Манай улс 2017 оны тавдугаар сард Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд зарим төрлийн татварыг үе шаттай нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Мөн УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэхээр болсон. Өнгөрсөн 2018 онд НДШ-ийг хоёр хувиар нэмсэн. Ажилтан 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 оноос хоёр, хоёр хувиар нэмж, 12 хувьд хүргэсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ тус бүр нэг хувиар нэмлээ. Мөн ирэх 2020 онд тус бүр хоёр хувиар нэмэхээр тусгасан. Ингэснээр 2020 он гэхэд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийн хэмжээг нийтдээ таван хувиар нэмж, 15 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Харин сайн дурын даатгуулагч 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүр өөрийн мэдүүлсэн орлогынхоо 13.5 хувиар тооцож шимтгэл төлөх нь.
Сайн дураар даатгуулагч нь хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний орлогоос хувь тооцож НДШ төлөх боломжтой байдаг.
2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг болж нэмэгдсэн. Тэгэхээр сайн дураар даатгуулагч хамгийн багадаа 43,200 шимтгэл төлөх болж байна.




