x

Цаазын ял хэмээх төөрүүлэг

Тойрч болохгүй асуудлуудаасаа тойрч зугатаад, талцуулж болох бүх сэдвийг шүүрч аваад талцуулж хэрэлдүүлэх ямар учир шалтгаан байна?

Ерөнхийлөгч Х.Баттулгын хаврын чуулганы өмнө хийсэн мэдэгдэл болоод өчигдөр чуулганы нээлт дээр хэлсэн үгнээс үзвэл “Цаазын ялыг сэргээнэ” гэх түүний тархи угаалт биеллээ олж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Тэр Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар оруулж хэлэлцүүлэнгээ Ерөнхийлөгчийн албан ёсны сайт болох President.mn-ээр дамжуулан цаазын ялыг сэргээх талаар олон нийтээс санал авна гэв.

Ерөнхийлөгчийн Хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга даваа гаригт олон нийтэд мэдээлэл хийхдээ “Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг газар авч байгаатай холбогдуулан олон нийтийн шаардлага, эсэргүүцэл маш өндөр байна. Зөвхөн өнгөрсөн оны статистик мэдээллээр, 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэд өртсөн байна. Нэг ой дөрвөн сартай, нэг ой найман сартай хүүхэд хүчирхийлэлд өртсөн зэрэг сэтгэл сэртхийлгэм, аймшигт хэргүүд нийгмийг цочроож, дорвитой арга хэмжээ авахыг төр, засгаас шаардаж байна” гэв.

Одоогоос зургаан сарын ХЭҮК-оос УИХ-д танилцуулсан илтгэлд ч бас энэ талаар дурьдсан. Үүний дараа л Ерөнхийлөгчийн зүгээс цаазын ялыг сэргээх тухай яриаг анх удаа босгож ирсэн билээ. Бодит байдал дээр ХЭҮК-ийн энэ мэдэгдлээс болж цаазын ялыг сэргээх асуудал сөхөгдсөн үү, эсвэл цаазын ялыг сэргээхийн тулд уг мэдээллийг хийсэн уу гэдэг чухал биш. Баримт гэвэл насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал нэмэгдсэн байна.

Хэрэв хүчирхийллийн гэмт хэргийн гаралт нийгмийн үзэгдэл болтлоо нэмэгдээд байгаа нь үнэн бол Ерөнхийлөгч яагаад гэмт хэргийн шалтгаантай нь тэмцэхийг биш, үр дагавартай нь тэмцэхийг урьтал болгоод байгаа юм бэ? Цаазын ялыг сэргээх нь гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх цорын ганц арга зам мөн үү?

Ямар ч төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд юун түрүүнд гэмт хэрэг гараад байгаа шалтгаан, нөхцлийг нь судлах нь зүй ёс. Тэрний дараа урьдчилан сэргийлэх болон араас нь авах арга хэмжээг тус тусад нь ярих ёстой. Шалтгаан нөхцөл, хөрс суурь нь байсаар байвал гэмт хэрэг гарсаар л байна. Хуулийг батлах, өөрчлөлт оруулахдаа ч үүнийг юун түрүүнд ярих ёстой. Үүний төлөө Ерөнхийлөгчид нийгмийн бодлогын, хуулийн болон хүний эрхийн, улс төрийн гээд олон зөвлөхүүд ажилладаг.

Өнгөрөгч аравдугаарт сард цаазын ялыг сэргээх асуудлыг анх гаргаж тавихдаа Ерөнхийлөгч энэ асуудлаар бүхэл бүтэн хуулийн баг хөлслөн ажиллуулж байгаагаа зарласан. Үүнээс хойш зургаан сар өнгөрөхөд тэр олон хүнтэй хуулийн багаас нь нэг ч хүн гараад “Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг урьд өмнөхөөс нэмэгдсэн нь ямар шалтгаантай вэ? Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа сэдэл шалтгаан, хөрс суурь нь юу байв?” гэдэг тухай ярьсангүй. Нэг ч судалгаа болон дүн шинжилгээг нийтэд гаргаж танилцуулсангүй. Харин хүний эрхийн зөвлөх нь гарч ирээд “Олон нийт үүнийг шаардаж байна” гэдэг ганц үгээр сүх хийж байна. Тэгсэн хэрнээ “Цаазын ялыг сэргээж болохгүй” гэсээр байгаа олон нийт болоод хуульч судлаачдын үг, судалгаа дүгнэлтийг үл ойшоон чихний хажуугаар өнгөрөөх. Ядахдаа хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн 200-300 гэмт хэрэгтнийхээ сэтгэл зүй болоод сэдэл шалтгааныг судалж үзсэн хүн байна уу? Хэрвээ хүчирхийллийн гэмт хэрэг нэг, хоёр хүний үйлдэл биш, нийгмийн үзэгдэл шахуу болчихоод байгаа нь үнэн бол нийгмээ эмчлэх тухай эхлээд ярих ёстой биз дээ.

Г.Уянга гэх сэтгүүлч эмэгтэй (бодоход нөгөө хуулийн багийнхны өмнөөс л ярьж байгаа байх л даа) “Цаазын ялыг зөвхөн тодорхой төрлийн гэмт хэрэгт оноохоор хууль санаачилсан, бага насны хүүхэд хүчиндсэн болон амийг нь хөнөөсөн хэрэгт цаазын ял онооно” гэв. Тэгвэл цаазын ял оноох нэг л хаалгыг нээвэл араас нь дахиад өөр хаалгуудыг ч бас нээх болно гэдгийг санууштай. Өнөөдөр “Хүүхэд хүчирхийлбэл ал, цаазал” гэж байгаа хүмүүс маргааш хулгай хийвэл цаазал, худлаа хэлбэл цаазал, авлига авбал цаазал гээд жагсана. Одоо ч тэгж хашгираад эхэлчихсэн. Тэгэх бүрт нь цаазлаад байх уу?

Монголын парламент “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай” хуулийг 2012 онд соёрхон баталж, цаазын ялыг албан ёсоор халах үүрэг хүлээсэн. Дээр нэр дурьдагдсан ХЭҮК-ийн нөхөд ч энэ асуудлыг ахин дахин судалж үзээд “цаазаар авах ялыг халах нь зүйтэй” гэдэг санал, зөвлөмжийг нэг бус удаа УИХ-д хүргүүлж байсан. 2015 онд баталсан Эрүүгийн шинэ хуулиар цаазын ялыг халсан шалтгаан ч бас ийм. Цаазын ял бол хүний амьд явах эрхийг төр өөрөө зөрчиж буй хэрэг. Хүн хүнээ алахыг эсэргүүцдэг атлаа хүний амь хөнөөх эрхийг төр өөртөө авч болохгүй... гэдэг шалтгаанаар олонхи улс орнууд цаазын ялаас татгалзаад байгаа. Цаазын ял гэмт хэргийг бууруулдаггүй гэдэг нь ч амьдрал, практикаар нотлогдсон учраас тэр. Монгол Улс ч бас ийм шалтгаанаар цаазын ялаас татгалзсан 103 дахь орон болсон.

Гэтэл Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх “Эрүүгийн хуулиас цаазын ялыг халсан нь Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг Монгол Улс дагаж мөрдөхгүй” гэв. Иргэний эрхийн Пакт гэж юу юм, олон улсын гэрээ юу юм бэ л гэж байна.

Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд “Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр шүүхээс ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь насыг хөнөөж болохгүй” гэж заасан. Эрүүгийн хуульд заасан бол болно, заагаагүй болохгүй л гэсэн үг. Түүнээс биш “ал, цаазал” гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй. Ядахдаа үүнийгээ ч мэдэхгүй.

Цаазын ялыг сэргээнэ, сэргээхгүй гэж иргэдээ талцуулахын оронд хүүхдийн эсрэг гэмт хэрэг юунаас болж гараад байна, хүчирхийллийн гэмт хэргийг яаж бууруулах вэ, гэмт хэргийг яаж илрүүлэх, эцэг эхчүүд юунд анхаарах вэ гэдгээ тойрч суугаад ярих ёстой бус уу? Энэ ч гэсэн иргэндээ үйлчилдэг, иргэнээ хамгаалдаг төрийн үүрэг. Тийм байтал тойрч болохгүй асуудлуудаасаа тойрч зугатаад, талцуулж болох бүх сэдвийг шүүрч аваад талцуулж хэрэлдүүлэх ямар учир шалтгаан байна?

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ккк (103.57.94.103)
    Энэ сэтгүүлчийн охиныг эсвэл эхнэр эсвэл эгчийг хүчиндээд алчихсан бол юу гэж бичих байсан бол ???? сэтгэцийн гажигтай балай
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top