Бүгд Найрамдах Казахстан улсын Хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн хяналт, шалгалтын хорооны ажилтнуудын төлөөлөл Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн удирдлагуудтай харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Төлөөлөгчид малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хянах, мал эмнэлгийн хяналтыг зохион байгуулах чиглэлээр харилцан туршлага, санал солилцох зорилгоор тус аймагт ажиллаж байгаа юм.
Энэ үеэр мал эмнэлгийн хяналтыг зохион байгуулах практик туршлага, лабораторийн хангалтын тогтолцоо, амьтдын онц аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хяналт тавих арга хэмжээ, түүнчлэн амьтад болон амьтнаас гаралтай бүтээгдэхүүний таних, мониторинг хийх, мөрдөн мөшгөх тогтолцоотой танилцах зорилгоор аймгийн удирдлагуудтай албаны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Е.Зангар аймгийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн өнөөгийн нөхцөл байдлыг төлөөлөгчдөд танилцуулж, тус салбарын давуу тал, боломжуудын талаар онцлон дурдав. Мөн газар тариалангийн салбарт онцгой анхаарал хандуулж буйгаа илэрхийлж, 10 мянган га газрыг тариалангийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгааг мэдээлж, гадаадаас импортлох өвс, тэжээлийн үнийг нэмэгдүүлэхгүйгээр тогтвортой барьж, иргэдэд хүртээмжтэй байлгах бодлого хэрэгжүүлж буйгаа дурдсан юм. Цаашид өвс, тэжээлийг гадаадаас импортлох бус дотооддоо үйлдвэрлэх зорилт тавин, энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаагаа онцоллоо.
Казахстаны төлөөлөгчид малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн хяналтыг зохион байгуулах чиглэлээр харилцан туршлага, санал солилцох, хөдөө аж ахуйн болон мал эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллах, техникийн туслалцаа үзүүлэх боломжийнхоо талаар мэдээлэл өгч, Засаг даргын дурьдсан асуудлуудыг өөрийн улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйн яамандаа мэдэгдэж, хамтран ажиллах санаачилгууд гаргахад бэлэн гэдгээ илэрхийллээ.



