Болгарын Залуучууд, спортын яамны байрны өмнө бөхчүүдийн эсэргүүцлийн цуглаан болж, Болгарын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаарджээ.
Эмэгтэйчүүдийн дэлхийн таван удаагийн аварга, Олимпын хошой мөнгөн медальт С.Златева чөлөөт бөхийн холбооны тэргүүнээр 2025 онд сонгогдсон юм.
Түүнийг огцруулахыг шаардах болсон шалтгаан нь, тэрбээр үндэсний шигшээ баг дахь гадаадын тамирчдын тоог /Болгарын иргэншилтэй байсан ч гэсэн/ хязгаарлах, шигшээ багийн бэлтгэлийг нэгдсэн цугларалтын хүрээнд хийх шаардлага тавьсантай холбоотой ажээ. Харин ЦСКА клубт харьяалагддаг бөхчүүд өөрсдийн дасгалжуулагч Оросын иргэн Сослан Фарниевын удирдлага дор бэлтгэл хийх боломж олгохыг шаардаж, яс үндсээр гадуурхаж буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
“Бидний зорилго тодорхой: Болгарт өссөн тамирчид Болгарын тугийг өргөж, Болгарын бөхийн сургуулийн үзэл санааг тээж явах ёстой” гэж Златева энэ сарын 3-нд болдог үндэсний баяр буюу Османы дарлалаас чөлөөлөгдсөн өдрийн өмнөхөн бичсэн ажээ.
Эсэргүүцлийн цуглаанд оролцогчид “Ялгаварлан гадуурхалд үгүй гэж хэлье”, “Огцор”, “Станка зайл” гэсэн лоозонгууд барьсан байв.
Саяхан Плевен хотын залуу бөх Нурдин Абдулаевт тохиолдсон хэрэг явдал нь эсэргүүцэл дэгдэхэд нөлөөлсөн байна. Өөрийн насны ангилалд олон удаа тэмцээнд түрүүлсэн түүнийг Болгарын иргэний харьяалалгүй гэх шалтгаанаар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулаагүй ажээ.
“Болгарын бөхөд болж буй үйл явдал бол гэмт хэрэг” гэж залуу бөхийн дасгалжуулагч Цоло Божилски хэлсэн байна.



