x

Хөөрхий муу Сайжаа

(Бас дахиад л энэ тухай...)

О.Жи.Симпсон бол америк футболын алдартай тамирчин асан хүн. Түүнээс гадна кинонд жүжиглэж, телевизийн нэвтрүүлэг хийж багагүй алдар хүнд, эд баялаг олсон юм. Харин түүний хүн алсан хэрэг нэрийг нь Америкийн түүхийн хуудаснаа мөнх хаджээ. 1994 оны зургадугаар сарын 12-нд тэрээр Лос Анжелест өөрийн салсан эхнэр, түүний найз залуу хоёрыг гэрт нь хөнөөсөн байна. Америкийн шүүхийн практикт Симпсоны хэрэг олон зүйлээрээ шинэ явдал байснаар барахгүй, шинжлэх ухаан технологийн шинэ эрэмбэ үе, мэдээллийн хэрэгслэлийн хурдан түгэх болон олон түмний сэтгэлд нөлөөлөх чадвар, хуулийн логик болоод хуулийн заалтуудын зөрчил зэрэг олон үйл явдал нь эцэстээ энэ хэрэг нь Америкийн шүүхийн тогтоцын хэрхэн шударга үнэн ажилладгийг дэлхий даяар үзүүлсэн хичээл боллоо. Төгс төгөлдөр хуулийн систем гэж байдаггүй юм байна, үгүйдээ л хүн төрөлхтөн тийм төвшиндөө очиж чадаагүй юм байна гэдгийг энэхүү дэлхий даяар хоёр жилийн турш цацагдан сурталчлагдсан шүүх хурал харууллаа. Шударга ёс гэдэг харьцангуй ойлголт боловч нөгөө талаас шударга үнэний зарчим гэж юм бас байдгийг, түүнийг нь баримтлах талаар дэлхийд Америкийн шүүхийн систем үлгэр үзүүлдэгийг бас баталлаа. Байж болох бүх хувилбараас хамгийн сайн ямар ч шийдвэрийг сонгосон байлаа, нээлттэй тогтцод бүх хүнд таалагддаг шийдвэр үгүйг харууллаа. Урьд өмнө үүн шиг дэлхий даяараа шүүх ажиллагаанд оролцож зөв бурууд нь олон хүн дүгнэлт өгсөн өөр нэг ч хэрэг байгаагүй. Энэ бол мэдээллийн даяаршилд орсон өнөөгийн дэлхийн нэг том үзүүлэлт байлаа. Шүүх хурлын үеэр Симпсоны зөв бурууг Африкийн жунглид, Австралийн цөлд, Европын сургуулиудад, Антарктидийн шинжилгээний экспедицид, Монголын талд хүмүүс шүүж байлаа. Америк төдийгүй дэлхийн бүх мэдээллийн хэрэгслээр цаг алдалгүй түгэн тарж үүнд нь зөвхөн америкчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс гэрч болон санал сэтгэгдлээ илэрхийлэн, шүүхэд нөлөөлөх оролдлого хүний түүхэнд урьд гарч байгаагүй их хэмжээгээр ширүүссэн боловч Америкийн шүүх бол үнэхээр хэний ч нөлөөнд ордоггүй институци юм байна, хамгийн гол нь хүний эрхийн түгээмэл зарчмыг ягштал баримталж чаддаг юм байна гэдгийг энэхүү үзүүлэн тоглолт-шоу-шүүх харуулсан юм. 

Симпсон хоёр хүн алсан нь батлагдсан. Үүнд хэн ч эргэлзээгүй. Шүүх ч, прокурор ч, гэрчүүд ч, сэтгүүлчид ч, телевиз үзэгчид ч, шведүүд ч, ботсванчууд ч, перүчүүд ч, монголчууд ч үүнд баттай үнэмшиж байсан. Хэргийн газар түүний үлдээсэн цус, нус, хөлсөнд ДНХ-ийн задаргаа шинжилгээ хийж мөн гэж тогтоосноороо шинжлэх ухаан технологийн өнөөгийн төвшний ч том сурталчилгаа боллоо. Түүний хүн алсныг нотлох өөр олон баримт гарч ирсний дотор гутал зэрэг даанч бодитой зүйл хүртэл байв. Харин энэ бүхнээ прокурор хуульд зөвшөөрсөн аргаар нотолж чадахгүй байлаа. Тэдний авсан нотлох баримтууд нь бүгд хууль бус аргаар олдсон байв. Шүүх нэг талаас мөр нь таарч байгаа гутлыг мөн гэдгийг нь ойлгож байгаа боловч энэ нь нотлох баримт биш гэж үзсэн учраас түүндээ автаж яллаж болохгүй. Үүнийгээ ч шүүгчид ойлгож Симпсоныг цагаатгасан юм. Харин Симпсон дараа нь иргэний шүүхээр дахин орж буруутай болох нь батлагдан 25 сая доллараар торгуулах болжээ. Эрүүгийн шүүхийн цагаатгасан асуудал дээр иргэний шүүх зөвхөн торгууль ногдуулах байдлаар шийтгэдэг юм байна, тэнд. 

Бүтэц энгийнтэй тархиар тунгаахад гарцаагүй хоёр хүн алсан Симпсон эрх чөлөөтэй тэнэж явна гэдэг шударга бусын цаадах шударга бус зүйл гэлтэй. Гэтэл прокурор хууль бусаар нотлох баримт гаргаж болдог, тэр нь шүүхийн шийдвэрт нөлөөлдөг, шүүх алив хэргийг логикоор бодоод ял тулгачихдаг болбол цаашид америкийн шүүхээр хэд хэдэн мянган гэмгүй хүн шийтгэгдэх болно. Наад зах нь хэрэгтнийг дарамталж байгаад өөрөөр нь худал хэрэг хүлээлгэчихээд үүнийгээ нотлох баримт гэж шүүхээр шийдүүлэх аваас гучаад оны зөвлөлтийн болон монголын шүүх болж хувирна. Төгөлдөршиж амжаагүй хуулиар Симпсоныг шоронд хатааснаар цаашид олон хүнийг хэлмэгдүүлэх хаалга нээгдэнэ. Иймээс энэ бол булчин шөрмөс нь хөгжсөн олны танил нэгэн хар арьст алиа салбадайн асуудал биш юм. Энэ бол нийтэд хамаарсан хүний эрхийн түгээмэл асуудал, шударга үнэний тухай үндсэн зарчим. Симпсон ял завших нь дээр үү, олон нийт шудрага бус шүүхийн өмнө олноороо оочирлох нь дээр үү гэсэн зарчмын сонголт. 

Симпсон шийтгүүлээгүй гэж санана уу? Үгүй, тэр хоёр хүний амийг 25 сая доллараар төлчихөж байгаа юм биш. Тавин нас ч хүрээгүй тэрээр хүний амь зэрлэгээр хөнөөсөн хэмээн бүх орчин нь дэндүү сайн мэдэж байгаа хорвоод ажиллаж амьдарна гэдэг түүндээ бол шоронд сууснаас том шийтгэл. Хааяа зурагтаар сурвалжлагчийн асуултад хариулах түүний царайг хараарай. Америк бол бузар аргаар мөнгө олж болдог нийгэм биш. Манайд л цагдаа хутгалчихаад сонинд ярилцлага өгч мөнгө олдог байх. Симпсон өөрийн алдар цуугаар далимдуулан дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг хөтлөх гэсэн боловч Атлантагийн захирагчид зөвшөөрөөгүй. Түүний хөршүүд нь хүртэл бузар хэрэгтэнтэй хөрш байхаас татгалзаж тухайн газраас зайлахыг янз бүрийн хэлбэрээр шаардаж шахаж байлаа. Байраа зарах гэтэл хүн алсныхаа төлбөрийг төлөх гэж байна гээд худалдаж авах эзэн олдохгүй шарлааж байв. Өөрийг нь хүүхэд хөгшдөөс авахуулаад нийтээр жигшиж байгаа тийм орчинд амьдарна гэдэг там л даа. 

Хууль, хууль тогтоох, хуульчлах, шүүх, яллах, өмгөөлөх, өршөөх гэх мэт ухагдахууны өнөөгийн орчин үеийн ойлголт өмнөх бүх үеийнхээс тэс өмнөө юм. Энэ бол бүхэл бүтэн түүх, урлаг, бясалгал, шинжлэх ухаан, авьяас билэг, мэдлэг боловсролын цогц. Улс төрийн ерөнхий удирдагч, өөрөөр хэлбэл хаан, жанжин, ноён энэ бүх ажлыг түүхийн урт хугацаанд гүйцэтгэдэг байсан ба сүүлдээ боловсронгуйжин ялангуяа шашин, шашны удирдлага, эсвэл тэндээс томилогдсон итгэгдсэн хүн, эсвэл ямар нэг хэмжүүрээр “ухаантай” буюу “шударга” гэж үнэлэгдсэн хүмүүс энэ бүхнийг эрхэлдэг байлаа. Энэ байдал лалын орнууд болон Хятадад энэ зуун хүртэл үргэлжилсэн юм. Монголд ч мөн ялгаагүй. Өөрөөр хэлбэл зууны дунд үе хүртэл бидэнд шүүхийн тогтоц байтугай тэр талаарх төсөөлөл ч маруухан байсан. Харин өрнийн иргэншил тав, зургаан зуун жилийн өөрийн хөгжлийн явцдаа эртний Герег, Ромын хуулийн зарчмыг авч хөгжүүлж боловсронгуйжуулан явсаар бүхэл бүтэн бие даасан шүүхийн тогтоц, институци, засаглал бий болгож түүнийгээ энэ зуун гэхэд нийт хүн төрөлхтний хүртээл, практик болгож чадсан байна. 

Монголд иргэншсэн хуулийн гажуудсан хэлбэр системийн хувьд энэ зууны дундуур коммунист үзэлтэй хамт орж ирсэн ба энэ нь нэг талаас шүүх хуулийн систем цоо шинээр бүрдүүлэх эхний том алхам болсон боловч нөгөө талаас дундад зууны инквизаторын үүрэгтэйгээр цаазын хутга гэдэг ганцхан утга чанараа үзүүлсэн болохоор ард түмний сэтгэлд үнэнийг тогтоогч гэхээсээ цээрлүүлэн гэсгээгч гэсэн төсөөллөөр сэтгэлд нь буусан юм. Энэ байдал үнэн хэрэгтээ ерээд он хүртэл онол практикийн хувьд үргэлжилсэн. Зөөлөн хатуугийн хувьд янз бүр л байсан байх, гэхдээ л гэсгээн цээрлүүлэх төрийн том машин гэдэг утгаа хадгалж л байлаа. Гуч дөчөөд оны үеийн их аллагыг бүгд сонссон учраас энд орхиё. Тэр үед энэ ард түмний насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 шахам хувь нь зөвхөн шүүхийн тогтоолоор ертөнцийн мөнх бусыг үзсэн юм шүү дээ. Цаана нь эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд байсан гээд бод доо. Ингэхээр шүүх засаглалын үнэн мөнд энэ ард түмэн итгэл үзүүлдэг болтол хэчнээн жил хэрэгтэй вэ! 

Миний бие ХХ зууны хоёрдугаар хагаст төрсөн шинэ үеийн хүн. Гэтэл миний нүдэн дээр болж өнгөрсөн аймшигт хэлмэгдүүллийн ганцхан жишээг хэлье. Би 120 мянгатад өссөн, хар багын хотын иргэн. Манай хөрш айл маань Р.Сайжаа гэгч таван хүүхэдтэй ердийн нэгэн сэхээтэн гэр байсан. Дэлгүүрт нябо хийдэг эхнэр нь нэг удаа
25 мянган төгрөг алджээ. Түүнийг хулгай хийсэн хэмээн тулган тасалж олон жилийн ялаар шийтгэсэн төдийгүй, нөхрийг нь хувааж идсэн хэргээр олон сараар шоронд хорьж шар махтай нь хатаасан. Тэд гурван жил шахуу шоронд суусан. Харин тэр хойгуур нь жинхэнэ хулгайчид илэрч эхнэр, нөхөр хоёр өршөөгдлөө. Хөөрхий Янжмаа гуай халуун зунаар шоронгоос суллагдсан мөртөө өвлийн чихтэй малгай эрүүвчлэн орцны үүдэнд эрүүл салхи үнэрлэн сар гаруй суусан нь хүүхэд миний нүднээс одоо болтол гардаггүй юм. Тэрээр хоёр сар ч тэсэлгүй нас барсан. Харин мань хоёрыг шоронд байх хойгуур нь таван хүүхэд нь үндсэндээ сүйрсэн. Миний үе чацуутан том хүү нь чухам тэрнээс болж амьдралаа зохицуулж чадалгүй шоронгийн хадаас болсон, дараагийн дүү нараас нь миний мэдэхээр хэн ч жаргал үзээгүй. Магадгүй тэндээс нийгмийг тэр чигээр нь өширхөгчид буй болгодог юм шүү. Чухам энэ маань л нийгэмд шударга явдал тогтооход хамгийн том саад болдог тухай би “Шударга ёсны төлөөх алалдаан” хэмээх саяхны өгүүлэлдээ тодорхой хэлсэн. Чухам ийм төрийн шийдвэр гаргахад голлон нөлөөлж, хувийн өчүүхэн алдар нэр, одон медалийн төлөө зүтгэсэн прокурор “Н” гэгч өнөөдөр энэхүү нээлттэй нийгэмд хамгийн их орлого бүхий өмгөөлөгчийн ажил хийгээд тарган цатгалан явааг, хамаг бага өсвөр насаа алуулж, бие сэтгэл байтугай сэтгэцийн хувьд ч хохирон хэлмэгдсэн, ямар ч буруугүй Сайжаагийн хүүхдүүдийн нүдээр хараад ямар нэг шударга үнэний тухай та нар эцсийн үг хэлж чадах уу. Шүүх засаглал энэ ард түмний нүдэнд эхнээсээ олигтой харагдаагүй. Тийм л учраас нэрт найрагч Чойном “МАХН-ын машин” гэдэг нэршил гаргаж ирсэн байх. 

Нэгэнт хэлбэршин тогтоогүй хууль нь урлагийн хувьд шинжлэх ухааны хувьд, практикийн хувьд, мэдлэг оюуны хувьд хөгжин дээшилж улам сайжрах шалгарлын замаар яваагүй тохиолдолд нийгэм гэнэт нээлттэй системд ороход хууль нь харин ч хэсэг бүлэг хүний биенээсээ өс хонзон авах, хувийн алдар нэр олох хэрэгслэл болдог юм байна гэдгийг практикт харуулж байна. ЗХУ хагас нээлттэй системтэй болж, хуучны зуршлыг халж эхэлж байх тэр үе буюу наяад оны эцэс ерээд оны эхээр Зөвлөлтийн прокурор Гдлян, Иванов нарын хэрэг үүнийг тод жишээ. Зөвлөлтийн нийгэм ялзарсан, ялангуяа түүний удирдлага тамтгаа алдаж, идээчин уугаачин, хээл хахуулчдын үүр овоохой болсон гэсэн нийтийн ойлголт бүхнийг хамарч байлаа, тэр үед. Чухамхүү нийгмийн ийм ойлголт Гдлян, Иванов нарын нэр сүрээ бадруулан мандах хөрс болж өгсөн юм. Тэд Узбекстанд томчуудтай холбогдолтой хээл хахуулийн хэрэг илрүүлсэн ба үүнийхээ хүрээг зориуд өргөсгөн олон хүнийг гүжирдэн гүтгэж, бүхнийг хамарсан хээл хахуулийн тухай домог үүсгэв. Хөөрхий гүжирдүүлж гүтгүүлэгч нэг бус хүн амьдралаа үрж, амиа хорлох явдал олон гарсан. Харин мөнөөх хоёр прокурор улам хөөрцөглөж, энэ хэргийг бүрэн нээлттэй болгон илрүүлэхэд цаана нь бүр том том акулууд байгаа нь садаа болж байна хэмээн зарлаж, нийгэмд шударга явдал тогтоох бүхий л сайн сайхны хэмжүүр өөрсдөө болоодохов. ЗХУ-д болсон анхны нээлттэй өрсөлдөөнтэй Дээд Зөвлөлийн сонгуульд мань хоёр зовлонгүй ялалт байгуулан, депутат болоодохлоо. Нийтийг хамарсан хээл хахууль, түүний жинхэнэ эзэн болсон далд эздийн тухай домог, хууч яриагаа мөнөөх хоёр улам чангатган үнэндээ нийтийг хамарсан парной үүсгэв. Тэд дахин депутат ч болсон. Харин мөнөөх яриад байгаа далд эздийн нийгэм нь системийн хувьд задран унасан боловч Гдлян, Иванов хоёр нэмж хэлэх юу ч үгүй, хий хоосон хардлагаа л өргөжүүлэх гэж дэмий нэг оролдож байлаа. Тэр хоёрын нэр төр олох их аянд ямар олон гэр бүлийн хувь заяа эмгэнэлтэйгээр эргэсэн гэж бодно. 

Үүнтэй адилхан процесс ерэн онд манайд ч бас болоод л өнгөрсөн. Хуульчдын хоорондын маргаан, шийдэгдээгүй асуудал, ажлын алдаа дутагдал төдий зүйл нь ерэн оны хувьсгалын өнгөн дээр “Отгонбаярын хэрэг” гэгч сүр дуулиантай хэрэг болон мандсан. Буян хишгээ ч хайрлаж, хэд хэдэн хүнийг депутат болгож, кино, жүжиг, уран зохиол, шүлэг дуу руу халдварлан олон хүнийг хоолтой болгож өгсөн. Далимд нь гэмгүй нэг хуульч эмэгтэйн амьдрал хувь заяа тэр чигээрээ золигт гарсан. Мөн далимд нь эрүүгийн рецидив гэмт хэрэгтнүүд суллагдсан төдийгүй хэнийг огцруулах, хэнийг дэвшүүлэх талаар өөрсдийн хүслийг шаардлага болгон элдэв байдлаар шахалт үзүүлэн, байчихаад шударга үнэний жинхэнэ хэмжүүр болон тодорцгоов. Чухам энэ суурин дээр нийгэм дэх хамгийн луг мундаг хуульч гэдэг албан бус титэм толгойдоо аваад зүүчихсэн, түүндээ өнөө хүртэл өөрөө үнэмшчихээд шуугиантай хэрэг болгон руу далдганан орж нийгэмд өөрийгөө дахин дахин сануулж байдаг “өвчтэй” хүн ч гарч ирсэн шүү дээ. 

Өнөөдөр бүх дэлхий даяар, түүний дотор Америкт ч, Монголд ч үндсэндээ адил зарчимтай хууль үйлчилж байгаа. Хүн чанартай ухаантай, боловсролтой хуульч ч; тэнэг, адгуу, алдар нэрд үхэн хатан дурладаг авьяас билэггүй хуульч ч аль алинд нь байгаа. Харин хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх практик маань дээрх Симпсоны хэргээс харахад даанч ялгаатай юм даа. Иргэншсэн соёлжсон ертөнцөд шүүх бол хэний ч нөлөөнд ордоггүй бие даасан засаглал. Уул зарчим нь ийм юм. Шударга үнэн хэмээх гүн ухаан, теологийн тодорхой бус зарчим хүн төрөлхтний оюуны хөгжлийн явцад чухам хуулийн засаглал гэсэн утгаар л амьдрал практик дахь зөв шалгуур нь болон тогтсон. Харамсалтай нь шүүх засаглалын бие даасан байдал гэдгийг машинтай, гарааштай, өөрөө дуртай цагтаа сандал ширээгээ худалдаад авчихдаг, мөнгө төгрөгөөр боогддоггүй бие даасан аж ахуйн нэгж утгаар ойлгодог хуульчид манайд нэг бус байдаг юм билээ. Шүүхийн танхим дотор шийдвэр гаргахдаа хэнээс ч үл хамаарсан байхыг л шүүхийн бие даасан засаглал гээд байгаа юм, уг нь. Хэнээс ч үл хамаарна гэдгийн “хэнээс ч” гэдэгт зөвхөн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд нар төдийгүй олон нийтийн үзэл бодол, нотлох баримтад тооцогдохгүй гэж хуульчлагдсан нотлох баримтууд ч бас орно. 

Хуулиа мэдэхгүй, хуулийн логикоо ойлгохгүй, мэдлэг боловсролгүй, нийгмийн үр дүнг нь тооцоолохгүй, үл ойшоосон, харалган, заримдаа адал балмад зарим нэг хууль хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа нь нийгэмд халдварлаж, бариад авах барьцгүй, яг энэ гээд заачих хил хязгаар зааг хэмжүүргүй “шударга үнэн” гэгчийг тогтоох сайн дурын их аянд олон түмнийг хийрхүүлэн хөдөлгөж байна. Үүнийг манай мэдээллийн хэрэгслэлүүд, элдэв цуглаан жагсаал, сайн дурын уран сайханч шударга гарууд, тэр байтугай УИХ-ын ёс зүйн дэд хороо гэгчийн үйл ажиллагаанаас хүртэл харж болно. Нийгэм нийтээрээ хөөрлийн, хийрхлийн байдалд орчихвол тийм нийгмээс шударга үнэн гэгч гарах уу. Нийтээрээ хөөрөлд орчихсон байсан хувьсгалын үеийн Франц,; Ленин, Сталины үеийн Орос; соёлын хувьсгалын үеийн Хятад,; наяад оны Камбожид чухамхүү л шударга үнэнийг тогтоох их аян болж байсан юм шүү дээ. 

“Зоригийн амь насанд халдсан хэрэг”, “казиногийн хэрэг”, “хээл хахууулийн хэрэг”, “алт дилерийн хэрэг”, “банкны хэрэг” зэрэг өнөөдөр нийгмийг хийрхэл рүү түлхэх олон олон шалтгаан бидэнд хангалттай байна. Дээр нь хэн ч бишийг хэн нэгэн болгож чадах увидастай төрийн сонгууль улам ойртсоор байна. Эцэст нь энэ нь хэний гар хөлөөр хэний төлөө, юуны тулд үйлчилж, хэний хэнийг ардын баатар болгож, хэнийг сонин болгоны тэргүүнд залж, хэнд ашигтай тусч, хэн хожоод байна вэ? Үүнийг эрхэм хууль хэрэгжүүлэгчид анхааралдаа авна биз. Шударга үнэн гэж юм байдаг юм. Гэхдээ тэр нь цагийн их орчилд аяндаа алсаас харагддаг болохоос хармай хотноосоо юм уу, аль нэг хонгилын булангаас чимхэж гаргаад алган дээрээ тавин нийтэд үзүүлдэг бодит юм биш ээ. 

Б.Баабар /1999.12.05/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана 1 цаг 14 мин Нийслэлийн асуудлыг шинжлэх ухаанд суурилан шийдвэрлэхээр ШУТИС-тай хамтарна 1 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан 1 цаг 16 мин Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд 1 цаг 16 мин З.Мэндсайхан: Гадаад зээлийг өр зээл гэж ярихаас илүүтэйгээр хөрөнгө оруулалт гэж ойлгох ёстой 1 цаг 18 мин МАН-ын бүлэг 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 1 цаг 19 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа ЕСБХБ-ны суурин төлөөлөгчтэй уулзлаа 1 цаг 20 мин “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ 1 цаг 25 мин Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлтийг санаачлах чиглэлийг Засгийн газарт өгсөн 1 цаг 31 мин НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Монгол Улсад айлчилна 3 цаг 41 мин Цахилгаан автомашин эзэмшигчдийн дунд судалгаа явуулж байна 3 цаг 43 мин Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 3 цаг 51 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-д танилцуулав 3 цаг 51 мин Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг түдгэлзүүллээ 3 цаг 53 мин Монгол, Хятад улсууд тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 54 мин Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч 4 цаг 9 мин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд асан хоёр хүнд цаазаар авах ял оноожээ 4 цаг 57 мин З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэнэ 5 цаг 0 мин Астанагийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 5 цаг 2 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна 5 цаг 8 мин
iИх уншсан
Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... 2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... СОЛИОРОЛ “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоноги... Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож ...
Top