x

Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомтын сэргэлтийг Оросын төмөр замууд дэмжихээ илэрхийлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо жил бүр болдог Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцохоор тус хотын Русский аралд хүрэлцэн ирлээ.

Ерөнхий сайдыг Владивосток хотын Олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Приморийн хязгаарын Амбан захирагчийн орлогч А.Е.Наздратенко, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн захирал А.Ю.Старичков, Владивосток хотын Засаг дарга К.В.Шестаков нарын албаны хүмүүс угтан авсан юм.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга О.В.Белозёров бараалхав. Өнгөрсөн оны аравдугаар сарын 21-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцож байсан юм. Монгол Улсын Засгийн газраас зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд уулзалтын үеэр хөндсөн бөгөөд ийм төслүүд нь зөвхөн Монгол Улс төдийгүй хоёр болон гурван талт, цаашилбал энэ бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ суурь нөхцөл болох юм гэдгийг тэмдэглэв.

Энэ удаагийн уулзалтын үр дүнд Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, өргөтгөлийн асуудлыг гүнзгийрүүлэхэд талууд санал нэгдлээ. Замын-Үүдийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх буюу хос төмөр замтай болгох асуудлын талаар оросын талтай санал солилцов. Ойрын хугацаанд зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, “УБТЗ” ХНН-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх талаар оросын тал байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, аюултай ачааг хот дундуур тээвэрлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Богдхан” төмөр замын төсөлд тус компанитай хамтарч ажиллах тохиролцоонд хүрлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлнэ. Энэхүү нэгдсэн хуралдааныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нээж үг хэлэх бөгөөд Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашинян, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төрийн зөвлөлийн дарга Мин Аунг Лайнг нар мөн өөрсдийн байр сууриа илэрхийлэх юм.

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа бөгөөд өмнөх чуулга уулзалтуудад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд асан Ли Нак Ён нар оролцож байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top