x

Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна

"Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяртай ярилцлаа.

-Нэлээд сүр дуулиантай эхэлж байсан “Дархан арьс ширний цогцолбор” төсөл гацаад таван жилийн нүүр үзэж байна. Чухам юу болов?

-Товчхондоо төр гурван замын аль нэгийг сонгох ёстой байсан. Нэгдүгээрт, 178 дугаар тогтоолоороо өөрөө зарласны дагуу хувийн өмчлөгчтэй нь хүүгийн татаасын гэрээгээ байгуулж, өмчид суурилсан загварыг нь дэмжих. Хоёрдугаарт, Төрөөс өөрөө зарласан дэмжлэгийн эрх зүйгээ хувийн хэвшилтэйгээ хэлэлцэн өөрчилж, бодлогын дэмжлэгээ тодорхой болгох. Гуравдугаарт харамсалтай нь сонгогдсон зам зэрэгцээ төрийн бүтэц байгуулж, “төр өөрөө хийнэ” гэх нэрийн дор төслийг тодорхойгүй байдалд оруулж, улмаар хувийн хэвшлийн бүтээсэн дэд бүтцийг үнэгүйдүүлсэн үнээр авах нөхцөл рүү шахах. Эзэн хүний нүдээр бол энэ гурав дахь зам төслийн үнэ цэнийг өсгөх биш, унагах бодлого. Ингэж санхүүжилтийн гэрээ хэрэгжилгүй таван жил гацахад үнийн өөрчлөлт, хуримтлагдсан хүүгээр төслийн өртөг бараг хоёр дахин өссөн цаг хугацаа бол энэ салбарын хамгийн үнэтэй зардал юм. 2021 онд салбарын сайд цогцолборыг 2023 онд ашиглалтад оруулна гэж салбарын зөвлөгөөн дээр зарласан. Өмчлөгчгүйгээр, өмчлөгчтэй нь гэрээгүйгээр ашиглалтын хугацаа зарлана гэдэг өөрөө өмчийн эрхийн зөрчил. Бид энэ болон холбогдох шийдвэрүүдийг шүүхэд шилжүүлсэн. Удалгүй намайг цагдан хорьсон гэвч шалгалтын явцад би ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй нь албан ёсоор тогтоогдсон.

Хамгийн чухал нь захиргааны хэргийн шүүхийн гурван шатны шийдвэрээр төрийн зүгээс олон улсын Парисын аж үйлдвэрийн өмчийн конвенцийг зөрчсөн, бусдыг төөрөгдөлд оруулсан, оюуны өмчийг зөрчсөн үйлдэл нь батлагдсан. Өөрөөр хэлбэл бидний байр суурь сэтгэл хөдлөл биш Монголын хууль, олон улсын конвенц, шүүхийн гурван шатны шийдвэрээр баталгаажсан эрх зүйн үнэн. Үүн дээр нэмээд НҮКС-ийн загварын нөлөөлөл дэлхийн шинжлэх ухааны топ буюу Q1 зэрэглэлийн сэтгүүлүүдэд хөндлөнгийн эрдэмтдийн шүүмж, хяналтыг давж нийтлэгдээд байна. Хууль ч, конвенц ч, шинжлэх ухаан ч нэг зүйлийг хэлж байгаа нь манай төсөл эрсдэлд орсон бус харин ч төр засгийн нэрийг барьсан бодлогын буруутай үйлдэлд шүүхийн хүрээнд бид хариу арга хэмжээ авч эрсдлээс хамгаалах эрх зүйн нотлох баримтууд шүүхэд бэлэн байгаа буюу бурууг тогтоолгоход бид бэлэн байгаа гэсэн үг юм. Учир нь төр засгийн бодлогын тогтворгүй байдал, төр засгийн эс үйлдэлд бид тэр дор нь хариу өгч хамгаалалтын арга авахад төр засагтай харилцаанд ороогүй байгаа болон шинээр эхэлж байгаа төслүүдээс хурдан бид хамгаалах арга авах хангалттай нотлох баримт шүүхийн архивт байгаа гэсэн үг юм.

-УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны тогтоолоор “Дархан арьс ширний цогцолбор”, “Эмээлт үйлдвэрийн парк”, “Шинэ Ховд үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм билээ. Яагаад эхний цогцолбороо бүрэн дуусгаагүй хэрнээ давхар давхар парк болоод явчихав. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Энэ бол яг миний хэлээд байгаа бодлогын алдааны цөм. Аж үйлдвэрийн паркийн амжилтыг эцэстээ нэг л үзүүлэлт шийддэг: газрын үнэ цэнэ бүтээлт (Land Capture Value) буюу дэд бүтцийн гурван давхаргын өртөг. Эмээлтийг аваад үзье. Суурьшлын болон эрчим хүчний үндсэн үүсгүүрээс 20–30 км алслагдсан. Дархан 4 км. Ердөө энэ зайн зөрүү л цахилгаан, дулаан, ус, бохирын дамжуулах-түгээх шугам, холболтын байгууламжийн капиталын хөрөнгө оруулалтыг (CAPEX-ийг) 5-7 дахин нэмэгдүүлнэ. Дээр нь ажиллах хүчнийг дагасан нийгмийн хатуу дэд бүтэц орон сууц, сургууль, эмнэлэг шинээр баригдана. Хамгийн үнэтэй нь харагддаггүй давхарга. Мэргэжилтэй хүн, институци, хамт олныг татах буюу Монгол Улсын төвлөрлийн асуудал болсон нийгмийн зөөлөн дэд бүтэц 10-30 жил шаардаж, жил бүр хүү, инфляциар өртөг нь дам агуулгаар хүчтэй нэмэгддэг хүчин зүйл. Манай төсөл таван жил гацахад өртөг хоёр дахин өссөн гэдгийг бодоход 10-30 жилийн хүлээлт ямар үнэтэйг төсөөлөхөд хэцүү биш. Нөгөө талаас Эмээлтэд төвлөрөх нь төвлөрлийг сааруулах улсын стратегийн том зорилтыг улам гүнзгийрүүлэх нийгмийн дэд бүтцийн урвуу бодлого болж байгаа. Төвлөрлийг сааруулах бусад байршлуудаас Дархан-Уул аймаг нийгмийн дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн байршил.

Капиталын хөрөнгө оруулалтаас гадна жил бүрийн ашиглалтын зардал бий 5-7 дахин урт шугам гэдэг 5-7 дахин их дамжуулалтын алдагдал, өргөх-шахах станцууд, 24 цагийн ашиглалт, хаягдлыг дахин боловсруулах өндөр урсгал зардал. Энэхүү жил бүр гарах ашиглалтын зардлыг хоёрхон аргаар төлнө. Нэг бол бүтээгдэхүүний өртөгт шингээж экспортын өрсөлдөх чадвараа алдана. Эсвэл төсвөөс татаасаар нөхөж, тэр татаасыг иргэд, аж ахуйн нэгжээс татвараар цуглуулна. Аль ч тохиолдолд Монголын малын гаралтай түүхий эдийн салбарын нэгж өртөг өсч, хилийн цаана дэлхийн паркуудтай нэгж зардлаар өрсөлдөх чадвар маань унана. Тэгэхээр асуулт нь “хэдэн парк барих вэ” биш, “аль парк нэгж өртгөөр дэлхийтэй өрсөлдөж чадах вэ” байх ёстой. Дархан дээр хариулт нь тоогоор хэлэгдчихсэн. Бэлэн дэд бүтэц дээр суурилсан учраас манай капиталын хөрөнгө оруулалт ижил төстэй шинэ талбайн хувилбаруудаас дариу 4-7 дахин хямд.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Дарханы арьс, ширний үйлдвэр бүтэлгүйтсэн. Төлбөр мөнгөө авах асуудал руу орох ёстой болохоос биш тэнд ажил хийж байгаа гэж түмэн олныг хуурах боломжгүй” гэж Байнгын хороон дээр хэлсэн. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Би энэ мэдэгдлийг сонсоод гайхсан. Учир нь бодит байдал талбай дээрээ хэмжигдчихсэн зүйл. 110кВ-ын шугам 95 хувь, дэд станц 90 хувь, гадна ус дулааны 3.9 км шугам 47 хувь, өдөрт 10,000 м³-ийн цэвэрлэх байгууламжийн аэротанк баригдсан байгаа нийт дэд бүтцийн тал орчим хувь нь бодитоор босчихсон. Түүгээр ч зогсохгүй бид үйлдвэрлэл, экспортоо туршилтаар нотолсон. Энэтхэг, Испани руу 18 мянган хагас боловсруулсан арьс, Испани руу 30 мянган crust арьсны туршилтын экспорт хийж, 600 мянган ширхэгийн гэрээ байгуулсан. 2021 онд Монголоос Европ руу арьсны анхны экспортыг яг энэ төсөл гаргасан. Хэн ч Эмээлт, Дархан хоёрын талбай дээр очоод хэн нь юу бодитоор бүтээснийг нүдээрээ харж болно.

Тиймээс ийм мэдэгдэлд хоёрхон тайлбар байж болно. Нэг бол газар дээр нь очиж үзэлгүй, төслийг амьдралаараа дэнчин тавьж яваа надтай ганц ч удаа уулзаж тайлбар сонсолгүй хийсэн хайнга хандлага, эсвэл олон нийтийг зориуд төөрөгдүүлсэн үйлдэл. Төрийн өндөр албан тушаалтны хувьд аль аль нь хуулийн хариуцлагын асуулт дагуулдаг гэдгийг би хуульч биш ч, шүүхийн гурван шатыг туулсан хүний хувьд хэлж чадна. Гэхдээ би гурав дахь, хамгийн энгийн тайлбарт нь итгэхийг хүсэж байна. Сайдад мэдээлэл дутуу очсон. Тийм бол асуудал засагдана би сайдыг Эмээлт, Дарханы талбай дээр өөрийн биеэр ирж, бодит гүйцэтгэлийг зэрэгцүүлэн харахыг урьж байна. Ирж, харьцуулж, дараа нь дүгнэлтээ хэлэг.

-Бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар зогсонги хэдий ч хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа вэ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ямар үр ашиг, үр дүн гарах вэ?

-Дэд бүтцийн 50 хувь баригдсан. Бүрэн хүчин чадалдаа 13 үйлдвэр, жилд 10 сая арьс шир, 10 мянган тонн ноос, 1 мянган тонн ноолуур боловсруулна. Хамгийн гол үр дүн нь тоо биш, зарчим. Түүхий арьс $0.50-аас гүн боловсруулсан арьс $10–30+ хүртэл 20–60 дахин нэмүү өртөг Монголдоо үлдэнэ, малчид Leather Capital-ын хувьцаагаар үнэ цэнийн өсөлтөд өмчлөлөөр оролцоно. Энэ бол зүгээр нэг үйлдвэр биш нүүдлийн мал аж ахуйн генетик нөөцийн 70 хувь нь хаягдаж, бэлчээрийн 70 гаруй хувь нь доройтсон өөрөө өөрийгөө идэж буй хосолсон хохирлоос гарах эргэх холбооны түлхүүр. Дайвар бүтээгдэхүүн үнэ цэнэтэй болмогц малчин малын тоогоор бус чанараар орлого олж, бэлчээрийн дарамт буурна. Өндөрширээтийн Q1 сэтгүүлд нийтлэгдсэн сценарийн тооцоогоор өмчлөл, хэмжилт, гар дээрх үр дүнгийн төлбөр бүрэн ажиллавал нүүрстөрөгчийн цэвэр шингээлт 21,807-оос 283,497 тонн CO2 буюу нүүрс хүчлийн хий эквивалент болж 13 дахин өсөх боломжтой. Мөн загварчилсан тооцоогоор нэг малчин өрхийн 20 жилийн цэвэр өнөөгийн үнэ цэн (NPV) ердийн байдлаар $1,109 байсан бол өмчлөлд суурилсан нэгдсэн засаглалын дор $112,201 -101 дахин болно. Хүний сайн үйлсийн үр өгөөж өмчлөлөөр 10–13 дахин үрждэг гэсэн үг.

-Та ярилцлагын туршид энэ төслөө Монголын эдийн засгийн макро боломжтой холбож ярилаа. Тэр холбоог арай дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

-Монгол Улс ядуу орон биш. Баялгаа эдийн засгийн хүч болгож хувиргаж чадаагүй улс. Уул уурхай, эрчим хүч, дата төвийн тухай зөв яриа өрнөж байгаа энэ цагт бид хамгийн том, хамгийн ойрхон, хамгийн шууд боломжоо бэлчээрээ мартаж байна. Бид газар нутгаа хоосон тал гэж хардаг. Хөгжсөн сэтгэлгээ түүнийг эдийн засгийн платформ гэж хардаг. Бэлчээр бол мал бэлчээх талбай төдийгүй нүүрстөрөгч шингээх, ус хадгалах, генетик нөөц үржүүлэх, экспортын түүхий эд бүтээх платформ. Энгийн хялбар тооцоо хийе. Монголын малын генетик нөөц амьдын жингээр ойролцоогоор таван сая тонн. Сүрэг эрүүл эргэлдэхийн тулд жил бүр дөрөвний нэг орчим нь буюу -1.25 сая тонн махан биомасс эдийн засгийн эргэлтэд ордог. Бэлчээрийн физиологийн харьцаагаар 1 кг мах бий болгоход ойролцоогоор 7-10 кг бэлчээрийн ургамал зарцуулагддаг. Тэгэхээр энэ 1.25 сая тонны ард 9-12 сая тонн ургамлын биомассын энерги шингэсэн байна.

Гол эмгэнэл эндээс эхэлдэг. Энэ 1.25 сая тонны ойролцоогоор 60 хувь буюу 700–800 мянган тонны үнэ цэн (арьс, яс, цус, өөх, гэдэс дотор, чанарын алдагдал) бүрэн ашиглагдалгүй хаягдана. Гэтэл тэр хаягдсан 750 мянган тонныг тэжээхэд ~7.5 сая тонн бэлчээрийн ургамал зарцуулагдсан. Иймд бид жил бүр 7.5 сая орчим тонн бэлчээрийн шимийг хий дэмий үрж байна. Энэ бол хосолсон алдагдал. Хаясан бүтээгдэхүүний үнэ цэн алдагдана, түүнийг тэжээсэн бэлчээр дэмий үрэгдэнэ, тэр бэлчээр дарамтад орж доройтоно, генетик нөхөн сэргэлт нь тасалдана. Ингэж л 70/70 буюу 70 хувийн хаягдал, 70–80 хувийн доройтол үүсдэг. (Энэ хэллэг нь батлагдсан хаалттай шалтгаан биш, судалгааг өдөөсөн ажиглалтын хүрээ бөгөөд пилотын хэмжилтээр талбайн ~90 хувь нь дунд ба түүнээс дээш зэргээр доройтсон гарсан.) Дархан цогцолбор яг энэ хаягдлыг үнэ цэнэ болгох зангилаа учраас би үүнийг үйлдвэрийн төсөл гэхээсээ илүү үндэсний хэмжээний эргэх холбоог засах төсөл гэж хардаг.

-Таны ярианаас “халамж биш, өмчлөл” гэсэн санаа тод сонсогдож байна. Энэ юу гэсэн үг вэ?

-Халамж эмзэг бүлгийг богино хугацаанд хамгаалах зайлшгүй үүрэгтэй нь үнэн. Гэвч халамж хүний өөрийн санаачлага, өмчлөх мэдрэмжийг орлох хэлбэрээр өгөгдвөл бүтээлч, чөлөөт зах зээлийн санаачлагыг сулруулж, татварын ачааллыг нэмж, төрийн эдийн засагт дарамт болдог. Баялгийг бүтээхээс илүү хуваарилах руу чиглүүлдэг ийм тогтолцоо бол өнөө цагийн Монголын далд эмгэнэл. Үүний эсрэг эм нь энгийн. Гар дээрх, өмчлөлд суурилсан үр дүнгийн төлбөр. Малчин бэлчээрээ хамгаалснаараа хэмжигдэхүйц үр дүн гаргаж, түүнийхээ төлөө шууд төлбөр, хувьцаа эзэмшдэг болбол халамж хүлээхийн оронд бүтээж эхэлнэ. Үүний бодит дүр зураг, урвуу жишээ нь Монголын арьс шир, малын гаралтай түүхий эдийн салбарын өнөөгийн байдал, асар их генетик нөөцтэй атлаа үнэ цэнийнхээ дийлэнхийг хаядаг, бэлчээр нутгийнхаа болон нүүдлийн өв соёлынхоо үнэ цэнийг унагаж буй салбар. Хохирол нь үүгээр зогсохгүй Монголын бэлчээр дэлхийн уулархаг бүсийн цэвэр усны томоохон эх үүсвэрүүдийн нэгийг тэтгэдэг тул энэ доройтол бүс нутгийн экосистемийн хэмжээний алдагдал юм.

-Удахгүй болох COP17-д болон олон улсын хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудад та юу хэлэх вэ?

-Бид гурван зүйлийг санал болгож байна. Нэгд, нийгэм, эдийн засаг, экосистемд үзүүлэх нөлөөллийн эцсийн шүүгч нь улс төр бус хараат бус, дэлхийн топ зэрэглэлийн шинжлэх ухааны хянан магадлал байх. Хоёрт, ялгаагүй татаас нэмэгдүүлэхэд бус өмчлөл, хэмжилт, засаглалыг бүрдүүлж нөлөөллийн хөрөнгө оруулалтын шаардлагад нийцэхэд чиглэх. Тодруулбал, дэлхийн уулархаг (монтана) цэвэр усны сав газрын биомассыг нэмэгдүүлэх малчдын буюу нийгмийн бүтээлч санаачлагыг дэмжсэн, “хэн нь илүү биомасс буюу хөрсний шимийг бодитоор нэмэгдүүлж байна тэр төслийг” гэсэн шалгуураар хөрөнгөө чиглүүлэх. Ингэх нь дэлхийн хөргөлтийн эх үүсгүүрүүдийн зулай болсон Монголын нүүдлийн өв соёлыг тээгч малчин ардыг хайрлан хамгаалах хамгийн бодит механизм. Гуравт, малчин, хувийн хэвшил, төр, шинжлэх ухаан, олон улсын хөрөнгө оруулагчийг нэг зорилгод уялдуулсан тогтолцоог хамтдаа байгуулах. Монгол Улс ингэснээр байгалийн капиталаа эдийн засгийн үнэт баялаг болгон хувиргаж, шинжлэх ухаанд суурилсан бодлогын шинэ жишиг тогтоох боломжтой. Энэ нь зөвхөн карбон кредитийн бус, олон нийтийн итгэлцэл, институцийн чанарын тухай асуудал юм.

-Та төр засгийн зүгээс анхаарч хэрэгжүүлэх хамгийн гол бодлогыг чухам юу гэж харж байгаа вэ?

-Гурван зүйл хэлье. Нэгдүгээрт, хөгжлийн хэмжүүрээ солиж харцгаая. Дэлхийн чиг хандлага нэг хүнд ногдох ДНБ-ээс гадна нэг га газрын эдийн засгийн үр дүнг харах болсон экологид суурилсан хөгжлийн жинхэнэ үзүүлэлт энэ. Монгол нэг га-гаас $101 бүтээж байна: дэлхийн дунджаас 70 дахин, урд хөршөөс 180 гаруй дахин, хойд хөршөөс 10 гаруй дахин бага. Энэ тоо бодлогын үнэлгээ юм. Хоёрдугаарт, төр тоглогч биш, шүүгч байг. Төр өөрөө үйлдвэр барих гэхийн оронд өмчлөгчтэй нь гэрээгээ (178-р тогтоолын хүүгийн татаас гэх мэт үр дүнд суурилсан хөшүүргээ) биелүүлж, дүрмийг тогтвортой барьж, үлдсэнийг нь өмчийн хөшүүрэгт даатгах. Татаасаар үр ашиггүй дэд бүтэц шууд санхүүжүүлэх нь татварын ачаалал, үр ашиггүй менежментийн зардал, нийгмийн бүтээлч санаачлагыг сааруулах гэсэн гурван давхар үнэтэй. Гуравдугаарт, малчдын өмчлөлд суурилсан оролцоог бодлогын түвшинд дэмжье. Учир нь бэлчээр, малын чанар, экспортын өрсөлдөх чадвар гурав нэг гинжин хэлхээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 1 цаг 9 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 4 цаг 17 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 4 цаг 50 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 4 цаг 56 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 5 цаг 1 мин Шатахууны хямрал ба бодит байдал 5 цаг 11 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 5 цаг 24 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 5 цаг 32 мин Байгаль эхийн хилэн 5 цаг 41 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 5 цаг 53 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 5 цаг 57 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 6 цаг 4 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 6 цаг 13 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов 20 цаг 44 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө 22 цаг 34 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Өчигдөр 15 цаг 44 мин Олон улсын Монголч Эрдэмтдийн XIII их хурал эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Өчигдөр 15 цаг 00 мин “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр 14 цаг 47 мин Монголын таеквондочид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа Өчигдөр 14 цаг 33 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын то... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно
Top