x

"Орлого, зардлаа татвар төлөгчдөд ил тод тайлагнах нь намуудын төлөвшилд эергээр нөлөөлдөг"

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Тамгын газарт ажиллав.

Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Монгол Улсын төрийн байгуулалд оруулж буй томоохон өөрчлөлтийг зөв зүйтэй хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс тэрбээр парламентын ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сургамж, туршлагыг судалж байна.

Энэхүү туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд тэрбээр Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Лангтай албан ёсны уулзалт хийж, Холбооны төсөв, санхүүгийн эрх зүй, хяналтын тогтолцоо болон парламентын гишүүний бүрэн эрх, ёс зүйн хэм хэмжээ, хязгаарлалт зэрэг асуудлыг эрхэлсэн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Түүний энэ удаагийн туршлага судлах ажлын үндсэн зорилго нь улсын төсөв, төлөвлөгөө хийгээд санхүүгийн салбарын хууль, тогтоомжийг боловсруулах, батлах аргачлал, үе шат болон тэдгээрт тавих хяналт, дүн шинжилгээний арга зүй, хамрах хүрээ, мөнхүү улс төрийн санхүүжилтийн шийдлийг судлах юм. Иймд тэрбээр нэн тэргүүнд Бундестагийн Тамгын газрын Парламентын эрх зүйн хэлтсийн зөвлөх, доктор Биргит Рээзэ, Төсвийн болон Санхүүгийн байнгын хороо, Төсвийн хяналтын дэд хорооны Ажлын албаны дарга Соня Вюстник, Оливер Фогт, Александр Трохэ нартай уулзаж, дээрх асуудлуудаар санал солилцов.

Германы Бундестаг нь Холбооны хуулиудыг батлахын зэрэгцээ Засгийн газарт хяналт тавих чиг үүрэгтэй. Энэхүү хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд парламент дахь сөрөг хүчнүүд голлох үүргийг гүйцэтгэдэг. Хянан шалгах түр хороо байгуулах, Засгийн газарт асуулга тавих, Байнгын хорооны хуралдаанд сайд нарын мэдээллийг сонсох гэсэн үндсэн арга хэрэгслүүдээр Бундестаг хяналтаа хэрэгжүүлнэ. Холбооны төсвийг батлахад зонхилж оролцдог Төсвийн байнгын хороо гэхэд л 45 гишүүнтэй бөгөөд тэргүүнээр нь Бундестаг дахь хамгийн том сөрөг хүчний төлөөлөл ажилладаг байна.

Төсвийн хуулийг 25 багц төлөвлөлт, тэдгээрийн нэг бүрчилсэн төлөвлөгөөний хамт боловсруулах бөгөөд Байнгын хорооны 25 ажлын хэсэг, бусад холбогдох бүтцүүд ажиллана. Мөн бодит төлөвлөгөө буюу Холбооны улсын төрийн асуудал, зайлшгүй санхүүжүүлэх зардал зэргийг тусгасан нэгэн багцыг тусгайлан боловсруулж хэлэлцдэг ажээ. Төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд Бундестаг дахь бүх намуудын төлөөлөл оролцсон Хяналтын дэд хороо хяналт тавих бөгөөд тус дэд хороог мөн л сөрөг хүчний төлөөлөл удирдана. Харин Бундестагийн Санхүүгийн байнгын хороо татварын эрх зүйн асуудлыг хариуцаж, төсвийн орлого бүрдүүлэлтийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үндсэн чиг үүрэгтэй бөгөөд тэргүүн нь мөнөөх л сөрөг хүчний төлөөлөл.

Бундестагийн Байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй уялдуулан зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, Байнгын хороод дахь намын бүлгүүд, тэр дундаа сөрөг хүчний төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уялдуулна. Иймд, ялангуяа төсөв, санхүү, хяналтын чиг үүрэг бүхий байнгын хороодыг сөрөг хүчнээс удирдаж ажиллах нь элбэг юм. Байнгын хороод аливаа хуулийн төслийг 2-3 удаа хэлэлцэхийн зэрэгцээ олон нийтийн сонсгол зохион байгуулж, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмээр хэлэлцүүлэн, тэдний саналыг авч тусгадаг байна.

Улсын төсөв болон санхүүгийн асуудлаар судалгаа хийж буйн хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан улс төрийн санхүүжилтийн асуудалд зориуд анхаарал хандуулж, Бундестагийн Муж улсын парламент, намын санхүүжилтийн хэлтсийн дарга, ноён Марк Круазэтэй энэ талаар ярилцсан юм. Тус улсын намын санхүүжилтийн тогтолцоо нь Холбооны төсвийн болон төсвийн бус эх үүсвэрүүдээс бүрддэг бөгөөд Бундестагийн ерөнхийлөгч хяналт тавьдаг аж. Улсын төсвөөс улстөрийн намуудад үйл ажиллагааны зардлынх нь тодорхой хэсгийг олгохдоо “намуудын индекс” хэмээх шалгуур үзүүлэлтийг харгалзана. Энэ индексийг тухайн нам ард иргэдийн дунд хэр нөлөө бүхий болох, мөн нийт хандивын болон хандивын бус орлого, зарлагын тайлан зэргийг үндэслэн Статистикийн газар гаргадаг байна.

Улстөрийн намуудын төсвийн санхүүжилтийг авсан суудалд бус Бундестагийн болон мужийн парламентууд, Европын Холбооны сонгуулиудаар иргэд, сонгогчдоос авсан саналын тоонд харгалзуулдаг онцлогтой юм. Ингэж “саналын данс”-ны аргад тулгуурласнаар парламентад суудал аваагүй намууд ч төсвөөс санхүүжилт хүртэх боломжтой болно. Өнөөдрийн байдлаар Бундестагт улс төрийн зургаан нам суудалтай ч төсвийн санхүүжилтийг 20 нам авдаг байна. Төсвийн санхүүжилт нь намуудад үйл ажиллагаа, орлого, зардлаа татвар төлөгчдөд ил тод тайлагнах шаардлагыг бий болгодог бөгөөд энэ нь тухайн намын төлөвшилд эерэгээр нөлөөлдөг ажээ.

Намууд төсвийн санхүүжилтээс гадна гишүүд, дэмжигчдийн хандив болон хандивын бус орлогоор санхүүждэг. Мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд өөрийн гэсэн газартай ч байж болно. Газраа түрээслүүлж орлого олох, хувьцаа худалдан авч, арилжих зэрэг бүхий л аж ахуйн үйл ажиллагааг улс төрийн намуудад хориглоогүй. Хамгийн гол нь орлого, зарлагаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы тухайлан судалж үзсэн бас нэг сэдэв бол Бундестагийн гишүүдийн бүрэн эрхийг хангах, мөн хязгаарлахтай холбоотой асуудлууд байв. Энэ талаар судлах үүднээс тэрбээр Парламентын болон гишүүдийн үйлчилгээний газрын Бүрэн эрхийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус хэлтэс Дотоод хяналтын нэгж болон Гишүүдийн бүрэн эрхийг хангах, тэдний ажилчдад үйлчлэх, намын санхүүжилт болон муж улсын парламентуудын, мөн Бундестагийн эрүүл мэндийн үйлчилгээний гэсэн дөрвөн албатай. Гишүүдийн бүрэн эрхийг хангах алба нь тэдний эрх, ажиллах нөхцөл хангагдахгүй байх нөхцөлийг арилгахын зэрэгцээ харилцаа, ёс зүйн хэм хэмжээг сахиулах асуудлыг хариуцдаг.

Бундестагийн гишүүдэд мөнгөн хандив авах, парламентын гишүүнийхээ хувиар урамшуулал хөлстэй үйл ажиллагаа явуулах, илтгэл тавих хориотой аж. Мөн холбооны бүргэдийг хувийн зорилгоор ашиглах, улс оронд хохирол учруулахуйц мэдээлэл түгээх зэргийг хориглох ёс зүйн хязгаарлалтууд тавигддаг. Сонгогдохоосоо өмнө хийж байсан ажил, бизнесээ үргэлжлүүлж болох ч үйл ажиллагаа болон орлогоо ил тод мэдээлэх үүрэг хүлээнэ. Хэн нэгэнтэй хэлцэл, зөвшилцөл хийж болох ч түүнийгээ мөн ил гаргаж тавина. Хурал тасалбал өдрийн 200 еврогийн торгууль төлнө. Энэ мэт бүхий л ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл сануулах, олон нийтэд зарлах, торгох зэрэг хариуцлага хүлээлгэдэг байна.

Германы Бундестагийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцах уулзалтууд ихээхэн ажил хэрэгч, үр дүнтэй болж буйг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлон тэмдэглэж, манай хоёр парламентын өмнө тавигдаж буй сорилтууд харилцан туршлагаа солилцож, бие биеэсээ суралцах боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Эдүгээгийн Бундестаг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр буюу 736 гишүүнтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ нь сонгуулийн эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог тодорхой түвшинд хязгаарлах шаардлагыг үүсгэж буй бол Монгол Улсын Их Хурал бүтэц, бүрэлдэхүүнээ өргөжүүлэх, төлөөлөх чадамж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх шинэчлэлтийг эхлүүлж байгаа нь бидний харилцаа, хамтын ажиллагааг зорилго, үр дүнтэй болгож байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Уржигдар 15 цаг 54 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ Уржигдар 15 цаг 50 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа Уржигдар 15 цаг 42 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа Уржигдар 15 цаг 38 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Уржигдар 15 цаг 22 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ Уржигдар 15 цаг 15 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална Уржигдар 15 цаг 00 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв Уржигдар 11 цаг 58 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ Уржигдар 11 цаг 53 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа Уржигдар 11 цаг 48 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш Уржигдар 11 цаг 41 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Уржигдар 10 цаг 28 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Уржигдар 10 цаг 06 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Уржигдар 09 цаг 55 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв Уржигдар 09 цаг 51 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал Уржигдар 09 цаг 40 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Уржигдар 09 цаг 30 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв Уржигдар 08 цаг 55 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно Уржигдар 08 цаг 36 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ
Top