Дорнод аймгийн ДЦГ-ын шатсан хэсгийн 30 хувьд нь машин техник очих боломжтой. Харин үлдсэн 70 хувьд нь хүрч ажиллах баг маргааш онгоцоор явна.
Засгийн газрын хуралдаанаас УОК, Сангийн яам, БОУАӨЯ, ХЗДХЯ, ОБЕГ, ЦЕГ, Дорнод аймгийн ЗДТГ-т өгсөн үүргийнхээ биелэлтийг хянаж, уулзах үеэр Ерөнхий сайдад энэ талаар танилцуулав. Эдгээр байгууллагад тус ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх даалгасан юм.
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэгт шүүх шинжилгээний шинжээч, ой, ургамлын судлаач зэрэг мэргэжлийн байгууллагын шинжээч нарыг хүч нэмэн ажилуулж байгаа.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир энэ үеэр “Нөмрөгийн ДЦГ-ын Хамгаалалтын захиргаанд мэдэгдэхгүйгээр бүс нутагт нэвтэрсэн тухай ярьж байна. Хохирлыг хөрс, газрын хэвлий, ургамал, амьтан, агаар зэрэг байгалийн бүрдэл хэсэг бүрээр нь хуулийн хугацаанд тогтоохоор хэрэг үүсгэн шалгаж байна. Шүүхийн шатанд дахин хохирол тогтоох асуудал үүсэхээс сэргийлж ШШБ-аас мэргэжлийн шинжээчийг нэмж ажиллуулна” гэсэн бол ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, “Нисдэг тэрэгний түлш нийлүүлэх машин Дорнод аймаг руу хөдөлсөн. Зургаан цэгт ажиллахаар төлөвлөсөн” гэв.

Ерөнхий сайд “Нөмрөгийн ДЦГ-ын 80 орчим хувь түймэрт өртөж, Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэх байгалийн баялаг сүйдсэн байхад хэн ч хариуцлагаас ангид үлдэх ёсгүй. Хэн зөвшөөрөл олгож, ямар зорилгоор нэвтэрсэн, галын аюулгүй байдлыг хэн хангах ёстой байсан, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан, “Мобиком” компанитай холбоотой асуудлыг ч баримтад тулгуурлан шалгах ёстой” гээд, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Гэхдээ хөрөнгө оруулагчийг хууль, хариуцлагаас чөлөөлнө гэсэн үг биш. Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол манай улсын хууль, тогтоомжийг мөрдөх зарчимтайг онцоллоо.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас түймэрт өртсөн газар нутаг, устаж сүйдсэн ургамал, амьтны амьдрах орчин, байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулахыг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирт, хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хүмүүст хариуцлага тооцохыг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн, Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, Сангийн сайд З.Мэндсайханд даалгав. Мөн Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг ХХЕГ-ын Ж.Бямбасүрэнд тус тус үүрэг болгожээ.



