Тэрээр түүнээс хүссэн зүйлээ авч чадсан учир сэтгэл нь ханажээ. 

Мөнх хааны мэдэлд орсон Цагадайн улстай харьцуулахад Өгөдэйн мэдлийн улс хавьгүй илүү сулран доройтсон байсан тул Хайдугийн хувьд энэ нь Алхутай тэмцэлдэж байснаас илүү хүнд хүчир ажил байлаа. Цагадай, Тулуйн удмынхан өөр өөрийн улсаа Өгөдэйн эзэмшилд тулгуурлан босгож ирсэн. Өгөдэйн удмынхан улсынхаа газар нутаг байтугай цэрэг армиа ч хадгалж чадаагүй. Алслагдсан хэдхэн сууринтай боловч төрийн хүчирхэг нэгдсэн аппаратгүй байсан тул тэр нь Гүегийн дараа тарж бутарчээ.

Хубилайн үед Өгөдэй хааны бүхий л өвийг Цагадайн улсад нэгтгэжээ. Ийм учраас Хайду өөрийгөө Өгөдэй, Гүег нарын хууль ёсны залгамжлагч гэдгээ нотлох шаардлагатай болсон юм. Өгөдэйн өвийг залгамжлахын тулд Юань улс зөвшөөрөх хэрэгтэй, Юанийн зөвшөөрөл гэдэг нь Хайду өөрийгөө өдгөө Цагадайн улсын хаан болчихсон гэдгээ нотлох хэрэгтэй. Хайдугийн бүхий л хүсэл эрмэлзлэл, үйл ажиллагаа нь Их Монголын эзэн хаан болох биш, ердөө л Өгөдэйгээс уламжилж ирсэн Юаниас үл хамаарч тусгаар тогтносон, өөрийн эзэмшлийн Монгол улсын хаан болох байлаа.

1282 онд Борагийн хүү Дуватай [viii] тохиролцон түүнийг Цагадай улсын тэргүүн болгох хүртэл Хайдугийн байр суурь эхэндээ нэлээд сул байв. Цагаадайн зарим сурвалжит нар Хайдуг эсэргүүцэж байсан ч Цагадайн улсын хаанаар Дуваг томилсноор. Хайдугийн хүч ч нэмэгдэв. Түүнд Дуваг эрх мэдлээс нь хагацаах хүч байсан болохоор түүнийг харилцан хамтран ажиллах нь зүйтэй гэж итгүүлж чаджээ. Харин хожим нь Юань гүрэн болон бусад монгол аймгуудаар хүлээн зөвшөөрүүлсэн давуу байдлаа ашиглан Дува хаан Өгөдэйн удмын ордыг бүр мөсөн үгүй хийсэн билээ. 

Хубилайтай 30 жил тэмцэлдсэний үр дүнд Юань гүрэн Дунд Ази руу тэлэх гэсэн бүхий л оролдлогыг Хайду зогсоож чадсанаар дотроо Өгөдэйн улсыг агуулсан Цагадайн хаант улсыг Юаниас бүрэн тусгаарласан бие даасан хаант улс болгож чадсан билээ. 

Нөгөө талаас Хубилай нь зөвхөн Хятадын хаан байсан төдий биш. 1206 онд байгуулагдсан Их Монгол улс жинхэнэ утгаараа Хубилайг үхснээр дуусгавар болсон юм. Хубилайгаас хойш л дэлхийг эзэгнэж байсан Чингисийн удмынхан таран бутарч биенээсээ үл хамаарсан, тэр байтугай дайсагнасан тус тусын төрүүд болон хуваагдсан. Хубилай бол Их Монгол улсын сүүлчийн их хаан. Гэхдээ ёс төдий! Юань бол тэр том гүрний Хубилайн өөртөө өмчилж авсан нэг л хэсэг нь байлаа. Алтан Орд, Ил Хаад, Цагадайн улс зэрэг нь бүгд Хубилайг ёс төдий хүлээн зөвшөөрдөг, татвар, өргөл барьцаа өгөх буюу хураалгадаг байв. Хубилай үнэн хэрэгтээ Номхон далайгаас Адриатын тэнгис хүртлэх уудам дэлхийг захирч байсан хамгийн дээд эзэн нь байлаа. Ёс төдий! Үүнээс болоод Хятад улсын хил хязгаар Адриатын тэнгис хүртэл үргэлжилж байсан гэж хэн ч хэлдэггүй, тэгэж боддог ч үгүй. Өвлөх, залгамжлах логикийн нөгөө тал энэ буюу.

Хубилайн үеийн Хятад бол өнөөгийн Хятад мөн. Харин Хубилайн төр нь Хятадын уламжлалт төрийн өвлөгч, залгамжлагч биш. Хубилайн Хятадад үлдээсэн өв бол нийт хань үндэстнийг нэгтгэсэн газар нутаг юм. Юаний дараа Хубилайд хамаарч байсан хятад биш үндэстнүүд бүгд салан одсон. Төвд, Монгол, Уйгар зэрэг Юаньд хамаарч байсан улсууд Мин династид багтаагүй. Харин эдгээрийн газар нутаг нь Хубилайд хамаарч байсан учраас хойшид ч Хятадад өөрт нь хамаарах ёстой гэсэн үзлийг хожмийн хятад төрүүдэд үлдээжээ.

Хайдугийн гол зорилго нь Өгэдэй ордыг Их Монголын бусад улстай дүйцэхүйц улс болгон байгуулах хүсэл эрмэлзэл байв. Хайдугийн бий болгосон улс нь Цагадайн хаант улсад онцгой байр суурьтай байсан ч, гол сул тал нь Юанийн их хаантай энх тайван тогтоох боломжгүй байв. Хайдугийн улс төр, цэргийн чадвар нь Цагадайнн хаант улсын нөмөр дор бие даасан Монгол улсаа байгуулж, тогтворжсон ч нас барсных нь дараа Өгөдэй улсын тусгаар тогтнолыг үргэлжлүүлэх баталгаа хангалтгүй байв. Хайдугийн залгамжлагчид эцэг шигээ нөлөөгүй байсан тул үхснээс нь хойш арван жилийн дотор улс төрийн ихэнх эрх мэдлээ алдажээ, Ийнхүү Төв Азийн тусгаар тогтносон Монгол улс орхигдож, түүхэнд Цагадайн хаант улс гэгдэх болсон.

[i]Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-83 [Miyawaki Junko Last Empire of nomads]

[ii]Дай Юань улсын бичиг (Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо. Хөххот 1987) [Da Yuanhistory]

[iii] Алху (?-1266) нь Цагадай ханы хүү, Байдарын хөвүүн.

[iv] Бораг (Перс: غیاث الدین براق) нь Цагадайн хаант улсын хаан (1266–1271). Тэрээр Есөнтовагийн хүү, Цагадайн хааны гуч юм. Лал шашинд орсон тэрээр Гияс-уд-дин (Ghiyas-ud-din) хэмээх нэртэй болсон.

[v] Хэрат - Өнөөгийн Афганистанд байдаг эртний Персийн баян бүрдэд байрлах соёлын том төв. Дундад зууны үед Хорасаны хамгийн чухал хот байв. Ил хаант улсын мэдэлд байсан энэ хотыг Цагадайн удмынхан булаан эзлэхээр 1270 онд тулалдаж байв.

[vi] Абаха хан (1234–1282) (Абага ч гэдэг) Персийн Ил Хаант улсын хоёрдахь Монгол удирдагч,Хүлэгү хааны хүү. 1265–1282 онд Ил Хаант улсыг захирч байсан.

[vii] Biran MichalQaidu and the Rise of the Independent Mongol State in Central Asia. Curzon press. 1997

[viii] Дува бол Цагаадайн хаант улсын хаан (1282–1307). Тэрээр Баракын хоёр дахь хүү байв.

Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.228.177.121)
    Baabaraa tuuh bitgii guivuuulaad baigaarai.
    2025 оны 12 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 11 цаг 2 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 11 цаг 14 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 11 цаг 16 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 11 цаг 20 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 11 цаг 21 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 11 цаг 21 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 11 цаг 23 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 11 цаг 25 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 11 цаг 25 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 11 цаг 26 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 11 цаг 27 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 11 цаг 27 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 13 цаг 15 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 16 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 13 цаг 17 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 13 цаг 18 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 13 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 13 цаг 39 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 13 цаг 39 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 13 цаг 39 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top