x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Онгоц газардахаас өмнө асуулгын хуудас тараан хүн бүрээр бөглүүлж авсан. Онгоц газардсаны дараа битүү цагаан хувцастай хүмүүс орж ирэн хүн бүрийн халууныг үзэж, нэмэлт асуулт асуун тодруулга хийв. Үүний дараа голомтын бус газраас ирсэн, шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг буулгаад 20 гаруй хүмүүсийг онгоцондоо үлдэхийг хүсэн, бидний пасспортыг хураан авлаа. Би энэ хүмүүсийн нэг болж таарав. Голомт газар гэдэг нь Япон, Солонгос, Итали улсууд юм. (Транзитыг мэдээгүй, бараг адилхан байх) Энэ улсуудаас л ирсэн бол та хөгшин, залуу, хүүхэдтэй, жирэмсэн эсэх хамаагүй ямар ч өчиггүй тусгаарлагдаж, ажиглалтын байр руу ачигдана. Энэ голомт гэгдэх улсын тоо одоо улам нэмэгдэх нь тодорхой болжээ!

Биднийг онгоцны арын хаалгаар тусад нь буулгаж тусдаа автобусанд суулгав. Харьцаж байгаа хүмүүс нь дандаа хамгаалалтын хувцастай байх бөгөөд нэлээд хүлээлгэсний эцэст ачааг маань авч ирэн нэмэлт автобус гарган хоёр хуваан суулгалаа. Удалгүй Монгол Улсын хилийн дардас бүхий пасспортуудыг маань буцаан өгөв. VIP (Very important person) заалаар хааяа нэг явахаар ингэж пасспорт авч яваад тамга дараад аваад ирдэг сэн. Энэ удаа VVIP (Very very important person) статусаар улсынхаа хилээр орж ирлээ. Нөгөө улс орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг онгоцноос нь улаан хивсээр тосч аваад шууд машинд суулгаад аваад хот руу гардаг хаалгаар автобустай, цагдаагийн машинаар иййн ёёооо гээд хөдөлгөөн зүсээд явахад бас л омогшдог л юм билээ монгол хүн болохоороо хаха.

Биднийг онгоцноос буулган Онцгой байдлын автобус руу зөөсөн том оврын автобусны ариун цэвэр арай ч дээ л байлаа. Зургийг нь орууллаа. Дээд зэргийн бохир, нил шороо, дагтаршаад зузаараад тогтсон хир, хүмүүсийн наасан бохь энд тэндгүй. Үнэндээ үүнийг хараад коронавирус нь өөрөө айгаад амиа хорлочихмоор санагдсан. "Энгийн шугамын" автобус бол ойлгох сон. Угаасаа Монгол ийм юм чинь гээд. Гэтэл энэ бол ариун цэвэр дээр зэргээр сахин хэмжилт хийх ёстой онцгой нөхцөл байдалд үйлчилж буй автобус шүү дээ. Ядаж нэг угааж болно доо автобус аа! Биднийг буулгасны дараа нэг залуу баллонтой шүршдэг жоомны хор шиг юм авч ороод тэр муу автобусаа бас ариутгамар аядаад байгаа юм аа. Үхсэн баас. Ингэж нүглийн нүдийг гурилаар хуураад яах вэ дээ.

За тэгээд тэгж тэгж биднийг ачсан хоёр автобус цагдаагийн машин дохио, гэрлээ хангинуулан урд буферлэн давхиж өглөө. Зөрж өнгөрч буй хүмүүс эвэртэй туулай харж буй мэт харагдаж байв. Надад болохоор дэлхий дээр арай гэж бууж ирсэн Армагедон киноны төгсгөл шиг ормоонтик санагдаад болдоггүй. Зургийг нь авчихмаар санагдаад арай гэж биеэ, биш ээ нэг гараараа нөгөө гараа барив шүү дээ. Өөрийгөө зэмлээд, ийм онцгой нөхцөлд буруу юмаар тоглоом хийгээд гээд Ганзо Винзог юм уу, эсвэл Винзо нь Ганзог нь юм уу бүү мэд загнаад л хэрэлдэцгээгээд байх шиг байсан миний дотор.

Хөдлөөд удаагүй байхад цуваа гэнэт зогслоо. 5 орчим минутын дараа эмнэлгийн цагаан тэрэг давхиж ирээд арын автобусны нэг хүнийг аваад суулгаад давхиад яваад өгөв. Сураг сонсоход Италиас иргэнийг шууд тусгаарлаж буй нь тэр гэсэн. Бид тусгаарлалт биш ажиглалтанд орохоор явж буйгаа тэр үед гадарлав. Автобусны халаалт нь ажилладаггүй наасан. Халуун дулаан орноос ирсэн, бараг шахуу зуны хувцастай хүмүүс удалгүй шаагилдаж эхлэв. Халуунаар үлээлгээч ээ, хөлдлөө, биднийг бодооч ээ гээд. Жолооч залуу халаалт нь ажилладаггүй юм аа гээд хээв нэг хэлээд давхина билээ. Хэдэн хүн автобусанд ханиад хүрч, хоолой нь өвдсөн, үүнээсээ болоод халуурсан гэвэл би лав гайхахгүй. Амьжиргаатай ганц хоёр бүсгүйчүүд хөл даарангуут шууд гутлаа тайлаад сандал дээрээ эвхрээд сууж байна билээ. Нэлээд явсны дараа нэг залуугийн давсаг яг хагарах гэж байгаагаа хэлээд түр зогсоод өгөөч гэж жолоочоос зөндөө гуйв. Жолооч би тушаал биелүүлж яваа хүн ямар ч эрх мэдэлгүй гээд халгаасангүй. Нөгөө залуугийн царай сүүлдээ бүр хачин болоод, хөдөлж ч чадахгүй болов. Энэ зуур нэг автобусанд буй бид хэд ундаа, усны сав цүнхнээсээ хайж, болохгүй бол явдал дунд цонх, хаалгыг нь онгойлгоод нөгөөдөхийнх нь үзүүрийг нь гаргаад шээлгэх тухай янз бүрийн төлөвлөгөө зохиов. Ингэж мунгинах зуур зорьсон газраа ирж залуу маань ашгүй гарч биеэ зассан. Бие зассан ч гэдэс, давсаг нь нэлээд хөндүүртэй хэвээрээ үлдэх шиг болсон. Өрөвдсөн гэж. Хараад өөрийн эрхгүй дагаад шээс хүрдэг юм билээ.

Ирсэн газар маань 2, 3 объекттай бололтой. Бүгдээр нь тойроод орсон доо. Энд биш тийшээ гээд л бүтэн тойруулав. Мөн онгоцны буудлаас автобусаар гарч байхад манай автобусны жолооч лав хаашаа явах гэж байгаагаа мэдэхгүй байсан. Утсаар байн байн ярих юм. Хэн хариуцаж, хэн шийдвэр гаргаж буй тодорхойгүй л байх шиг харагдсан. Тэр автобусны ариун цэвэр энэ тэрээс харахад манайханд сэтгэл байгаа ч гүйцэтгэл дутуу мэт, гүйцэтгэл байгаа мэт боловч ямар ч сэтгэлгүй мэт эрэмдэг зэрэмдэг үйл ажиллагаа л харагдана лээ дээ. Энэ мэт жижиг зүйлсээ манай хэд цаашид анхаарна биз ээ. Ямартаа ч яаралтай нөхцөлд mass evacuation хийхэд манайхны бэлтгэл төө дутуу буй нь илт анзаарагдаж байна.

Байрлах газраа ирсний дараа хэн ямар өрөөнд орох тухай хүмүүс бас шаагилддаг юм байна. Мөнгийг нь өгнө, ганцаараа люкс өрөөнд ормоор байна, тэр даргаа дууд гэж оркдох нэгэн байхад хаана ч яах вэ хэлсэн газар нь оръё оо гэх залуус нь харьцангуй олон байлаа. Товчхондоо, ирсэн бүлгээр нь, зорчсон улсаар шууд ялган өрөөнүүдэд хуваарилав. Тэр нь ч оновчтой шийдвэр санагдсан. Харин нөгөө нэг хүн люкс өрөөндөө орсон эсэхийг мэдсэнгүй. Тийм өрөө байхгүй гээд эмч нар учирлаад хэлээд байсан ч ганцаараа утсаараа оролдоод үүдэнд үлдсэн дээ. Уг нь би чемоданыг нь дээшээ зөөж өгье гэж бодсон ч сүүлдээ амиа бодсон нь дээр болоод явчихсан даг.

Пионерийн лагерьт ирж байгаа мэт нүүгэлтсэн хүмүүс нь чемодан саваа тачигнуулан өрөө өрөөндөө арай гэж оров. Зарим нь энэ гоё өрөө байна, өрөөгөө солъё гээд наймаа хийх гэж үзсэн бол зарим нэг бүсгүйчүүд би жирэмсэн болохоор арай тухтай чиний өрөөнд оръё, чи эр хүн байна даа арай тухгүй миний өрөөнд орчих гээд зарим залуусыг найрах гэж хүртэл үзсэн байна билээ. Нөгөө чамд гурав, надад гуравхан гэдэг хөгийн зан. Зарим нь 2 долоо хоног гэрийнхэнтэйгээ уулзахгүй, ажил төрөл баларлаа гээд гутарч байхад зарим нь агаар салхинд харин аятайхан юм биш үү гээд нуг нуг инээгээд тун таатай байх юм билээ. Ийм онцгой нөхцөлд цуг яваа хүмүүсийн зан авир, хандлага алган дээр тависан мэт мэдрэгдэж, харагддаг юм байна лээ дээ харин чиг нэг.

Оройхон оруулж өгсөн хоёрдугаар хоол нэлээд хөрсөн байв. Хөрсөн хоол өгч буйдаа ч зөөгч, эмч нар уучлал гуйсан. Тэрийг нь бушуухан идээд араас нь халуун цай уусан. Зарим хүмүүс идэж чадахгүй үлдээнэ билээ. Нийлээд 100 грамм дундаасаа босгох уу гээд тоглоом шоглоом хийтэл олны дэмжлэг авсангүй, цагаа олоогүй наргиа болж таарав. Манай өрөөний хэд лав шокноосоо бүрэн гараагүй байх шиг байсан. Нэлээд хүйтэн өрөөнд бүхлээрээ хувцастайгаа, хөнжил дэвсгэр бүх юмыг нь давхарлаад эвхрэлдээд унтахаар хэвтсэн дээ. Өглөө босоод яг ямар газар ирснээ мэднэ дээ. Хоол идсэний дараа олон дамжин тив алгасан хийсэн урт нислэг, цагийн зөрүү гээд өөрийн эрхгүй нойр хүрээд, ямар их ядарснаа гэнэт мэдрэв.

Үргэлжлэл бий...

В.Ганзориг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (202.9.40.73)
    Ёстой нуг нуг инээж байгаад уншлаа. Унаа байрны ариун цэвэр гээд эрүүл ахуйн бүх асуудлыг мэргэжлийн хяналтын газар шалгаж хянах ёстой. Eр нь хүмүүсийн сэтгэгдлийг уншаад байхад МХEГ муу ажиллаж байна уу даа гэж харагдаад байгаа. Дараагийн өдрийн тэмдэглэлийг хүлээж байгаа шүү.
    2020 оны 08 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ Уржигдар 14 цаг 30 мин Үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна Уржигдар 14 цаг 17 мин Эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөнд Дэлхийн банк зөвлөнө Уржигдар 14 цаг 13 мин Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ Уржигдар 14 цаг 09 мин Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг жил дутуу байхад горилогчид гадуур явж ер харагдахгүй юм Уржигдар 13 цаг 56 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2026-05-29 “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 2026-05-29 Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 2026-05-29 Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 2026-05-29 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2026-05-29 Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 2026-05-29 Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 2026-05-29 Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 2026-05-29 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 2026-05-29 Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 2026-05-29 Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 2026-05-29 Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 2026-05-29 Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 2026-05-29 Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2026-05-29 Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 2026-05-29
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Европын хөрөнгө оруулалтын банкнаас ойн салбарт 100 сая евро...
Top