Барбадосын алдарт дуучин Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу гал нээсэн хэрэг гарсны дараа 35 настай эмэгтэйг хүний амь насанд халдахыг завдсан хэрэгт сэжиглэн баривчилсан тухай Лос-Анжелес хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Иванна Лизетт Ортиз гэдэг уг эмэгтэй саатуулагдаж байгаа бөгөөд батлан даалтаар суллагдах мөнгөн дүнг 10.2 сая ам.доллароор тогтоожээ. Цагдаагийн алба хаагчид өнгөрсөн ням гарагт орон нутгийн цагаар 13:15 цагт Беверли Хиллс дэх харш руу гал нээсэн гэх дуудлагын дагуу очжээ.
Сэжигтэн этгээд дуучны байшин руу AR-15 загварын винтов буугаар буудсан байна. Тухайн үед Рианна гэртээ байсан боловч бэртэж шархдаагүй байна. Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Сэжигтний унаж явсан цагаан өнгийн Tesla автомашиныг дуучны гэрээс 12 орчим км-ийн зайд орших “Sherman Oaks Galleria” худалдааны төвөөс илрүүлсэн бөгөөд уг газарт эмэгтэйг баривчилсан байна.
Сэжигтэн этгээд Флорида муж улсын Орландо хотоос гаралтай гэж "Fox News" телевизээр мэдээлсэн байна.
Рианна, A$AP Rocky нар өнгөрсөн оны есдүгээр сард гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд тэд охиндоо Роки гэдэг нэр өгсөн байна. Хосууд мөн хоёр хүүтэй. Өнгөрсөн оны "Met Gala" ёслолын үеэр Рианна дахин жирэмсэн болсноо зарлаж байсан юм.
Эх сурвалж: BBC



