Авлигатай тэмцэх газраас шалгагдсан гаалийн байцаагч нарын асуудлаар Гаалийн ерөнхий газраас (ГЕГ) мэдээлэл хийлээ. ГЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Л.Очгэрэл хэлэхдээ, Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналтын хэлтэс нь албан хаагчдын сахилга ёс зүйн зөрчлийг хянах, мөн албан хаагчийн хууль ёсны эрхийг хамгаалах үндсэн үүрэгтэйгээр 2023 онд байгуулагдсан хэмээжээ.
Тус хэлтэс 2023 онд 172 албан хаагчийг шалгаж, 49 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. 2024 онд 142 албан хаагчийг шалгаж, 72 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Харин 2025 он гарсаар 36 албан хаагчийг шалгаж, 16 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан тухай мэдээлэв.
Үр дүнг харахад, 2023 онд гарсан нийт зөрчлийн 60 орчим хувь нь татвараас зайлсхийх, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд байв. Харин 2025 онд ихэнх нь ажил тасалсан зэрэг ёс зүйтэй холбоотой асуудлууд байгаа нь тухайн нэгж ГЕГ-т бий болсноор албан хаагчдын хууль сахих түвшин дээшилсэн гэж дүгнэж байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар