Жил бүрийн аравдугаар сарын 28-нд буюу жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдрөөр Дэлхийн жүдогийн өдрийг даян дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай.
2011 онд Олон улсын жүдогийн холбооноос анх энэ өдрийг ёслон тэмдэглэж, жүдо бөхийн үнэт зүйлсийг сурталчлан таниулж байхаар болсон билээ. Тэдний нэг нь Монгол юм. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2026 оны Дэлхийн жүдогийн өдрийг BELONGING буюу жүдогийн татами дээр хүн бүр тэгш эрхтэй байж, нэгэн том гэр бүлийн гишүүн гэдгээ мэдрэх, хүртээмжтэй байх уриан дор тэмдэглэж байна. Өнөөдөр дэлхийд нийт 20 сая гаруй хүн жүдогоор хичээллэж байна. Олон улсын холбоонд таван тивийн 200 орны үндэсний холбоо нэгдэж, жүдо бөх үнэхээр дэлхий дахины спорт болсныг батлан харуулж байгаа юм.
Монголын жүдочид насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан алт, дөрвөн мөнгө, 24 хүрэл, нийт 34 медаль хүртсэн байна. Анхны медалийг 1989 онд О.Балжинням, Д.Баттулга нар эх орондоо авчирч байв.
ДАШТ-ий медальтнууд
Алтан медаль
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар /2009 он/
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг /2013 он/
Гавьяат тамирчин Г.Болдбаатар /2014 он/
Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа /2017 он/
Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар /2022 он/
Гавьяат тамирчин Б.Баасанхүү /2024 он/
Мөнгөн медаль
Хөдөлмөрийн баатар О.Балжинням /1989 он/
Гавьяат тамирчин Д.Амартүвшин /2013 он/
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг /2017 он/
Гавьяат тамирчин Э.Ариунболд /2022 он/
Хүрэл медаль
Гавьяат тамирчин Д.Баттулга /1989 он/
Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од /2005 он/
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар /2010 он/
Гавьяат тамирчин М.Бундмаа /2010 он/
Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа /2015 он/
Гавьяат тамирчин С.Ням-Очир /2015 он/
Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа /2015 он/
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр /2017 он/
Гавьяат тамирчин Г.Болдбаатар /2017 он/
Гавьяат тамирчин Г.Одбаяр /2017 он/
Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг /2017 он/
Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа /2018 он/
Гавьяат тамирчин Л.Отгонбаатар /2018 он/
Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр /2018 он/
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг /2019 он/
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг /2021 он/
Гавьяат тамирчин Ё.Басхүү /2021 он/
Гавьяат тамирчин Л.Энхрийлэн /2022 он/
Гавьяат тамирчин Ё.Басхүү /2023 он/
Гавьяат тамирчин Л.Энхрийлэн /2023 он/
ОУХМ Л.Анхзаяа /2024 он/
Гавьяат тамирчин К.Ёолк /2025 он/
Гавьяат тамирчин Б.Ганхайч /2025 он/
Гавьяат тамирчин Л.Энхрийлэн /2026 он/
Үүнээс гадна багийн төрөлд эрэгтэйчүүд 2015 онд хүрэл, эмэгтэйчүүд 2007 онд хүрэл, 2014 онд мөнгөн медаль хүртэж байсан. Харин холимог багийн ДАШТ-ээс медаль хүртэж чадаагүй бөгөөд хамгийн өндөр амжилт нь шагналт тавдугаар байр юм.
Олимпын наадмын медальтнууд
Тэгвэл олимпын наадмаас нэг алт, таван мөнгө, зургаан хүрэл, нийт 12 медаль хүртжээ. Монгол жүдочдоос 1980 онд анхны олимпын медалиа авч байсан юм. Түүнээс хойш 1988, 1992, 2000 оныг эс тооцвол бүх олимпоос медаль хүртжээ.
Алтан медаль
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр /2008 он/
Мөнгөн медаль
Ардын багш Ц.Дамдин /1980 он/
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр /2012 он/
Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа /2016 он/
Иранаас Монголын нэр барилдсан Сайед Моллай /2020 он/
Гавьяат тамирчин Б.Баасанхүү /2024 он/
Хүрэл медаль
Гавьяат тамирчин Р.Даваадалай /1980 он/
Гавьяат тамирчин Д.Нармандах /1996 он/
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар /2004 он/
Гавьяат тамирчин С.Ням-Очир /2012 он/
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг /2020 он/
Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар /2020 он/
Жүдо бөхийг 1960-аад оны үед ЗХУ, Зүүн Герман, Чехословак зэрэг улсад сурч байсан монгол оюутнууд нь анхлан эх орондоо хөгжүүлсэн байна. 1971 оны нэгдүгээр сард жүдогийн анхны дэвжээг байгуулж, Үндэсний спортын хорооны зөвшөөрлийн дагуу Монгол дахь албан ёсны спорт болгон баталжээ. Харин 1972 онд Монголын жүдо бөхийн холбоо Ази болон Олон улсын жүдо бөхийн холбоонд албан ёсоор гишүүнээр элсэж, тухайн жилдээ Засгийн газрын тушаалаар жүдогийн шигшээ баг бүрдүүлэн 1972 оны Мюнхены зуны олимпын наадамд амжилттай оролцсон түүхтэй.
Өдгөө Монголын 21 аймаг, есөн дүүрэгт албан ёсны бүртгэлтэй 160 орчим дэвжээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл Дэлхийн жүдогийн өдөртэй давхцуулан өнөөдөр үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар “Зэл” жүдо бөхийн дэвжээгээ нээж байгаа аж.




