x

Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэдгээ дахин мэдэгдье!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Тэрээр, Миний бие их жанжин Сүхбаатарын талбайд иргэдтэйгээ хамт жагсаж, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь барьцаалсан МАНАН бүлэглэлд ҮГҮЙ гэж хэлж, авлигад барьцаалагдсан 30 жилийг цэгцэлж, шударга ёс тогтсон шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч, тууштай тэмцэхээ илэрхийлж байсан билээ.

Ард түмэнтэйгээ хамт төрийн мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан хулгайг таслан зогсоож, Дарханы Төмөрлөг, Хөтөлийн Цементийн үйлдвэрийг эргүүлэн авч, энэхүү хэргийг шүүхэд шилжүүлж чадлаа.

Ард түмэнтэйгээ хамт баялгаа ашиглуулсны эцэст 22 тэрбум ам.долларын өрөнд оруулсан Дубайн хулгайг таслан зогсоож, Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, гацсан байсан Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадлаа.

Ард түмэнтэйгээ хамт улсынхаа нэрээр бонд босгож, бүлэглэлийн зарчмаар хувааж, эх орноо дампууруулсан Хөгжлийн банкны хулгайг илчилж, 805 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлж, “Чингис бонд”-ын хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны хулгайн асуудлыг шүүхэд шилжүүлж чадлаа.

Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна. Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгой, Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой дээр эрх ашиг нь зөрчигдсөн авлигачдын амь нь тэмцэж, бүх хүчээрээ эргэн ноцож буйг би бүрэн ойлгож байна. Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах нь улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ч гүнээ ухамсарлаж байна.

Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөстөх байсныг нуухгүй ээ.

Яагаад гэвэл, Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэс бүрдүүлдэг бол Тавантолгойн орд нь нүүрсний нийт экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг Монголын нийт ард түмний баялаг юм.
Тийм ч учраас уул уурхай, тэр дундаа нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын бүтэн сүлжээ амь бөхтэй оршин тогтнож байна. Энийг л би нам дамнасан МАНАН бүлэглэл гэж томьёолж байгаа юм.

Нүүрс болон зэсийн судсыг авлигаас бүрэн чөлөөлөхгүйгээр Монгол Улс хөгжил дэвшлийн тухай, иргэдийн баян, ядуугийн ялгаа хэт гүнзгийрсэн орлогын тэгш бус байдлыг арилгах тухай, ард түмний сонголт мөнгөнөөс ангид байж, шударга төр засаг байгуулах тухай, Үндсэн хуульдаа тунхагласан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох тухай ойлголт байх ямар ч боломжгүй нь гашуун бөгөөд бодит үнэн билээ.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш яг 30 жилийн хугацаа өнгөрлөө. Ардчиллын 30 жилийн заагт дэлхий дахиныг хүндрүүлсэн цар тахал, дайн зэрэг томоохон сорилттой нүүр туллаа.

Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд дараах гурван эрхзүйн суурь өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай байна.

Нэг. Орлогын тэгш бус байдлыг арилгах

Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарсангүй ээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын баялаг хэсэг бүлэг хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрч, уул уурхайн баялаг иргэдийн амьдралд бодит орлого болж чадсангүй. Засгийн газрын УУЛ УУРХАЙН далд эдийн засгийг ил болгохын төлөөх тэмцэл ч үүнтэй л холбоотой.

Миний бие өнгөрсөн долоодугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ. Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.

Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн.

Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно. Энэ агуулгаараа Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн болгох багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг Монгол Улсын Засгийн газраас ойрын өдрүүдэд Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх болно.

Хоёр. Иргэний төлөөлөх эрхийг хангах.

Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс билээ. Парламентын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн БАГА АРД ТҮМЭН байх төлөөллийн зарчим юм. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламентыг иргэний төлөөллийн байгууллага гэхээсээ илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага гэж ойлгодог болоод удлаа.

Энгийн иргэн, хоёр том намын гишүүнчлэлгүй нийгмийн сонирхлын төлөөллүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл парламентад сонгогдох нь өдрийн од харах мэт ховор байсныг өнгөрсөн 30 жилийн түүх хангалттай нотолно.

Ардчилал бол эрх мэдэл, эд хөрөнгө хэт цөөнхөд төвлөрснийг эсэргүүцэж гарч ирсэн засаглалын хэлбэр юм. Энэ утгаараа парламентын ардчилал бол төр иргэн хоёрыг холбосон төлөөллийн төв байгууллага бүрэн төлөөлөх ёс зүйн өндөрлөгийн тухай ойлголт билээ.

Тийм ч учраас сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг УИХ-ын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна.

Гурав. Хариуцлагын тогтолцоог чангатгах

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тогтолцоо ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж олон нийт шүүмжилж байна. Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гаднын өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна.

Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна. Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах авлигатай хийх тэмцлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараах үндсэн өөрчлөлтүүдийг тусгаж, Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж байна.

Үүнд:

• Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,

• Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох,

• Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,

• Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгалаа. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Энэхүү хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүд давс мэт шорвог сонсогдож магадгүй ээ. Гэвч аалз мэт бүрхсэн авлигын торыг бид аргадан учирлаж тастаж, хариуцлагатай сайн засаглалыг бүрдүүлж чадахгүй ээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүйгээр тэмцэх болно гэдгээ дахин илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталж өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол төрд шударга ёс ялан мандах болтугай! гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ухаалаг систем нэвтэрснээр гэрлэн дохионы зохицуулалт сайжирчээ 23 мин Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангайд 300 ортой эмнэлэг байгуулна 26 мин Д.Трамп Испани улстай хийх бүх худалдаагаа зогсоохоор сүрдүүлэв 28 мин Монгол, Шведийн Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийв 30 мин Месси ирээгүй тоглолт "Ванкувер" багт 347 мянган долларын гарз авчирлаа 32 мин Монгол, Болгар Улс хоорондын агаарын харилцааны хэлэлцээрийг батална 33 мин Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоёр орны харилцааны шинэ цагийн эхлэл гэж бид харж байна 55 мин Нийгмийн даатгалын сангийн хүүгийн орлого 87.1 тэрбум төгрөгт хүрэв 1 цаг 5 мин Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? 1 цаг 45 мин Х.Ганхуяг: “Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт боловсруулж байна 2 цаг 14 мин Э.Макрон Францын цөмийн цэнэгт хошууны тоог нэмэгдүүлэх тушаал өгөв 2 цаг 23 мин Монголд 1000 амьд төрөлт тутамд 2.3 хүүхэд сонсголын эмгэгтэй оношлогдож байна 2 цаг 32 мин Германы тамирчид Паралимпын наадмын нээлтийн ёслолоос татгалзлаа 2 цаг 34 мин Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэжээ 2 цаг 38 мин Сарнай идсэн ямааны шөл 2 цаг 42 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 2 цаг 47 мин Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууддаа өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай 17 цаг 1 мин “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг хэмнэнэ 17 цаг 5 мин Цахим хэрэглээг багасгаж, өв соёлоо танин мэдэх хөтөлбөр хэрэгжиж байна 17 цаг 6 мин Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 17 цаг 8 мин
iИх уншсан
УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Сарнай идсэн ямааны шөл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлө... Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл о... Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн барилга цуурч, хич...
Top