Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон, медалийг гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол” хүртлээ. Хөдөлмөрийн баатар Б.Баастын байгаль дэлхийн үзэсгэлэн, эх орон, монгол ахуйн зан заншлын сэдэвтэй туужууд, хүүхдийн зохиолууд нь 20 дугаар зууны Монголын уран зохиолд өндрөөр үнэлэгддэг. Шүлэг, уран зохиолоос гадна тэрээр ард түмний дунд мөнхөрсөн олон сайхан дууны шүлгийг бичсэн юм.
МЗЭ-ийн шагнал /1966/ – “Намрын уянга”, “Дарьсүрэн” туужаараа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ – “Хангайн бор” тэргүүтэй холбоо туужаараа, Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/, Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2006/ цол хүртэж байсан юм.
Ерөнхийлөгчийн зарлигаар:
Хөдөлмөрийн баатар цол - Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын Уран зохиолч Б.Бааст
Ардын жүжигчин цол - МУГЖ, Уртын дууч Д.Түвшинжаргал
Гавьяат багш цол -"Монголын хүүхдийн ордон"-ы дуу хөгжмийн багш С.Ганчимэг
Гавьяат жүжигчин цол - СТА, Маск продакшны жүжигчин М.Баярмагнай
Гавьяат тамирчин цол - Ази тивийн гурван удаагийн аварга, Дэлхийн дѳрвѳн удаагийн хошой аварга, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, Champ фитнесс клубийн тамирчин Г.Угалзцэцэгийг тус тус шагналаа.



