x

Оюун-Эрдэнэ сайд Харвардад суралцсан л байгаа даа?!

2020.04.13

Сүүлийн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” хэмээх сэтгэл татам нэртэй урт хугацааны хөгжлийн хөтөлбөр танилцуулан тун идэвхтэй явах боллоо.

Уг хөтөлбөрийг Засгийн газар санаачилсан гэх хэдий ч мань эр энэ хөтөлбөрийн гол автор бололтой. Улс орноо хөгжүүлэх учгийг олсондоо итгэн хөөрч яваа залуу хүнийг харахад сайхан л даа. Тэр тусмаа Харвардад суралцаж, магистр хамгаалсан гэх залуугийн үг сонсууштай байлгүй яахав.

Харамсалтай нь, Оюун-Эрдэнийн үгийг сонсох тусам, “Алсын хараа 2050” хөтөлбөрийг унших тусам дотор муухайрч буйгаа хэлэхээс өөр аргагүй. Бүтэлгүйтэж талийсан социализмын сүнсийг ахин дуудаж байгаа залуу үеэ харахад халагламаар байна шүү дээ!

Харвард зүүн төвийн үзэл санаа голлосон сургууль гэгддэг. Гэхдээ, нийгмийг төлөвлөгөөт удирдлагаар хөгжүүлэх ёстой хэмээх итгэл үнэмшлээрээ санал нийлдэг коммунист, фашист, нацист гэх мэт популист бүлийн үзэл санааг түгээдэг газар арай ч биш ээ. Тэгээд л би “Оюун-Эрдэнэ Харвардад суралцсан л байгаа даа?!” хэмээн гайхшираад буй.

Ядахдаа, Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” хөтөлбөрөө тун зохимжгүй цаг үед буюу коронагаас үүдэлтэй эдийн засгийн “цунами”-тай зэрэгцэн сурталдаж яваа нь түүнийг бүр тэнэг мэт харагдуулж байна. Хүмүүн төрөлхтөн бүгдээрээ, нэг муу вирусээс болж нурдаг хэврэг эдийн засгийн эрин үе эхэлснийг харж байгаа цаг үед шүү!

Оюун-Эрдэнэ, 2050 онд Монгол Улсыг; дэлхийн эхний арван аз жаргалтай улсын нэг болгоно (одоо байгаа эхний арван улсын нэг нь өнгөрчээ!), нэг хүндээ ноогдох ДНБ-ийг 15000 долларт хүргэнэ (харьцуулахаар одоо байгаа эхний арвын хэмжээнд ч хүрэхгүй л байгаа юм даа?!), дундаж ангийг 80 хувьд (дундаж ангийг малын тоо толгой шиг төлөвлөж өсгөх замаар дэлхийн рекорд тогтоох гэж байна!) хүргэх юм гэнэ. Эмоцлог монголчууд бидэнд сайхан л сонсогдож байна. Коронавирусын цар тахалд тэвдэж буй дэлхий харин сонсвол монголчуудыг “дэмийрчихжээ” л хэмээх вий!

Би хувьдаа, юу ярьж яаж яваагаа сайн ойлгоогүй боловсрол дутмаг залуугийн мунхаглал гэж харж байна. Бичсэн тооныхоо учрыг ч өөрсдөө ойлгоогүй бололтой!

Өнөөгийн байдлаар аз жаргалын индексээрээ эхний аравт ордог орны нэг хүнд ноогдох ДНБ нь 2018 оны байдлаар 45000-114000 доллар. Гэтэл Монголын нэг хүнд ноогдох ДНБ 2050 онд арайхийж 15000 доллар хүрээд, тэгээд эхний аравт орох юм гэнэ. Янз нь 2050 онд эхний арван орны ДНБ нь одоогийнхоосоо 3-10 дахин буурч байж бид аравт багтаж орно гэж тооцож байгаа юм аа даа? Яаж ийм тооцоо хийж чадаж байна вэ?

Бэрс сургууль залуу сайдын маань дээд боловсролын суурийг нь тааруу тавьсан бололтой. Мөн, Харвардад мэргэжил дээшлүүлсэн манайхныг хараад байхад боловсролыг нь биш, нэрийг нь зүүж ирээд байдаг дутагдалтайг хэлэх үү.

Боловсролтой байна гэдэг бол зөн билигтээ хуурталгүй, оюун ухаанаараа бодит байдлыг тунгаан харах чадвартай болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аливаад хандах шинжлэх ухаанч хандлагын түвшин өндөртэй бай гэсэн үг юм.

Харин Оюун-Эрдэнэ болон түүнийг дэмжигч үзэл санаа нэгтнүүд “зөн билгийн тулаан” явуулаад байх аж.

Шинжлэх ухаанчаар харах аваас, эдийн засгийн үйл явц цаг агаарын үйл явцтай адилхан. Таамаглах төдий, төлөвлөх аргагүй. Ган гачиг, зуд турхан, цунами, корона мэтийн гамшгууд хэлж ирдэггүй шиг, эдийн засгийн зогсолт, уналт, хямрал, сүйрэл ч бас хэлж ирдэггүй.

Долоон сарын өмнө коронавирусын халдвар гарна гэж дэлхий огт мэдээгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр, коронагаас болоод дэлхийн эдийн засаг нь 90 жилийн өмнө тохиосон сүйрэл рүүгээ очихдоо тулаад байна. Слава Жижек хэмээх коммунист философич, улс гүрнүүд “цэргийн коммунизм”-д шилжин орж болзошгүй хэмээн айх зэрэг хачин гаж үзэгдлүүд ч болж байна. 

Ертөнц ийм тодорхой бус, төлөвлөгөөгүй байхад, ирээдүйн 30 жилийн Монголыг яаж төлөвлөж чадах билээ.

Жижиг Монгол төдийгүй хоёр хөршийн маань хөгжлийн хөтөлбөрүүд; Америкийн эдийн засгийн хориг, коронавирусын цар тахал, нефтийн уналт мэтээс болоод будаа болж байна. Орос орон цаашдаа бүтэн улс байж чадах уу, үгүй юу ч гэдэгтээ тулж байна хэмээн шинжээчид бичих боллоо.

Өдгөө, аз жаргалын индексээрээ тэргүүлж байгаа арван орны алинд нь ч 30 жилийн хөгжлийн төлөвлөгөө байгаагүй, байх ч үгүй. Яагаад гэвэл, тэд нийгмийн хөгжлийг төлөвлөж болдоггүй гэдгийг сайн мэднэ. Тэд, хөгжье л гэвэл ардчилсан улстөрийн тогтолцоотой, чөлөөт зах зээлийн эдийн засагтай, нээлттэй нийгэм байхад л хангалттай гэдгийг ойлгодог. Нээлттэй нийгэм бол инновацийг өөгшүүлэн дэмждэг эвристик нийгэм учраас хөгжилд байнга нээлттэй байдаг юм.

Энэ дашрамд дурдахад, Сингапурын хөгжлийн эцэг Ли Куан Ю бээр, сүүлчийн бичсэн “Миний алсын хараа” хэмээх нэртэй номдоо, АНУ нь Хятадыг бодвол хөгжилд илүү нээлттэй учраас ямар ч бэрхшээлийг давдаг хүчтэй улс бөгөөд Хятад нь хөгжлөөрөө АНУ-ыг гүйцэж чадахгүй хэмээсэн байдаг. Америкт 30 жилийн хөгжлийн төлөвлөгөө гэж байхгүй, ерөнхийлөгчийн 4 жилийн бодлого л гэж бий.

УИХ-аар хэлэлцэгдэж батлагдмагцаа тоосонд дарагдаж хэвтэх хувь заяатай хөгжлийн хөтөлбөрүүд манайд цөөнгүй бий. “Алсын хараа 2050” хөтөлбөр мөн тэдгээрийн нэг нь л болно.

Ийн бодоод үл тоохсон. Гэхдээ Оюун-Эрдэнэ мэтийн залуу үеийнхэн (магадгүй өөрсдөө юу ярьж буйгаа сайн мэдэхгүй байх) маань нийгмийн асар их гай гамшиг чирж авчирсан 20-р зууны измүүдийн 21-р зууны хувилбарыг олонд сурталдаад байна. 

Нийгмийг үйл явцыг ухаалаг төлөвлөгөөтэйгөөр удирдан жолоодох замаар хөгжил дэвшилд хүргэж болно гэсэн хүмүүний давилуун зангаас национализм, коммунизм, фашизм, нацизм зэрэг 20-р зууны популист бүлийн үзэл санаанууд урган гарсан юм. Тэдгээр үзэл санаанууд хурдан гарч ирсэн шигээ хурдан дампуурцгаасан. Хамгийн удаан тогтсон коммунизм нь далан жил орчим насалсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхийн хугацаатай харьцуулбал ахар богино хугацаа билээ.

Тэдний дампуурал яагаад нийгмийг, жишээ нь 30 жилийн ухаалаг төлөвлөгөөтэй удирдан жолоодож болохгүй байгаа юм бэ? Ингэж удирдах гэхээр яагаад заавал ямар нэг хэлбэрийн дарангуйлалд хүргээд байдаг юм бэ? Яагаад заавал гэм зэмгүй олон сая хүний аминд хүрдэг юм бэ? гэх зэрэг асуултыг тавихад хүргэдэг. Эдгээр асуултад Фридрих фон Хаекаас Стивен Пинкер хүртэлх олон мэргэд хангалттай хариу өгснийг Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуус унших хэрэгтэй! Ингэхэд Стивен Пинкер Харвардын багш шүү!

Оюун-Эрдэнэ шиг залуус гэгээрч амжихгүй бол бид хэцүүдэж мэдэхээр байна!

“Алсын хараа 2050” хөтөлбөрт “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн” болгох зорилгоор монголчууд бидний үнэт зүйл, оюун ухаан, ёс суртахууныг сайжруулах 30 жилийн төлөвлөгөө суулгачихаж. Жишээ нь, монголчуудын ухамсрын байдлыг судална (ухамсартай эсэх шалгуурыг хэн тогтоох юм бол?) гэнэ, монгол хүний удмын санг сайжруулна гэнэ. Монгол удмын сангаа бохирдохоос хамгаалахын тулд бүртгэл хийж, гадаадын иргэдэд квот тогтоох замаар сексийг нь хянах юм гэж ойлгож болохоор заалт байна. Гитлер немецүүдийг сайжруулж ари үндэстэн болгох гэж нэг иймэрхүү төлөвлөгөө гаргаж байсныг эргэж санахад илүүдэхгүй болжээ.

Тийм болохоор, хэдийгээр “Алсын хараа 2050” хөтөлбөр тоосонд дарагдаж хэвтэх ээлжит нэг хөтөлбөр болохыг мэдэж байвч, үзэл санаа нь манай залуу үеийнхэнд хортой нөлөөлж төөрөгдүүлэх учир санаа зовж байна даа!

Э.Бат-Үүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (212.95.5.145)
    Ер нь харвардад төгссөн хүн ядаж дипломоо өрөөндөө жаазлаад тавьчих хэмжээний прайд буюу бахархалтай бг л юм билээ. Олон ч хүн тэгсэн байхыг харсан. Энэ бандид тийм юм бдг ч юмуу үгүй ч юмуу. Эрх мэдлийн араас шунах шунал, урвагч зан, худал үгс, попролоос нь харахад юун харвард манатай л гар харагддаг шд
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.45)
    Ямар ч нөөц тоотой учраас зохицуулалт зайлшгүй. Математик огт мэдэхгүй хүн шиг л 30 жил няцаагдсан неолебарилизм тунхаглалаа да.
    2021 оны 01 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Уржигдар 12 цаг 54 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ Уржигдар 12 цаг 41 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 12 цаг 33 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо Уржигдар 12 цаг 21 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо Уржигдар 12 цаг 07 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Уржигдар 12 цаг 02 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав Уржигдар 11 цаг 56 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 11 цаг 51 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ Уржигдар 11 цаг 47 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө Уржигдар 10 цаг 40 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан Уржигдар 10 цаг 26 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна 2026-10-30 Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ 2026-10-30 Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 2026-10-29 Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 2026-10-29 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026-10-29 “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2026-10-29 Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2026-10-29 Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2026-10-29
iИх уншсан
М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
Top