Ялалтын баярыг тэмдэглэхэд бэлтгэх үйл ажиллагааны үеэр буюу тавдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Москва хотод гар утсаар мессеж илгээх, интернэт ашиглахад хязгаарлалт тогтооно гэж Оросын оператор компаниуд анхааруулж байна. Энэ тухай өчигдөр Телеграм суваг мэдээлжээ.
Тухайлбал, 5, 7, 9-ний өдрүүдэд хязгаарлалтад бараг хамрагддаггүй “цагаан жагсаалт”-ын эх үүсвэрүүдийн үйл ажиллагааг хүртэл хязгаарлаж магадгүй байна. Уг арга хэмжээг Москвагийн төвд төдийгүй Тойрог хурдны замын /МКАД/ бүсэд хэрэгжүүлэх төлөвтэй байгаа юм.
9-ний өдөр Москвагийн Улаан талбайд болох Ялалтын парадыг энэ удаад цэргийн техник оролцуулахгүйгээр зохион байгуулах бөгөөд энэ нь “оперативын нөхцөл байдлаас шалтгаалсан” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам тайлбарлалаа. Мөн Улаан талбайд болох парадад Суворовын болон Нахимовын цэргийн сургуулийн сонсогчид оролцохгүй ажээ. Түүнчлэн Доод Новгород, Саратов хотууд, БНЧуваш улс, Калуга мужид цэргийн парад зохион байгуулахгүй. Воронеж, Курск, Брянск, Белгород мужуудад ёслолын буудлага хийхгүй.
Москва хотын дарга С.Собянин өчигдөр мэдээлэхдээ, нийслэлийн баруун дүүрэг дэх “Мосфильм”-ын гудамжинд нэгэн дрон барилгыг мөргөсний улмаас фасад нь эвдэрч, хэд хэдэн байшингийн цонхны шил хагарчээ.
Орост үүссэн нөхцөл байдлын талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэлэхдээ “дайныг өргөжүүлэх үү эсвэл дипломат замаар явах уу гэдгээ шийдэх мөч энэ зун Путинд ирнэ” гэжээ. Мөн “Улаан талбай дээгүүр дронууд нисэх вий хэмээн Оросын эрх баригчид айж байна” гэлээ.


