“Warner Bros. Discovery” компани “Netflix”-тэй нэгдэж байгаатай холбогдуулан Paramount Skydance компани шүүхэд ханджээ. Тус компани “Warner Bros. Discovery”-гийн захирлуудын зөвлөл дуудлага худалдааны бүхий үйл явцад ил тод байдлыг хангаагүй гэж үзэж байгаа тухай “Los Angeles Times” сонинд мэдээлжээ.
Гүйцэтгэх захирал Дэвид Эллисон мэдэгдсэнээр, “Paramount”-ийн нэгж хувьцаанд ногдох 30 долларын санал нь “Netflix”-ийн 27.75 долларын саналтай харьцуулахад санхүүгийн хувьд илүү ашигтай гэжээ.
“Paramount” компани “Warner Bros. Discovery”-г бүхлээр нь худалдан авах зорилготой байгаа бол “Netflix” компани Warner-ийн кабелийн сувгуудыг авахгүйгээр зөвхөн Warner Bros. кино болон телевизийн студи, HBO болон HBO Max стриминг үйлчилгээг нь сонирхож байгаа юм.
"Warner" компанийн захирлуудын зөвлөл мэдээллийг ил тод өгөх үүргээ зөрчиж, “хөрөнгө оруулагчдад бүрэн дүүрэн, үнэн зөв мэдээлэл өгөөгүй” гэж Делавэр муж улсын шүүхэд гаргасан “Paramount”-ын нэхэмжлэлд дурджээ. Түүнчлэн Warner-ийн захирлуудыг "хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлж, CNN, HGTV, Food Network, TNT зэрэг кабелийн гол сувгуудын санхүүгийн үнэлгээг нууцалсан" гэж буруутгасан байна.
Мөн Warner-ийн захирлууд хэт яаравчилж, 82.7 тэрбум долларын үнийн дүн бүхий хэлцлийг Netflix-тэй хийхийг зөвшөөрсөн гэж үзжээ.
Даваа гарагт хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа Дэвид Эллисон "Warner компани Paramount-той хийх хэлцлээс татгалзах шинэ шалтгаануудыг байнга гаргаж байна" гэж бичжээ. Paramount компани есдүгээр сарын 14-нөөс хойш Warner-д найман санал илгээсэн байна.
Өмнө нь Netflix нь Warner Bros.-ыг худалдан авах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн бөгөөд уг хэлцлийг дуусгахад 12-18 сарын хугацаа шаардлагатай гэж үзэж байжээ.
Эх сурвалж: Кazinform



