Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.10.15/ танилцууллаа.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал:
-Эдийн засаг, хөгжлийн сайдын хувиар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хуульд заасан хугацаанд нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Таван жилийн үндсэн чиглэлийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоотой боловсруулсан. Салбар бүрд нийт 14 хэлэлцүүлэг өрнүүлж, 644 санал тусгасан бөгөөд найман үндсэн чиглэлд төвлөрүүлж, 10 гол үр дүнгийн шалгуур тогтоосон. Үр дүн тус бүрийг хэмжих шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшинг тодорхойлсон. Таван жилийн үндсэн чиглэлд туссан ажлуудад салбар яам, төр захиргааны байгууллагууд шат шатандаа оролцоо, хувь нэмрээ оруулна. Хэрэгжилтийг хангаж, салбар хоорондын уялдааг зохицуулан, нэгдсэн бодлогоор чиглүүлэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцна.
2026-2030 он хүртэлх Монгол Улсын ирэх таван жилийн үндсэн чиглэлийг 2025 оны аравдугаар сарын 31-нээс өмнө УИХ-д өргөн барих ёстой. Энэ утгаараа Монгол Улсын ирэх таван жилийн үндсэн чиглэлийг найман бүлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн. Үүнийг дагалдуулан УИХ-д хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг өргөн мэдүүлдэг. Нийт 10 үндэсний үзүүлэлт буюу олон улсын индексээ хэрхэн урагшуулах вэ гэдгээ тусгай хэмжүүртэйгээр тавьж өгсөн. Эцэст нь Эдийн засаг хөгжлийн яамнаас хуульд заасны дагуу “Монгол Улсын 2026-2030 оны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан. Хөтөлбөрт улсын хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан. Энэ бүхнийг хуульд заасны дагуу аравдугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлж, арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэн батлуулах юм.
АХМАДЫН ТЭТГЭВЭР НЭМЭХЭД НИЙТ 490 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-Монгол Улсын Засгийн газар болон Казахстан улсын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр шийлжүүлж байна. Ингэснээр гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудал шийдэгдэнэ. Энийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ. УИХ дээр соёрхон батлах ажил үлдэж байна. Мөн багш, эмч нарын цалин болон ахмад настны тэтгэврийг нэмэх асуудлыг судлах үүргийг холбогдох яамдуудад өглөө.
Улсын төсвийн төслийг өргөн барьсан байгаа. Энэ төсвөөсөө багш, эмч нарын цалинг нэмэх ямар гарц байгааг судлах ёстой. Асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэх ёстой. Багш, эмч нарын цалин болон тэтгэвэр нэмэхэд нийт 830 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Ингэхийн тулд салбар яамдын үйл ажиллагааны урсгал зардлаас 10 хувиар танах аргагүй нөхцөл байдал үүснэ. Ахмад настны тэтгэврийн хувьд найман хувиар нэмэгдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэ гэсэн. Ингэхэд нийт 490 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Нийтдээ манай салбарт 830 орчим төгрөг шаардлагатай байна.
Аливаа хөдөлмөрийн маргаан сонирхлын буюу эрхийн маргаан гэж байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг харилцаа. Багш нарын ажил хаялттай холбоотойгоор гурван үе шаттай хэлэлцээр явах ёстой. Нэгд, хоёр тал харилцан тохиролцох ёстой. Тохиролцож болохгүй гэвэл зуучлагч томилж ажиллуулдаг. Манай яамнаас зуучлагч томилсон боловч үр дүнд хүрээгүй. Тийм учраас арбитрыг томилон ажиллуулдаг. Арбитрын гаргасан шийдвэр эцсийнх байдаг. Ажил хаяж байгаа багш нарт хэлэхэд аль ч улсад хуулиар зохицуулдаг. Арбитр Даваа гаригаас ажиллаж эхэлсэн бөгөөд 10 хоногийн хугацаанд шийдэлд хүрэхгүй бол маргаан шүүхэд шилжих ёстой. Харин томилогдсон арбитраас хэн ч татгалзах эрхгүй. Арбитрын гаргасан шийдвэр эцсийнх байдаг. Энэ шийдвэр таалагдахгүй бол шүүх дээр маргаан үүснэ. Хууль бус ажил хаялт байсан гэж шүүхээс шийдвэрлэвэл багш нарын өнгөрсөн хугацаанд ажил хаясан цалингийн нэмэгдлийн асуудал гарч, эдийн засагт үр дагавар үзүүлнэ. Тийм учраас хуулийн дагуу ажил хаяхыг сайдын хувьд зөвлөж байна. Бид үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй байнга уулзаж байна.
ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛАА ХАСАХГҮЙ БОЛ ИНФЛЯЦИ 1.5-2 ХУВИАР НЭМЭГДЭХ БАЙСАН
Сангийн сайд Б.Жавхлан:
-Багш, эмч нарын цалин болон тэтгэвэр нэмэхэд нийт 830 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг улсын төсөв рүү яаж чихэж оруулах боломж байна гэдэг дээр товч мэдээлэл өгье. Улсын төсөв гурван хэсгээс бүрддэг. Найман их наяд төгрөг нь хөрөнгө оруулалт, найман их наяд төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын санд, цэвэр урсгал зардалд 17 их наяд төгрөг. Энэ дотор бүх яамны үйл ажиллагааны зардал дээрээс нь хүүхдийн мөнгө, байр ашиглалт гээд бүх урсгал зардал орсон байдаг. Би өнөөдрийг хүртэл хэлсэн. Улсын төсвийг дахин задлах тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ямар ч боломж байхгүй. Нөөц боломж гэж байхгүй. Энэ жилийн өргөн барьсан улсын төсөв маань маш олон хязгаарыг жилийн төлөвлөгөөндөө баригдаж, ягштал дүрмээ барьсан. Төсвийн хүрээний мэдэгдлийг бид зургадугаар сарын 1-нд баталж, сүүлд дахин зардлаа 500 тэрбумаар, орлогоо 1.6 их наядаар бууруулсан. Өөрөөр хэлбэл, төсвийн тэлэлтийг хязгаарлаж, ДНБ-ийг өсгөх, үүнд эзлэх хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаад хөрөнгө оруулалтыг татах боломжийг бий болгосон. Харин УИХ-д өргөн баригдсанаас хойш цалин, тэтгэвэр нэмэх асуудал нийгэмд хөндөгдөж байна. Жагсаал цуглаандаа хүрлээ. Ерөнхий сайд бүх талыг хүлээн авч, нөхцөл байдлаа ярилцсан. Аль болох цалин, тэтгэврийг нэмэхээр судлах үүргийг өгсөн. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг гаргасан. Мөн холбогдох байнгын хорооны удирдлагуудтай уулзсан. Засгийн газраас гарч, УИХ-руу шилжсэн байгаа учраас яаж оролцож, туслах вэ. Бид хуулийн шаардлагаа хангаж улсын төсвөө өргөн барьсан байдаг.
Одоо улсын төсвөө өргөн бариад 45 хонож байтал хоёр дахь хэлэлцүүлгээ дуусгаагүй байна. Өмнө нь төсвөө хэлэлцээд дуусчихдаг байсан. Тийм учраас яаралтай УИХ дээр ажлын хэсэг байгуулах шаардлагатай. Тэгэхээр 831 тэрбум төгрөгийг тусгахын тулд улсын төсөвт нөөц боломж гэж байхгүй. Маш их танаж, ноднингоос хойш хоёр удаагийн том тодотгол хийж, дөрвөн их наяд төгрөгөөр танасан төсөв. Энэ дотор Засгийн газрын төлөвлөгөөт ажил, 2026 оны жилийн төлөвлөгөө, маш олон үндэсний хөтөлбөр, гадаад зээл тусламжийн хуваарьт төлбөр арайхийн багтсан. Тийм учраас 831 тэрбум төгрөг нь 17 их наядын урсгал зардлын хэдэн хувь болох вэ. Энэ дунд огт хөндөж болохгүй нэг зардал бол хүүхдийн мөнгө. Тэтгэвэр тэтгэмжээ нэмэх гэж байж хасч болохгүй. Гадаад зээл тусламжийн хуваарьт төлбөрийг нэг ам.доллараар хасч болохгүй гэж явсаар байгаад хөндөж болох урсгал зардал нь 10 их наядаас доошоо орж байна. Өөрөөр хэлбэл 10 хувиар бүх урсгал зардлыг яамдуудаас хасч байж, энэ орон зай гарна. Энэ тийм амар зүйл биш. Төрийн үйл ажиллагааг 10 хувиар хойш татна гэсэн үг. Төрийн тэргүүнээсээ эхлээд УИХ, яам, УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааны зардал 10 хувь хасагдана. Үүнд, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам ч орж байгаа.
Жилийн төлөвлөгөөт ажил, хүрэх зорилтыг санхүүжүүлэх төсвөөсөө дор хаяж 10 хувийг татаж байгаа юм шүү. Та бүхэн энэ шийдвэрийг ойлгоно байх аа. Одоо цаг агаар хүйтэрч, ажилдаа ормоор байна. Улсын төсвөө хэлэлцмээр байна. Бид хэрвээ төрийн үйл ажиллагааны зардлаа хасаагүй бол инфляци 1.5-2 хувиар нэмэгдэх байсан. Өөрөөр хэлбэл, урсгал зардлаа хасаад нөгөө зардал руу шилжүүлнэ гэсэн үг. Шууд инфляцид үзүүлэх сөрөг нөлөөлөл бага байна. Энэ бол санал хүргэх шийдвэр шүү. УИХ дээр ажлын хэсэг байгуулагдана. Оюутолгойн зээлийн хүүг бууруулах ажил огт алдагдалгүй үргэлжилж байгаа шүү. Олон улсын асуудал учраас бүх мэдээллийг ил тод мэдээлэх боломжгүйг ойлгоорой. Хоёр талаас энэ зээлийн хүнд нөхцөлүүдийг буулгах таатай цонх үе ирж байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан. Нөгөө талаас 2018 оноос хойш Оюутолгойн далд уурхайн ажил маш амжилттай хэрэгжиж эхэлсэн учраас ухрах арга байхгүй. Аль аль талынхаа нөхцөл боломжоо сайжруулах энэ тал дээр гэрээ хэлэлцээрээ хийхээр ойлголцлоо. Бид хоёр хоногийн өмнө нэг ширээний ард биелэн уулзах хүсэлтээ тавьж, ажил хэрэгч байдлаар хариу өнөөдөр өглөө ирлээ. Бид заасан хугацаанд ирж, уулзахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Бид энэ жилдээ гэрээ хэлэлцээрээ эхлүүлэх ёстой. Бид аль болох энэ жилдээ гэрээ хэлэлцээрээ дуусгахаар шахаж ажиллана.
ЦАХИМ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГАРЛАА
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Боловсролын салбарт багш нарын цалинг 20 хувиар нэмэх зарчмын шийдвэр гаргалаа. Ингэснээр нийт 90 гаруй мянган хүний үндсэн цалин 20 хувиар нэмэгдэнэ. Гэхдээ нөгөө талдаа салбарынхаа урсгал зардал, хөтөлбөр арга хэмжээгээ 10 хувиар танахаас өөр аргагүй байна. Ажил хаялт зарлаад байгаа үйлдвэрчний эвлэлийн хүмүүст хандаж хэлэхэд, улсын эдийн засгийн бүрэн бололцооны хүрээнд энэ шийдвэрийг гаргаж байгаа шүү. Өнөөдөр шууд багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох ямар ч эдийн засгийн боломжгүй. Ингэж нэмэхэд 3.3 их наяд төгрөг дахин шаардлагатай. Энэ ажил бол хэцүү учраас гурван жилийн төлөвлөгөөг гаргаж, цалингийн нэмэгдлээ ярилцаад явах байр суурийг илэрхийлж байна. Өнөөдөр багш нарын ажил хаялтын асуудал дээр арбитр нь томилогдож, хөдөлмөрийн маргаан үргэлжлээд явж байна. Өнөөдөр цахим сургууль байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа.
Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
Боловсролын ерөнхий хуульд "Цахим сургалт" гэдгийг цахим технологи ашиглан зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлон, боловсрол сургалтын хэлбэр нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон байж болохоор тусгасан. Танхимын бус сургалтад зайн, хувилбарт болон цахим, дадлага сургалт хамаарна гэж, Боловсролын цахим сургалтын байгууллагыг энэ хуульд заасан шаардлагын дагуу байгуулж болно гэж тус тус тусгаж цахим сургалтын эрх зүйн орчин бүрдсэн.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан боловсрол дахь тэгш бус байдлыг арилгах, орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцагч бүр чанартай боловсрол эзэмших, хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд Монгол эх орноороо бахархах, эх хэл, түүх, соёлоо эрхэмлэн дээдэлдэг иргэн болж төлөвших, эх орондоо үргэлжлүүлэн суралцах тэгш боломжийг хангах зорилгоор өнгөрсөн хичээлийн жилүүдэд хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн “Төрийн өмчийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын цахим сургууль” байгуулах шийдвэрийг гаргалаа.
Боловсролын яамнаас 2019 оноос ЕБС-ийн суралцагч орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах, цахим контентын нэгдсэн сан бүрдүүлэх зорилго бүхий MEDLE сургалтын нэгдсэн платформыг боловсруулж, нэвтрүүлсэн. Тус платформд тулгуурлан багш бүрийг цахим агуулга боловсруулах боломжоор хангаж, нийлүүлсэн контентын үр дүнгээр нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар MEDLE контентын санд ээлжит хичээл, сурах бичиг, теле хичээл, интерактив контент, виртуал лаборатори, цахим ур чадвар олгох хичээл зэрэг ангиллаар нийт 20,000 гаруй контент байршаад байна.
Бүлэг дүүргэлт, багшийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хөдөөгийн сургуулийн ахлах ангийн суралцагчдын дунд үүсдэг бэрхшээлийг арилгах, тэдэнд сонгон судлах хичээлээ судлах тэгш боломж олгох зорилгоор цахим сургуулийн үйл ажиллагааг 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд MEDLE сургалтын нэгдсэн платформд тулгуурлан эхлүүлсэн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд нийт 17,453 суралцагч цахим сургуульд суралцсан байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар 640 хүүхдийн суудалтай ахлах сургуульд шилжүүлэн тооцоход 27 сургуулийн үүргийг гүйцэтгэжээ.
181 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРГАВАЛ ЭМЧ НАРЫН ҮНДСЭН ЦАЛИНГ 15 ХУВИАР НЭМЭХ БОЛОМЖТОЙ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-Эрүүл мэндийн салбар аль болох санхүүгийн сахилга баттай, 2025 оныг өр ширгүй давахаар төлөвлөж байна. Засгийн газраас салбар яамтай хамтран тооцоолол хийж, нийт 181 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргавал эмч нарын үндсэн цалинг 15 хувиар нэмэх боломжтой гэдэг тооцооллыг хийлээ. Энэ саналаа Засгийн газар, УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн ирэх жилээс 316 тэрбум төгрөгөө 30-40 хувиар гүйцэтгэлийн санхүүжилтээр цалингаа нэмэх боломж байна. Эмч нарын зүгээс ажил хаялт зарлана гэж мэдэгдээгүй. Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 86.4 хувьд хүрсэн байна. Улаанбурхны өвчлөл дарагдаж байна. Эрүүл монгол хөтөлбөр, нийгмийн эрүүл мэндийн тусламж, сургалтууд, тусгай сан, гадаадад эмчлүүлсэн иргэдэд олгодог мөнгө гээд энэ болгоноос багахан хасч 10 хувьд хүргэнэ.
ЭХЭМҮТ-ын МRI аппарат засварлах тендер зарлаж, 360 сая төгрөгөөр хийх компани нь шалгарсан байна лээ. Ажил нь бүр эхэлсэн гэсэн. Бид 2026 онд шинэ аппарат авахаар төсөвт тусгасан байгаа. ЭХЭМҮТ-ийн тайланг энэ долоо хоногт надад танилцуулна. Яаралтай хүлээн авах тусламжийн зардлыг 30 хувиар танаагүй, ташаа мэдээлэл. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин боловсролын салбараас арай дээр байгаа. Мөн 1-4 жил ажилласан эмч 1.8-2.5 сая төгрөгийн нэмэгдэл цалин авч байгаа бол 10-20 жил ажилласан эмч 3-3.5 нэмэгдэл цалин авч байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд өртэй байна. Эм ханган нийлүүлэх байгууллага өртэй байгаа учраас тасалдаж байгаа асуудал бий. Тийм учраас шаардлагагүй хугацаа нь дөхсөн эм авахгүй байлгахыг шаардаж байна. Тухайлбал, СЭМҮТ дээр гарсан нэг зөрчил бол нэг сарын дараа хугацаа нь дуусч байгаа эмийг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан бөгөөд устгасан акт нь байхгүй. Сэтгэцэд нөлөөтэй эм шүү дээ. Тийм учраас цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байгаа. Та бүхэнд И-баримтаар эмийн үнэ, эмийн сангуудын байршлаар харуулдаг аппликейшн хэрэглэж эхэлснээс тав хоногийн дараа эмийн сангууд жижиглэнгийн худалдааны үнэ 2 хувиар буурсан байна лээ.