АНУ, Израилын цэргүүд Иранд цохилт өгсний дараа Индонезын эрх баригчид Газын зурвасыг удирдах зорилгоор байгуулсан Энхийн зөвлөлөөс гарах боломжийг хэлэлцэж байгаа тухай тус улсын Ардын зөвлөлдөх конгрессын (хоёр танхимтай парламент) дарга Ахмад Музани мэдэгдсэн байна.
“Индонезын хувьд Энхийн зөвлөлд оролцох эсвэл түүнээс гарах нь боломжит хувилбарууд бөгөөд энэ талаар Ерөнхийлөгч Прабово Субианто өмнө нь хэдэнтээ ярьж байсан. Бид зөвлөлөөс хэдийд ч гарч болно, гэхдээ дахин хэлэхэд, харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой” хэмээн тэрбээр хэлснийг тус улсын мэдээллийн Antara агентлаг уламжилжээ.
Индонезыг Энхийн зөвлөлд гишүүнээр элсүүлэх шийдвэрийг гаргахдаа тус байгууллагын үйл ажиллагаа Палестины тусгаар тогтнолыг тунхаглах үйл явцыг түргэтгэнэ хэмээн найдаж байсан гэдгийг А.Музани дахин дурджээ. Гэвч АНУ, Израил хамтран Иран руу довтолсон нь энэхүү бүтцийн үүргийг дахин нягтлан дүгнэхэд хүргэсэн байна. “Иран руу хийсэн АНУ, Израилын дайралт нь Энхийн зөвлөл дэх Индонезын оролцоог эргэн харж болохыг тодорхой харууллаа” хэмээн парламентын дарга онцолсон байна.
Өмнө нь Индонезын Гадаад хэргийн сайд Сугионо хэлэхдээ, хэрэв Энхийн зөвлөлийн үйл ажиллагаа Индонезын хүлээлтэд нийцэхгүй бол манай улс тус зөвлөлөөс гарч магадгүй гэж мэдэгджээ.



