x

Хөшөөнд хоргодоогүй сүнснүүд

Хонины тойг шиг өхөөрдөм эгдүүтэй бор эмгэн зүүн гараар таягаа тулж баруунаа элгэндээ наминчилсаар бурхныхаа өмнө очиж сөхрөв. Үрчгэр уруулаа өмөлзүүлэн “Бурхан минь” гэж шивнээд ухаан санаагаа өөрөөсөө хөөхөд нулимс сул урслаа. Нар сар нэвт гэрэлтмээр хэрзгэр туранхай шувуун цээжээ чадлаараа түхийлгэн тэлж мэнгэртэй уушгаа хэржигнүүлэн байж агаар ихээр сороод дахин “Бурхан минь” гэж сэтгэлээ дайчлан сүжиглэхэд их хүч зарцуулсандаа гэзэггүй мулзан толгой салганаж самсаа үл мэдэг сартганав. Тэгээд зөнөсөн хүний зангаар ганцаараа ярив: Зулаа өргөчихье. Хүрдээ эргүүлчихье. Ум ма ни бад ми хум. Гомбо гүр минь одоо миний нас сүүдэр зуу дөхсөн байх. Чухам хэдийг мэдэхгүй. Мэдээд ч яахав. Нүдний минь урдуур усан хөшиг татчаад юу ч үзэгдэхээ болив. Лха таван тэнгэр минь. Хорвоог бодохуй нүднээс аяндаа хар ус асгараад унах юм. Хөөрхий одооны энэ хүн амьтны аашилж аяглаж нүгэл хилэнц үйлдэж бие биеэ алж талж атаархаж жөтөөрхөж баяжих гэж гай түүтгэр дуудаж байгааг бурхан минь та харж байна уу? гээд эмгэн Бурхан багшийнхаа мэлмийг ширтэв.

Бүгд үхэхгүй мөнх юм шиг галзуурах юм даа. Тэгдэг юм даа. Залуу зандан явахад ухаанд юу ч ордоггүй юм. Тэглээ гэхэд даанч дэндүү. Өндөр нас зооглоно гэдэг сайхан ч юм уу даа мэдэхгүй. Одоо надад бол нүд анимаар л байна. Санаагаар даанч болохгүй юм чухдаа. Эх болсон хамаг амьтны тусын тулд би нэг дүнчүүр маани уншжээ. Арай уншсан дүнчүүрээсээ болоод үхэж өгөхгүй байгаа юм биш биз? Гончигсүм минь харъя нүдгүй, харайя хөлгүй, хазъя шүдгүй, ингэж яваад ч яах билээ. Бас тэгээд таг дүлий. Хүний үг сонсох байтугай сүрхий дуутай трактор хүртэл хажуугаар чив чимээгүй тогдогноод өнгөрөх болж. Үе тэнгийн хүмүүсээс нэг ч үлдсэнгүй. Бүгд үхэж үрэгдээд дуусч. Ингээд бүгд өнгөрөх байсан юм бол ер нь төрөхийн хэрэг байв уу? Хорвоог би зүгээр ч нэг барсангүй. Мөн ч их лай үүрлээ дээ. Гучхан насандаа хань ижлээсээ хагацаж, жар гаруй жил яс арьстайгаа хатлаа. Алаг хорвоод хүн алдаж эндэх нь бий. Гэхдээ хүний алтан амиар алдаж боломгүй. Халуун амь хүнд ганцхан удаа заяана. Ганцхан удаа заяадаг аавын хүүгийн алтан амиар тоглоно гэдэг даанч дээ гэж үглэж сууснаа эмгэн гэнэт эхэр татав.

Түүний нүдийг бялхах нулимс гялтганан дусал дуслаар бөмбөрнө. Усан нулимс мэлтэлзсэн эмгэний нүдэнд бурхан тахил үзэгдэхээ болив. Чалхгүй нүдээ чавганц хий л гөлийлгөж, өргөсөн зулынхаа гэрлийг үзэх гэж хичээнэ. Эргүүлсэн хүрднийхээ чимээг сонсох гэж чихээ дөхүүлэн зүтгэнэ. Аль нь ч түүнд үзэгдэж сонсогдсонгүй. Эмгэн өөрийгөө үхсэн юм биш биз гэж гэнэт эргэлзлээ. Үхсэн юм биш үү хэмээн тэр бээр олзуурхаж буй ч юм шиг. Лав л айсан царайгүй. 

Тэгээд чичирсэн дорой авиагаар ахин шивэгнэж гарав: Бурхан минь намайг ивээлдээ аваач. Би одоо үхмээр байна. Өтлөхийн далай гэдэг яасан барагдашгүй бэрх зовлон бэ. Би бас өсөхийн далайг туулахдаа хичнээн ч ланчиг эдлэв дээ. Нөхөр хань минь хүйтэн шоронд нөмөрсөн дээлээ даахгүй болтлоо доройтсон байсан. “Би буруугүй юм чинь нам засаг удахгүй үнэн мөнийг тогтоогоод намайг суллана. Чи минь тэвчээртэй хүлээж бай” гэж надад захисан. Түүнээс хойш бид хоёр уулзаагүй.

Тавин жилийн дараа ам цагаан цаас надад гардуулсан. Надад алга дарам цаас авчирч өгсөн дарга “Намын ач ивээлээр нөхрийн чинь хэрэг цагаадлаа. Нам засагтгялайснаа та одоо хэл. Одоо та эсэргүүний авгай биш эх орончийн гэргий гэгдэнэ. Түмэн олныхоо дунд нүүр бардам алхах аз заяаг энхрий хайрт нам тань олголоо” гэж учир утгагүй хуурамч зулгүй үг урсгахад би гомдож бахардаад уначихсан байна лээ. Хүний амийг нөхөж өгч болдог юм уу? Нөхрийнхөө гэрэл зургийг би насан турш хайгаад олоогүй. Аргагүй шүү дээ эсэргүүний зураг гээд бүгдийг шатаачихсан юм чинь. Ядаж ганц зураг үлдсэн бол үр хүүхэд ач гуч нартаа үзүүлж “Өвөө чинь ийм сайхан залуу байсан юм” гээд хөөрлөж суухгүй юу. Хүнийг ингэж удам угсаагаар нь хорлох гэж?! 

Ардчилал эхэлмэгц “Танай нөхрийг Сонгино хайрханд олон нөхдийн нь хамт бууджээ. Булсан газрыг бид сая тогтоолоо” гээд бөөн хөөр болсон залуус манайд уухилж ирсэн. Надад бол нэгэнт алчихсан юм хаана ч булсан ямар ялгаа байхав. Хөөрүү залуус намайг хөнгөн тэргэнд суулгаад нөгөө газар нь аваачсан. Тэд намайг “хэлмэгдсэн эмээ” гэж хүндэтгэн аль галвын алуулсан нөхрийг минь амь оруулаад надтай уулзуулах гэж байгаа юм шиг хөөрцөглөж байсан. Ханийнхаа хороогдсон газрыг үзсэндээ надад тийм аятайхан байгаагүй. Сонгино хайрхныхаа ноёлох оргилыг би ойрхноос сайн харж авсан. Буудуулахдаа тэр минь энэ оргилыг ширтэж зогссон байх гэж надад санагдсан. Энэ сүрлэг хайрханд дандаа дээж өргөж,хайртынхаа төлөө хорвоог ганцаар туулсандаа би өөрийгөө журамтай хүүхэн явжээ гэж тоосон. Хөшөөг нь босгоно ч гэх шиг. Хөшөө босгоод яах юм бэ? Шувуу л баана биз. Цаазлуулсан хүмүүсийн овоолоостой ясыг үзээд би дахин муужирсан байна лээ. Мэдрэлгүй ойчсон өтөл буурай намайг зурагтаар сэгсийтэл их удаан харуулсан гээд манай хүүхдүүд гомддог юм. Хэр шүү дээ. Насанд дарагдсан ухаангүй чавганц яаж олигтой харагдав гэж. Хүний мууд дурлаад байгаа юм уу яаж байгаа юм бэ одооны энэ хүүхдүүдийн яс чанаргүйг яалтай билээ. Сүржин хуурамч. Ад хөдлөм. Хайрхан минь, цаазлагдсан хүмүүсийн ясыг арзайж хэрзийтэл овоолсноо надад үзүүлээд “Хөөрхий танай нөхрийн яс энэ дотор уг нь байж байгаа шүү дээ. Гэхдээ та нөхрийнхөө ясыг яаж танихав дээ” гээд зурагтын сурвалжлагч хэлэмгий доломгой хархүү аманд орчих гээд намайг зовоож байсныг би муухан мэдэрч “болиод өгөөчээ” гэж гуйх гээд чадаагүй. Бод малынхаас арай урт нарийхан чөмөг шаантны яс нүдэнд өртөхөд дотор аягүйрхаж би дахин ойчих шахаж сандарсан. Түүнийхээ ясыг би хараад яах юм бэ. Түүнийхээ ясыг би таниад яах болж байна. “Чамайг тавь жаран жилийн хойно цагаатгаж Монгол улс хүндэлж эхэллээ” гэхэд түүний минь хөсрий яс баясна гэж үү? Үгүй дээ, монгол хүн ингэдэггүй юм. Энэ бол харийн хүйтэн араншин! Маньд бол доромжлол. Үрэгдсэн нөхрөөр минь дахиад тоглож гарав. Одоо цагийн хүмүүний шинжийг харахад та нар ямар ч хэрэг тарихаас гудийхгүй улс шиг ээ. Айдас төрчихлөө байна. Алдаж онодог хуурамч хорвоо шүү дээ энэ чинь. Хүний амиар л тоглохгүйг хичээ! Анд сайн нөхрөө гүжирдэн гүтгэж буудчаад “Уучлаарай би гэмгүй сайн нөхөр-чамайгаа хилсээр зориуд алж байж улаан оросуудаас итгэл олж авсан юм” гэж буруугаа хүлээснээр нам засгийн нүглийг арилгаж болно гэж үү? Болохгүй байх аа. Ийм юманд монгол хүн хууртахгүй. “Цагаатгал” хөөрч хөөрцөглөөд байх баяр биш. Цагаатгал гэгчээр нүглээ цэвэрлээд дарангуйллаа мөнхлөх гэсэн башир заль.

Эмгэн бурхныхаа өмнө буудуулсан ханийнхаа сүнсийг дуудаж “Чиний минь буруугүйг ард түмэнд зарлаж ёстой юм ёсоороо боллоо” хэмээн уйлж сууна. Сүнстэй нь ярих цагаатгалын алга дарам цааснаас бодиттой. Хайртынхаа сүнстэй уулзан ярилцаж буйдаа итгэх гэж их хүч гаргасандаа эмгэний тавь жаран жилийн тэртээгээс сахил сахисан гэзэггүй шомбон толгой салганана. Эрсэдсэн нөхөр нь сонсохгүй нь нэн харамсалтай. Эр нөхрийн нь сүнс эмгэнд бурханлаг нандин агаад хоосон тусмаа хэн ч халдаж үл чадах агуу эрхэмсэг. Шувууны сангаст будагдсан хүйтэн чулуун хөшөөнөөс сүнс бол хоосон атлаа хавьгүй бүлээндотно өөриймсөг билээ. Зул мандана. Хүрд эргэнэ. Эмгэний нүдний урдуур татсан нулимсан хөшиг аадрын ус шилэн цонх мөргөн буух адил мэлмэрэн гүйлгэнэнэ. Буурай “Үр хүүхэд минь хүний амиар бүү наадаарай” гэх чин сүжгээ хөвчлөн залбираад бурхнаасаа адис авахаар тонгойн мөргөтөл хамар амаар нь цус бүлээн оргиулан их цаанаас садарч ирлээ. Эмгэн өөрийгөө нөхөр шигээ буудуулчихлаа гэж энэхэн агшинд элийрчээ. Харин дараа нь цагаадаж байна гэсэн бодол хөөрхий буурайд төрж амжсангүй. Зөвхөн би үхэж байна. Бурхан минь намайг ивээлдээ аваарай гэж хэлэх гэжээ. Гэвч хэлж чадсангүй. Дуу нь эмгэний цогцсыг орхиод тэнгэрийн хаяа тийш алсран бүдгэрсээр чимээ тасрав.

Эмгэний нүдэнд улаан, ногоон, цэнхэр, улбар олон гэрэл цоргиллоо. Аль гэрлийг дагах ёстойгоо эмгэн “Сонсгоод” судраас сайн мэддэгтээ баярлан нисэв. Би үхжээ. Намайг бурхан минь тосоод аваарай гэж аминчлан шивэгнэнэ. Энэ шивнээ эмгэний сүнс болой. Элэгдэж үжирсэн зовлогоо орхиод түүний гал амь нүгэлт хорвоогоос зугтааж буй нь энэ юмсанж. Ийм орчлонд юун цагаатгал?! Хилс цаазлагдсан хүнд цагаатгалын хэрэг огт байхгүй гэж эмгэнд тэнгэрлэг энэ агшин хэллээ. Цагаатгал гэдэг алуурчид өөрсдийгөө цагаатгаж буй бузар хэрэг мөн гэж энэ агшин бас сануулав. Цагаатгалд алуурчдын залгамж халаа нүглээ нимгэллээ гэж баясахаас бус, хилсээр хөнөөгдсөн хөөрхийс цагаатгуулснаа мэдэхгүй. Ямар ч буруугүйгээ эх орон ард түмэндээ зарлаж бардам буудуулснаар тэд өөрсдийгөө цагаатсан билээ. Түүнээс илүү цагаатгал байдаггүй. Хувийн цагаатгалаа зарлаад, хувьсгалын хурц суманд тархиа зад буудуулаад үрэгдсэн тэдэнд ямар ч нялуурал хэрэггүй. 

Гайхуулж явсан үзэсгэлэн төгс царай. Гудайлгахгүй гэх хатуу андгайтай омголон тэргүүн. Гоолиг бие бялдар. Энэхүү бүх гоо сайхнаа нийтийн өмнө гадаа гудманд шувуу шавдаг хөшөө-чулуу болгон хувиргалгүй монголоороо зайлсандаа тэд олзуурхан одвой. Тэд шавар барималд дүрээ орхих байтугай алтан шарилаа амьтан хооллоод түргэн арилбал буян болно гэдэг номтой монгол хүмүүс байсан юм. Монгол хүнд хөшөө гэгч шаварт хувцастайгаа ойчсон нэгэн босож ирээд олны хөлийн газар өндөрлөсөн тавцан дээр бүхний хараанд өртөн зогсож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Ямартай ч хүйтэн хөх цементэн баримал сүнстэй яавч үл дүйнэ. Лав л гүнгэрваанд залсан бурхан шиг мөргөх хүсэл төрүүлдэггүй.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 7 цаг 25 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 11 цаг 31 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 11 цаг 32 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 12 цаг 27 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 12 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 12 цаг 43 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 12 цаг 45 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 12 цаг 45 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 12 цаг 46 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 13 цаг 6 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 13 цаг 25 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 13 цаг 36 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 13 цаг 51 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 14 цаг 43 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 14 цаг 43 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 14 цаг 44 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 14 цаг 47 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 14 цаг 50 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 14 цаг 51 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 14 цаг 52 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top