x

Ноос, сүү, арьс шир, улаанбуудайн урамшуулал авдаг иргэний НДШ-ийг суутган төлөх хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ц.Туваан, А.Адъяасүрэн, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Н.Ганибал, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нар өнөөдөр “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр төсөвт суулган шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд олгож байгаа. Тухайлбал,

  • 2020 онд  46,828 малчинд ноосны урамшуулал 19.4 тэрбум, 2021 онд 91,977 малчинд 31.7 тэрбум төгрөг болсон. 

  • 2020 оноос шийдвэр гарч сүүний урамшуулал олгож эхэлсэн бөгөөд салбарын яам сүүний урамшууллыг литр тутамд 500 төгрөгөөр тооцож олгосон. 2020 оны арваннэгдүгээр сараас эхлээд 2021 оны гуравдугаар сар хүртэл 8.5 сая литр сүүгээ нийлүүлж, тушаасан нийт 6,516 малчин, мал бүхий этгээдэд  4.3 тэрбум төгрөгийн урамшууллыг тооцож олгосон байна. 

  • Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  2020 онд 797 иргэн, аж ахуйн нэгжид 22.4 тэрбум, 2021 онд 767 иргэн, аж ахуйн нэгжид 22.7 тэрбум төгрөг олгосон.

  • Арьс ширний урамшуулалд 2020 онд 37,825 мянган малчин, мал бүхий иргэдэд 9.9 тэрбум төгрөг олгосон байдаг.

Дээрх төрөөс олгож буй урамшуулалд хамрагдаж байгаа малчин, мал бүхий иргэд, тариаланчдын дийлэнх нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч байнгын орлогогүй байдлаасаа шалтгаалж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах, төлөхгүй байх зэрэг асуудал үүсдэг.

Төрийн зүгээс нэгэнт жил бүр төсөвт урамшуулалд олгох хөрөнгийг суулгаад олгож байгаа тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тухай бүр нь тогтмол төлж чадахгүй байгаа, зарим боломжгүй тэдгээр иргэдэд нэгэнт олгох урамшууллаас нь суутган тооцоод олгох нь олон талын ач холбогдолтой. Нэн ялангуяа малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн амьдралын баталгаа болох тэтгэвэр авах эрх нь үүснэ. Иймд энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж хууль санаачлагч танилцуулав.

Хуулийн төсөл 5 заалттай. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд зохих журамд заасан шаардлага хангаж урамшуулал авах болзол хангасан иргэд энэ хуулийн үйлчлэлд хамаарна.  

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл батлагдвал иргэд болон төрд нийгэм, эдийн засгийн олон ач холбогдолтой.

1.  Малчин, саальчин, мал бүхий иргэд, тариаланчид зэрэг иргэд байнгын ажлын байргүй, байнгын орлогогүй тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх нь тогтмол төлөх нь хүндрэлтэй байдаг,

2.  Дээр дурдсан иргэд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байх нь ирээдүйд тэдний амьдралын баталгаанд сөрөг нөлөөтэй,

3.  Нийгмийн даатгалын шимтгэлээ зохих хууль тогтоомжийн дагуу төлж чадаагүй иргэд ирээдүйн амьдралынх нь баталгаа болох тэтгэвэр тогтоолгож чадахгүй. Тэгэхээр хэдий олон иргэн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүй байна төр төдийчинээ олон иргэнд тэтгэмж олгож, тэжээх үүрэг хүлээнэ,

4.  Хууль, тогтоомжийн дагуу жил бүр олгох сүүний, ноосны, арьс ширний, улаанбуудайн урамшууллын хөрөнгийг төсөвт суулгаж урамшуулал авах эрх нь үүссэн иргэдэд олгодог. Нэгэнт тэдгээр иргэдэд төрөөс урамшуулал буюу нэг төрлийн орлого өгч байгаагийн хувьд тэрхүү урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэлийг нь суутгаад урамшууллыг нь олгох нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагч танилцуулаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top