x

БИД ЯЛАВ

1945 оны хоёрдугаар сарын 4-нд Крымын Ялтад Франклин Рүзвэльт, Винстон Чөрчилл, Иосиф Сталин нарын дээд хэмжээний уулзалт, бага хурал ажлаа эхлэв. Европ дахь ялалт хэзээ хэзээгүй тулчихсан тул бага хурал ирээдүйн Европын хувь заяа, Азид хэрхэн дайныг дуусгах гэсэн хоёр асуудлыг авч хэлэлцлээ. Америкийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор тэдний Японтой хийж буй дайн одоо байлдаж буй хэмээрээ үргэлжилбэл цаашид 1946-47 он хүртэл сунжирч болохоор байлаа. Зөвхөн Манжуурт буй Квантуны арми гэхэд сая гаруй хүнтэй байсан нь энэ дайнд бушуухан ялъя л гэвэл ямар нэг аргаар Зөвлөлтийг татан оруулах шаардлагатайг харуулж байна. Иймээс Рүзвэльт болон түүний зөвлөх Харри Хопкинс нар Сталинд ямар ч буулт хийхэд бэлэн байлаа. Хамаг чухал шийдвэрлэх тохиролцоо Сталин, Рүзвэльт нарын хувийн уулзалтаар шийдэгдэж энэ тухай Чөрчиллд сүүлд нь л мэдээлж байв[i].

Гурван долоо хоног хэлэлцсэний эцэст Ялтын бага хурлаас гаргасан гурван их гүрний 6 зүйлт тохиролцоонд удирдагчид гарын үсэг зурсны дотор: 

2. Германыг бууж өгснөөс хойш 2-3 сарын дотор СССР Японы эсрэг дайнд оролцох болов. Гэхдээ оронд нь Курилын ольтриг, Өмнөд Сахалиныг мэдэлдээ авахаар болов. Манжуур хэдийгээр Хятадын суверенитетид хамаарах боловч тэнгисийн боомт болон төмөр замд нь зөвлөлтүүд онцгой эрх эдлэхээр болсныг Рүзвэльт Чан Кайшигаас асууж зөвшөөрлийг нь авах болов. Мөн БНМАУ-ын статус-квог АНУ, Их Британи зөвшөөрч, Хятадад энэ тухай мэдээлэх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч өөртөө хүлээв.

Тохиролцооны хоёрдугаарт өгүүлсэн Японы эсрэг дайнд СССР оролцох нөхцлийн нууц хэлэлцээрт (Алс Дорнодын асуудлаарх хэлэлцээр) мөнөөх гурав 1945 оны хоёрдугаар сарын 11-нд гарын үсэг зуржээ:

СССР, АНУ, Их Британи гэсэн гурван их гүрний тэргүүн нар тохирсноор Германыг ялж Европт дайн дуусгаснаас 2-3 сарын дараа ЗСБНХУ нь Холбоотны талд Японы эсрэг дайнд дараах нөхцөлтэйгээр орох болно:

1. Гадаад Монголын (Бүгд найрамдах Монгол ард улсын) статус-квог хэвээр хадгална.

2. 1904 оны Японы халдлагаас өмнөх үеийн Оросын хуучин эрхийг сэргээнэ;

3. Курилын арлуудыг ЗСБНХУ-ын мэдэлд өгнө;

Гадаад Монгол, усан боомт болон төмөр замын талаарх тохиролцоог генералиссимус Чан Кайшид урьдчилан мэдэгдэх ёстой нь ойлгомжтой. Маршал Сталинаас тодорхой зөвлөлгөө аваад үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч гүйцэтгэнэ. Япон ялагдсаны дараа ЗСБНХУ-ын дээрх шаардлага үг дуугүй биелэгдэнэ гэж гурван их гүрний удирдагч нар тохиров[ii].

Америкчууд Японыг мөддөө буулгаж авч чадахгүй гэж Сталин дүгнэж байсан тул “СССР нь наймдугаар сарын сүүлчээр Манжго дахь Японы арми руу дайрна. Үүний өмнө давших өдрөө Хятадтай тохирно. Хятадтай зөвшилцөөгүй тохиолдолд Японтой дайтах боломжгүй” гэж Подстамд мэдэгдлээ. Мөн “Герман манайд довтолсон учир бид тэдэнтэй байлдсан. Гэтэл Япон бидэнд довтлоогүй атал бид тэдэнтэй дайтаад унавал манай ард түмэн ойлгохгүй шүү дээ. Гадаад Монгол, Манжуурын асуудал шийдэгдээгүй байхад Японы эсрэг дайнд нэгдсэнээ Молотов бид хоёр Зөвлөлтийн иргэдэд юу гэж тайлбарлах вэ?”[iii] гэж ярьж байлаа. Энэ бол Японд довтлохыгоо үнэ хүргэж, өөрийн барьцаа чангалж буй хэрэг.

Гэтэл америкчууд ирээдүйн Японд СССР-ийн нөлөөг тогтоолгохгүй, зөвлөлтүүд энэ бүс нутагт ямар нэг эрхтэй болохоос сэргийлж шийдвэрлэх тулалдааны өмнө цөмийн зэвсгээ ашиглажээ. Хирошимад атомын бөмбөг хаях хүртэл Японтой аанай л дайн эхлээгүй байсан Сталин гэнэт сандарч, Ялтын гэрээ утгаа алдахаас айн япончууд бууж өгөхөөс өмнө яаралтай хөдлөв.

Наймдугаар сарын 8-нд СССР Японд дайн зарлаж наймдугаар сарын 9-ний шөнийн 12 цаг 10 минутад Улаан армийн Алс Дорнодын I, II фронт, Өвөр Байгалын фронт, Номхон далайн флот, Амурын флотилын хүчээр Манжуур болон Солонгосын хойг руу цөмрөн орлоо. Зөвлөлтийн армийн нийт бие бүрэлдэхүүн 1 сая 685 500 хүрч, 5 250 танк, 5 200 онгоцтой, Квантуны арми сая цэрэг, 1 200 танк, 1 900 онгоцтой аж[iv]. 

Маргааш нь БНМАУ мөн Японд дайн зарлав. Үүнийг Сталин хүсэж Чойбалсанд хэлсэн аж. Монголчууд дайнд орсноор нийтийн дайсныг сөнөөх үйл хэрэгт оролцож буй тусгаар улс гэдгээ хятадуудад харуулахаас гадна япончуудтай сүлбэлдсэн барга болон өвөр монголчуудыг цус нэгтэй монголын улаан цэрэг амархан ятгаж буулгаж болох сайн талтайг ажигласан байх.

Сталин Чойбалсанд “Танайд байлдааны мэдлэг туршлага сайтай генерал Плиев гэдэг хүн манай цэргийг командалж очно” гэж хэлжээ[v]. Армийн генерал И.А.Плиев гэх энэ осетин хүн хожим 1962 онд Карибын хямралын үеэр Куба дахь Зөвлөлтийн цэргийн командлагч байв.

Америк, Британи, Хятадын хамтарсан хүчтэй цохилт болон атомын бөмбөгнөөс сүрдсэн япончууд наймдугаар сарын 14-нд албан ёсоор бууж өглөө. Харин япончууд гал зогсоох санал Москвад тавиагүй байгаа гэдгээр шалтаглан Хойд Ази дахь байлдаан үргэлжилсээр наймдугаар сарын 23-нд арай гэж дуусав. Зөвлөлтүүд Ялтын хэлэлцээрээр олж авсан газраа ямар ч байсан эзлэх гэж яарчээ. Нөгөөтэйгүүр тэд дараагийн сөргөлдөөнд бэлтгэж байв, юу гэвэл удахгүй Хятадын засгийн эрхийн төлөө алалдах Маогийн коммунистуудыг зэвсэглэх хэрэгтэй байлаа. Дараа нь 1945 оны есдүгээр сарын 2-нд Америкийн “Миссури” хөлөг онгоц дээр Японы тал бууж өгөх актад гарын үсэг зурснаар яг 6 жил үргэлжилсэн, хүний түүхэн дэх хамгийн цуст дайн төгсгөл боллоо. Манжуурын байлдаанд Зөвлөлтийн талаас 8 200 хүн үхсэн бол Япончууд 83 200 хүнээ алдаж 594 мянган цэрэг олзлогдов[vi]. 

Монголын жижиг арми энэ дайнд маршал Малиновскийн командалсан Өвөр Байгалын фронтын бүрэлдэхүүн дотор “Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг” нэртэйгээр оролцож Хянганы нурууг даван урагш 960 километр хоёр чиглэлээр давшиж Жэхэ хүрчээ. Плиевийн командалсан энэ бүлэг 40 мянга орчим хүнтэй байсны 21 мянга гаруй нь[vii] Монголын армийнх байлаа. Наймдугаар сарын аагим халуун, ус бороон дундуур Их говийг танк, авто хөсгөөр богино хугацаанд гатлах бололцоогүй нь мэдээж учир морь, тэмээг зүтгэх хүчнээр ашиглав. Дайнд малаа дагаад дээлтэй малчин явахгүй нь ойлгомжтой тул Монголын арми цөл гатлах үйлст үнэхээр ч хэрэгтэй байсан билээ. Хамаг эрчүүдээ 1937-1938 онд хядуулчихсан цөөхөн монголчууд энэ дайнд 21 мянган цэрэг гаргах бололцоогүй байлаа. Иймээс байсан бүх малчдаа хуу цэрэгт татан Читагаас цэргийн дүрэмт хувцас яаралтай татан нийлүүлж өмсгөн жигдэлжээ. Монгол армийн гол үүрэг нь говь хянганы асар урт замд нэгэнт туулах чадвар мөхөс болсон зөвлөлтийн цэргийн хүнд техникийг маш яаралтай хугацаанд ердийн хөсгөөр чирэн Цагаан хэрэм хүргэх байв. Энэ үүргээ ч нэр төртэй гүйцэтгэсэн. Өвөр Байгалын фронтыг командалж байсан маршал Родион Малиновский дурсахдаа: 

“Зөвлөлт Монголын морин цэрэг усгүй элсэн цөлийг богино хугацаанд гаталсан… Монгол дайчид бол төрөлхийн морьтон ардын удам. Зүг чигээ алдах хязгааргүй элсэн говь, худаг ус ховор нар төөнөсөн өргөн тал бол тэдний амьдарч өссөн нөхцөл. Эцэг өвгөдийн үеэс тэд морин дэл дээр өсч, үеэс үед дамжин иржээ. Цэрэгт татагдсан малчин монголыг морь унахад болон морин аялалд сургах шаардлагагүй нь монгол цэргийн давуу тал. Чухам үүний хүчээр л морьт механикжуулсан групп ердөө долоо хоногийн дотор 700-800 километр замыг туулж байлдааны үүргээ биелүүлэн тусалсан юм.”[viii]

Жанчхүүгийн (Zhangjiakou) даваа хүртэл байгалийнхыг тооцохгүй бол ямар ч саад тотгоргүй чигээрээ цуваагаар шуурхайлан заримдаа өдөрт 120 километр хүртэл урагшилсаар 10 хүрэхгүй хоногт амжин давхиад оржээ. 

Эзэн хааны бууж өгөх тухай тушаал хүрээгүй 500 орчим цэрэгтэй японы жижиг хороо уулаасаа байгалийн хамгаалалт болсон энэ даваан дээр Монгол-Зөвлөлтийн армийг тосон авлаа. Энэ даваанд цорын ганц тулалдаан болоод цааш давшин Хаалган оров. Хятадууд зөвлөлтүүдэд Бээжинг чөлөөлөх зөвшөөрөл өгсөнгүй. Ингээд л Жэхэд (Chengde) баярын парад хийгээд буцлаа. Монголын армийг хил хүргэж өгөх үүрэг аваад мордсон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал юунаас болсон нь үл мэдэгдэх шалтгаанаар мөн Жэхэ орчихжээ. Түүнийг онгоцоор дуудаж Улаанбаатарт авч ирэв. Энэхүү зүдэргээтэй хүнд маршийн явцад Монголын армиас 78 хүн үрэгдсэний дийлэнх нь намрын халуунд ямар ч цэргийн бэлтгэлгүй малчид усгүйдэн ядарч эрсэдсэн бололтой[ix]. 

Харин олон баримтад байнга дурьдсанчлан Жанчхүүд хэнтэй хэрхэн тулалдсан нь тодорхойгүй байдаг. Плиевийн өөрийнх нь бичсэнээр Жанчхүүгийн бэхлэлтэд байсан 10 мянган япон цэргийг буун дуу гаргалгүйгээр буулган авч бүх зэвсгийг нь хураасан гэх. Япон цэргийн штаб Жэхэ хотын хэрмэн дотор байрладаг, харин уулын аманд байдаг тус хотыг оросууд бүсэлчихсэн байжээ[x]. 

Дэ вангийн монгол цэрэг эсэргүүцэл үзүүлсэн учир тулалдсан гэх яриа байдаг ч Шилийн гол, Цахарыг тавьж өгөх Дэмчигдонровын тушаалыг 1945 оны наймдугаар сарын 10-нд дэслэгч генерал Тэгшбуян бүгдэд танилцуулсан ба тэнд: “Зөвлөлт, Монголын хамтарсан цэрэгтэй тулалдаан хийж, сум хөдөлгөж огт болохгүй. Хошууны цэргийг зэр зэвсгийнх нь хамт бүр элсэнд шилжүүлж оруулагтун”[xi] гэсэн байна. 

1945 оны тавдугаар сарын 1-нд 39 дүгээр армийг резервийн арми болгож Монгол руу шилжүүлэн байрлуулах шийдвэр гарч, мөн оны зургадугаар сарын 20-нд Өвөр Байгалын фронтын мэдэлд өгчээ. Энэ арми наймдугаар сард Тамсагбулагаар Монголын хилийг давж Хянган-Мүгдэний фронтоор Японы эсрэг давшсан юм. Дайны дараа Улаан цэргийг Монголоос гэдрэг татаж оронд нь Дотоодын цэргийн төмөр замын ангиуд орж ирсэн юм. Тэдний хүчээр төмөр зам барих ажил эхэлсэн. Үнэндээ энэ нь “власовчууд” гэх Гулаг-ийнхан байлаа[xii].

ХХ зуунд Алс Дорнодын дайны театрт Орос Япон хоёр нийтдээ дөрвөн удаа байлджээ. Эхнийх нь 1905 онд Япон ялалт байгуулж Порт Смоутын гэрээгээр Орос ялагдлаа хүлээсэн. Хоёр дахь нь 1922 онд япогчууд Приморьегоор дамжин цэрэг оруулж илт давамгай байдал үзүүлээд гарч явсан. Гурав дахь нь Халх голд тулалдан аль аль тал хүнд хохирол хүлээсний эцэст тэнцсэн гэж үзээд байлдааныг зогсоох хэлэлцээр Москвад хийн хоёр тал гарын үсэг зурсан. Ингээд энэ хоёр орны дөрөв дахь тулалдаан 1945 оны намар Манжуурт болж Япон бууж өгснөө хүлээн зөвшөөрснөөр бүтэн зургаан жил үргэлжилсэн Дэлхийн II дайн төгсгөл болсон юм.[xiii]

Шинэ Монголын түүхэн дахь Монголын армийн хамгийн өндөр ач холбогдолтой үйлс нь 1945 оны чөлөөлөх дайнд Монгол улс оролцсон явдал юм. Германы нацизм, Японы милитаризмыг ялан, хүний түүхэн дахь хамгийн цуст дайныг эцэслэсэн энэхүү түүхэн баатарлаг үйлсээр энх тайван тогтоосон явдалд Монгол улс оролцсоноор өөрийн тусгаар тогтнолыг даян дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх үүд хаалга нээгдсэн билээ. Чөлөөлөх дайнаас хэдхэн сарын дараа мөнхийн хоёр аварга хөрш болох Зөвлөлт холбоот улс ба Бүгд найрамдах Хятад улс нь Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. 

[i] Churchill, Winston. Second World War, 12vol (London 1988) |V pp-250-371

[ii] Clubb, Edmund. O. Chine and Russia; The “Great Game” (Columbia University Press, New York and London 1971) p-291

[iii] Сюнь Цайшүнь Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай (Шаньдун мужийн Биньжоу Их сургууль) [Sun Tsaishun About Outer Mongolia`s independence]

[iv] Барынькин, В. М. Маньчжурская наступательная операция (Военно-исторический журнал 1995, №5) ст-15. [Barynkin, V. M.  Manchurian offensive operation (Voenno-istoricheskiy zhurnal 1995, No. 5) pp-15

[v] Бат-Очир, Л. Сталин, Чойбалсан нарын 1940-өөд оны уулзалтууд (Ардын эрх сонин 1995) №145-152 [Bat-Ochir, L. The meetings between Stalin and Choibalsan in the 1940`s]

[vi] Clubb, Edmund. O. Chinа and Russia; The “Great Game” (Columbia University Press, New York and London 1971)

[vii] Дэлхийн II дайнд БНМАУ Квантуны армийг бут ниргэсэн нь (Улаанбаатар 1989) [How MPR smashed the Kwangtung army in World War II]

[viii] Малиновский, Р. Я. Маршалы Советского Союза. Личные дела рассказывают (Москва. “Любимая книга” 1996.) [Malinovsky, R. Ya. Marshals of the Soviet Union. Personal affairs are told (Moscow. "Favorite book" 1996.)

[ix] Даваасүрэн, Б. Дэлхийн II дайны төгсгөл ба МАХЦ (Дэлхийн II дайн ба чөлөөлөх дайны ялалтын 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал,1995) [Davaasuren, B. The end of World War and the Mongolian army]

[x]Плиев И.А. Через Гоби и Хинган Воениздат. Москва 1965 [Pliyev, I.A. Through the Gobi Desert and the Khingan Mountains. 1965]

[xi] Очирбат, Д. Дэ вангийн хөвгүүний өчил (Улаанбаатар 2014) х-16-17 [Ochidat, D. Confessions from De wang`s son]

[xii] Баярхүү, Д. Монгол дахь Зөвлөлтийн цэргийн түүхээс цухас өгүүлэхүй (Pax Mongolica. ШУ- Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн сэтгүүл. 2016. # 1) х-28-29 [Bayarhuu, D. Speaking briefly of Soviet troops in Mongolia]

[xiii] Боханов, А. Н., Горинов, М. М. Дмитриенко. В.П… История России, ХХ век (Москва 2012). [Bokhanov, A.N., Gorinov, M.M.Dmitrienko. V.P ... History of Russia, XX century (Moscow 2012)]

Б.БААБАР

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • OYUN (197.211.63.63)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Fatima Frisco (146.70.212.102)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын оргил ачаалал нэг цагаар буурчээ Өчигдөр 13 цаг 27 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто...
Top